Үйл явдал - Стратегийн орд

Ерөнхий сайд асан М.Энхсайханд 4 жил 6 сарын хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан М.Энхсайхан 4 жил 6 сарын хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хаслаа. Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа удирдан хийсэн УИХ-д өргөн мэдээүлсэн 2015 онд “Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хэлэлцээг хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм. Гэхдээ уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцэж, батлуулахаар УИХ-д өргөн барьсан ч улс төрийн эсэргүүцлийн улмаас буцаан татсан байдаг.

Шүүхээс прокурорын М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцохоор шийдвэрлэсэн байна.

М.Энхсайханыг яллаж буй хуулийн заалтууд нь:

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж;

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

М.Энхсайханы өмгөөлөгчид “Гэрээний төсөл боловсруулсан үйлдлийг гэмт хэрэг гэж тооцох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа. Зарчмын хувьд Тавантолгойн гэрээний төсөл бол улс төрийн бодлогын байр суурь, төрийн бодлого байсан. Төрийн бодлого боловсруулж явсан хүнийг  эрүүгийн хуулиар яллаж байгаа нь буруу зүйл. Тавантолгойн ордыг ашиглах талаар өөр өөр үзэл бодол, өөр өөр байр суурь байж болно. Хэрэв алдаатай байна гэж үзвэл шинэ бодлого дэвшүүлж, бодлогын алдааг засаж явдаг болохоос биш бодлого боловсруулсан хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татаж, ял шийтгэл оногдуулна гэдэг Эрүүгийн хуулийн гэм буруугүйн зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир давж заалдах болно гэж мэдэгдлээ.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine