Эдийн засаг - Ковид-19

Хөл хорионы хямралын эсрэг 793.6 тэрбум төгрөгийн хоёр дахь багцыг батлав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Засгийн газар цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дахь багц арга хэмжээний хөтөлбөр болон Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх, зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. 

Төрийн сангаас хүүхдийн мөнгийг банкууд руу шилжүүлсэн.

Нэгдүгээрт, 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл сар бүр 100 мянган төгрөг олгох бөгөөд нийт 547 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байна. 

Хоёрдугаарт,  Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдэд тараадаг 16 мянган төгрөгийн хүнсний талоныг 32 мянган төгрөг болгож нэмэгдүүлжээ. Мөн хүүхдэд 8000 төгрөг өгдөг байсныг 16 мянган төгрөг болгож байгаа бөгөөд энэ арга хэмжээ тавдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж. Насанд хүрсэн 12200 хүн, 112 мянган хүүхэд үүнд хамрагдах юм байна. 

Гуравдугаарт,  Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 хүнд сар бүр 180 мянган төгрөг авдаг байсан дээр нэмж 100 мянган төгрөгөөр олгохоор болжээ. Энэ арга хэмжээ мөн тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл олгогдоно.

Дөрөвдүгээрт, малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх дөрвөн арга хэмжээнд зориулж 793.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Бид экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Хилээр нүүрс ачсан 500 гаруй машин гардаг болж байна. Алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр арга хэмжээ аваад явж байна. Энэ сарын 24-нд ОУВС-гийн хөтөлбөр албан ёсоор дуусна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 хувьтай гэж дүгнэсэн. Монгол Улс саарал жагсаалтад орсон байгаа. Албан ёсоор “Хар жагсааалтад орсон” гэсэн байр суурь алга. Мэдээллийг нягталж байна. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Малчин өрхүүдэд нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор болсон. 2019 оны эцэст тоолуулсан ямааны тоо болон А дансыг үндэслэнэ. Стандартын дагуу ноолуурын гарцыг тооцож, малчдын дансанд урамшуулалыг шилжүүлнэ.  Ямаа тоолуулсан бүх иргэн хамрагдана. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээнд 120 мянган сайн дурын даатгуулагч, 39 мянган аж ахуйн нэгж хамрагдсан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 100 хувь хамрагдсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгжүүд энэ арга хэмжээнд ялгаагүй хамрагдана. Хүүхдийн дөрөвдүгээр сарын 100 мянган төгрөг өнөөдөртөө багтаад дансанд нь орно.  Бусад тэтгэмж энэ сарын 10 гэхэд эзэндээ очино. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төрийн сангаас хүүхдийн мөнгийг банкууд руу шилжүүлсэн. Өнөөдөр, маргаашдаа бүгд шилжээд дуусчих байх.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Ковид-19”-тэй холбоотойгоор Засгийн газраас төрөл бүрийн шийдвэр гаргана. Шийдвэр хүн болгонд таалагдахгүй байж магадгүй. Бид гаргаж байгаа шийдвэрээ хэрэгжүүлэх болно. Аюулгүй байдлаа хангах ёстой. Засгийн газар байгаа боломжийнхоо хэрээр иргэдийнхээ ахуй амьдралд тусалж байгаа нь энэ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine