Эдийн засаг - Популизм

Уул уурхайн орлогыг уралдаж сарвайдаг популистууд

2020  |  January  |  026
  • Уул уурхайн салбараас олсон 4 их наяд төгрөгийг иргэдэд тараасан

  • Сонгуулийн дараа валютын ханш огцом чангардаг

2008-2012 он

2008 оны сонгуулийн өмнө­хөн намууд нэг сая төгрөг, 1.5 сая төгрөг иргэдэд өгөхөөр гэнэт амлав. Үүний үр дүнд 2008-2012 он тэр чигтээ бэлэн мөнгөний амлалт биелүүлэхийн төлөөх намуудын өрсөлдөөн болсон түүхтэй. 2008-2012 онд Монгол Улс гурван их наяд орчим төгрөгийг зөвхөн бэлэн мөнгөний амлалт хэрэгжүүлэхийн төлөө иргэдэд тараасан байдаг. Энэ цаг мөч бол Монгол Улсад уул уурхайн орлогыг уралдаж тараах популизмын эхлэл юм. Үүнээс хойш нийтдээ уул уурхайн салбараас олсон 4 их наяд төгрөгийг ямар нэг байдлаар иргэдэд тараагаад байна. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 жилд төлсөн татвараас 2.5 дахин их мөнгө юм. Дээрх мөнгийг хэрхэн тараасныг эргэн сануулъя. 

2009 оны 12 дугаар сарын 30-ны УИХ-ын чуулганаар 2010 онд иргэн бүрд 120 мянган төгрөгийн хишиг, хувийг хоёр хувааж олгох шийдвэ­рийг батлав. Ийнхүү эхний ээлжид 70 мянган төгрөг олгож, цаа­шид иргэнд хүртээх мөнгөн дүнгийн хэмжээг боломж гарсан нөхцөл бүрд нэмэгдүүлж байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Ийнхүү намуудын амлалтын дагуу 2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрд нэг удаа 50 мянга, 70 мянган төгрөг тараав. Ингэснээр махны үнэ гуравхан сарын дотор 7000 төгрөгийг давж, инфляцийг хөөрөгдөж байлаа.

1072 хувьцааг эзэмшүүлснээр “Эрдэнэс Тавантолгой” 800 тэрбум төгрөгийн өртэй үлдсэн

2011 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн бэлэн мөнгөний амлал­­­тын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зо­рил­гоор нэг удаад бөөн мөнгө бус сар бүр 21 мянган төгрөг тарааж эхэл­сэн юм. 21 мянган төгрөг иргэ­­дэд олгосон эхний сард инфляци гурван хувиар өсөв. Эдгээр болон бусад халамжид нийт 849 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь 2010 оныхоос 500 тэрбумаар өссөн үзүүлэлт байв.  

Сү.Батболдын Засгийн газар 2010 оны дөрөвдүгээр сарын 2-ны ээлжит бус хуралдаанаараа 2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1.5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрээр олгохоор шийдвэрлэв. Нэг сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр олгож, 500.000 төгрөгийг 2011, 2012 онд үе шаттайгаар бэлнээр өгөх шийдвэр гаргасан юм. Тус шийд­вэ­рийг биелүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг 2012 онд Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлэв. 

Харин энэ бүх амласан бэлэн мөнгөө тараахын тул уул уурхайн компаниудыг золионд гаргасан юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 оны долдугаар сарын 26-нд “Чалко” компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулав. Нийт 250 сая ам.доллараар “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа өргөтгөж, тоног төхөөрөмж авах байж. Гэвч уг мөнгийг иргэн бүрд 500 мянган төгрөг өгөх хэлбэрээр тараасан. Үүний үр дүнд 800 тэрбум төгрөгийн өр “Эрдэнэс Тавантолгой”-д үлдэж, дараах хэдэн жилүүдэд өрнөөс өндийгөөгүй түүхтэй.  

“Эрдэнэс Тавантолгой”-н өр тавьж авчирсан мөнгө хүрээгүй учир “Эрдэнэт үйлдвэр”-ээс 80 тэрбум төгрөгийн татварын урьдчилгааг авч байж “Эх орны хишиг”-ийг тарааж дууссан байдаг. 2016 оны сон­гуу­лиар байгуулагдсан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ талаар УИХ-ын чуулганд “төсвийн хамаг мөнгийг бэлэн мөнгө болгон тараасан” хэмээн мэдэгдэж байсан билээ.

2012 он буюу УИХ-ын сонгуулийн өмнө тэтгэмжид улсын төсвөөс 911 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2010-2012 онд нийт 2 их наяд орчим төгрөгийг ХХС-гаар дамжуулан тараасан бөгөөд “Оюу толгой, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ээс авсан урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлээд ч хүрээгүй юм. Энэхүү бэлэн мөнгөний тараалт нь төгрөгийн ханшид том дарамт үзүүлсэн байдаг. Тухайн жилүүдэд түүхий эдийн экспорт огцом нэмэг­дэж, дотоодын банкнууд бонд гаргах зэргээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан нь ГВАН өсөх, төгрөгийн ханш тогтвортой байхад чухал нөлөө үзүүлж байсан. 

2012 оны эхэнд нэг ам.доллар 1433 төгрөгтэй тэнцэж байсан бол сонгуулийн өмнөхөн буюу зургадугаар сарын эхэн гэхэд 1316 төгрөг болж 9.2 хувиар сулрав. Энэ хугацаанд Монголбанкнаас 435 сая ам.долларыг зөвхөн дуудлага худалдаагаар банкуудаг нийлүүлсэн. Харин сонгуулийн дараа нөгөөх бэлэн мөнгөний тараалт нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлж, ердөө гуравхан сарын дотор ам.долларын ханш 6.1 хувиар чангарч 1400 төгрөгт хүрч байв. Энэ гурван сарын хугацаанд Монголбанк 289 сая ам.долларын интервенц хийж байжээ. Оны эхний хагаст 435 сая ам.долларын интервенц хийсэнтэй харьцуулахад хоёрдугаар хагаст 521 сая ам.долларыг нийлүүлж байж ам.долларын ханшийг 1400 орчим төгрөгт тогтоож байсан юм.

2016 он 

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн иргэдээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авах байдлаар мөн л бэлэн мөнгө тараав. Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Хувьцаа худалдах ажиллагаа сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнөөс эхэлж хувьцаагаа худалдсан иргэдэд долоо хоногийн эхний өдөр бүр 100 мянган төгрөг өгч байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэрээр иргэдээс 1072 хувьцааны 30 хувийн хувьцаанд нь ногдох 300 мянган төгрөгийг гурав хувааж олгосон. Нийт нэг сая 650 мянган иргэн 1072 хувьцаа эзэмшиж байснаас 650 мянган иргэн хувьцаагаа худалдаж, иргэдийн хувьцааг худалдаж авахад 490 орчим тэрбум төгрөг зарцуулсныг Монголбанкны тайланд дурджээ. 

Тухайн үед Засгийн газарт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө байгаагүй, төсөвт ч суугдаагүй байхад хөтөлбөр болгон баталсан. Засгийн газар 500 тэрбум төгрөгийн бонд гаргасныг эцсийн дүндээ Монголбанк худалдан авсан байдаг. 

Улсын төсөв алдагдалтай, эдийн засгийн хямралтай энэ үед Засгийн газарт мөлжих уул уурхайн орлого байсангүй. Нүүрс, зэсийн үнэ шал­даа буурсан үед “Эрдэнэс Тавантол­гой”, “Эрдэнэт үйлдвэр” гээд томоохон компаниу­дад 2012 он шиг Засгийн газарт илүүчлэх мөнгө байсангүй. Эхний хагас жилд гэхэд нүүрсний экспорт 300 хүрэхгүй сая ам.доллар, “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн экспорт 900 сая ам.доллар байв. 

Аргаа барсан Засгийн газар Credit Suesse банкнаас 10 давсан хувийн хүүтэй зээл авч байхав дээ. “Сайн хувьцаа” хөтөлбөрөөс гадна бусад хэлбэрээр тараасан бэлэн мөнгөний санхүүжилтийг Монголбанк гарга­сан нь одоо ч маргаан дагуулсаар, эцсийн хариуцлага хүлээлгэх эрүүгийн хэрэгт нэр бүхий албан тушаалтнууд татагдаад буй.

2016 онд төгрөгийн ханш хамгийн их суларсан жил байсан. Оны эхэнд нэг ам.доллар 1996 төгрөгтэй тэнцэж байсан бол сонгуулийн үеэр буюу зургадугаар сарын 24-нд 1938.7 болж 2.9 хувиар суларчээ. Ялангуяа хоёрдугаар улиралд чамгүй суларсан шалтгаан нь Монголбанкны интервенцтэй шууд холбоотой байв. Монголбанк эхний хагас жилд 427 сая ам.долларын интервенцээс гадна 2.1  тэрбум гаруй ам.долларыг своп арилжаагаар банкуудад нийлүүлжээ. 

Гэсэн ч сонгуулийн дараагаас валютын ханш огцом чангарав. Ердөө хоёр сарын дотор буюу найм­дугаар сарын 18 гэхэд ам.долларын ханш 16.8 хувиар чангарч, 2265 төгрөг, улмаар оны төгсгөл гэхэд 28.4 хувиар чангарч 2489 төгрөг болж байв. Оны хоёрдугаар хагаст 2.1 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн ч ханш ийн 28 хувиар чангарсан хэрэг. Харин гадаад валю­тын албан нөөц 1.3 тэрбум ам.доллар хэвээр буюу заавал байлгах нөөцийн хэмжээнд тулсан байсан юм. 

2020 он 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр гэнэт л “Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ” гээд мэдэгдэж, Засгийн газарт чиглэл өгснөөр тэр их мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг эрэл хайгуул эрчимжив. Уг нь төрд хураан авсан Салхитын мөнгөний ордын ашгаас санхүүжүүлнэ гэж байсан ч уг орд нь шаардлагатай 800 тэрбум төгрөгийг өгөх эдийн засгийн боломж­гүй гэдэг нь тодорхой болов. 

Нэгэнт ҮАБЗ-ийн шийдвэр гарч, УИХ хууль баталсан учир санхүүжилтэд шаардлагатай 800 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Монгол” компани бонд гаргаж босгохоор болов.  Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр арилжааны банкуудтай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ” байгууллаа. Ингэснээр Хөгжлийн банкны баталгаатай “Эрдэнэс” бондыг арилжааны банкуудад арил­жихад бэлэн болжээ. “Эрдэнэс силвер ресурс” компанийн зүгээс  Салхитын ордтой холбоотой шүүхийн асууд­­лыг цэгцэлж, ордын шинэчилсэн ТЭЗҮ-г хийгээд байгаа бөгөөд татвараа тооцсон дүнгээр 569 тэрбумын цэвэр ашигтай байх урьдчилсан тооцоо гарсан гэдгийг мэдэгдээд байна. Ямартай ч Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компанид тэтгэврийг тэглэх томоохон даалгавар ногдлоо. 2008 оноос хойших түүхэнд “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” улс төрчдийн бэлэн мөнгөний амлалтын золиос болсоор ирсэн бол энэ оноос Хөгжлийн банк болон “Эрдэнэс Монгол” компани хөл нийлүүлэн алхлаа. 

Энэ онд гарсан бас нэгэн томоохон шийдвэр бол дөрвөн жилийн турш хөдлөөгүй 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хүртээх асуудал байв. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэм­шигчдэдээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэв. Энэ шийдвэр гарснаар Монгол Улсын иргэн бүрт байгалийн баял­гаас хувьцаа эзэм­ших хэлбэрээр өгөөж хүртээж байгаа анхны тохиол­­дол болж байна. Уг шийдвэ­рийг ирэх тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Нэгж хувь­цаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг ногдоно. Нийтдээ 200 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана.  

Ийнхүү энэ сонгуулийн жилд ногдол ашиг, тэтгэврийн зээл тэглэх байдлаар нэг их наяд төгрөгийн бэлэн мөнгөний асуудал босож байна. Нөгөө л уул уурхайн компаниуд уг мөнгийг гаргаж байгаа. 2012, 2016 онтой харьцуулахад буурсан дүн биш. 

Сонгуулиас өмнө хэрэгжих дээрх шийдвэрүүдийн нөлөө төгрөгийн ханш, эдийн засагт яавч сайнаар нөлөөлөхгүйг өнгөрсөн түүх тодор­хой харуулсан. Монголбанкны мэдээл­лээр төгрөгийн ханш оны эхнээс хоёрдугаар сарын 28 гэхэд нэг хувиар сулраад байна. Харин энэ хоёр сарын хугацаанд 464 сая ам.долларын интервенц хийжээ. Сонгууль хүртэлх үлдсэн дөрвөн сарын хугацаанд төгрөгийн ханш хаашаа хөдлөх, сонгуулиас хойш ямар “сюрприз” барих нь тодорхой­гүй хэрнээ “тодорхой” байгааг өмнөх түүх харуулж байна. 

Монголын улс төрчид өнгөн дээрээ уул уурхайн салбарыг байнга шүүмжилж, шантаажилж байдаг. Гэвч сонгогчдодоо амладаг бэлэн мөнгөний амлалтуудын эх үүсвэр нь нөгөө л уул уурхайн салбар байгаа нь дэндүү шоглоомтой. 2008, 2012, 2016 он болон 2020 оны сонгуулийн өмнөх эрх баригчдын популист амлалтуу­дын бай нь уул уурхайн салбар байсныг эргэн сануулсан нь энэ.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine