Бодлого

Шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70 гаруй хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр БОАЖЯ-д шилжүүлэв. 

Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм. Тодруулбал, Онон балжирын цогцолбор газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг, Давэлийн аралын байгалийн нөөц газарт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалын цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар заажээ. Мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Галуут сумын Хан уулыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт, тус сумын Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах юм байна. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын Хөх нуур-Бумбат орчмын газрыг, Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг өргөтгөлөөр хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Гишүүдийн асуусан асуултад БОАЖЯ-ны хэлтсийн дарга Н.Энхбат “Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд хал багатай явуулахын тулд УИХ-аас өнгөрсөн жил Ашигт малтмалын тухай хуулийн 56.1-д нэмэлт өөрчлөлт  оруулсан. Энэ нь  тусгай зөвшөөрлийг цуцлах заалт. Байгаль орчны талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй бол яамнаас дүгнэлт гаргаад лиценз цуцлах заалтыг Ашигт малтмалын газарт хүргүүлнэ. Байгаль орчинд хохирол учруулсан, нөхөн сэргээлтийн ажлаа хийгээгүй зэрэг гурван үндэслэлээр 27 аж ахуйн нэгжийн 35 лицензийг цуцлуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр суманд  7 аж ахуйн нэгжийн 11 лицензийг цуцалсан. Хоёр сар арга хэмжээ авч ажилласан. Нийт эвдэрсэн газрын 30 хувьд техникийн, 10 хувьд биологийн нөхөн сэргээлт хийгдэнэ. Энэ жил Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхайн компаниудад анхаарал хандуулж ажиллана” гэв. 

Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Ноён ууланд давхацуулж лиценз олгосон асуудлыг шийдвэрлэнэ. Ноён уулыг анх одоогийн хүчин төгөлдөр хуулиар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байхад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл давхардуулан олгосон байгаа. 2014 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн ИТХ энэхүү тусгай хэрэгцээнд өөрчлөлт оруулсан. Аймгийн ИТХ-аас Ноён уулын хилийн заагт өөрчлөлт оруулангуут ашиглалтын өөр эрх үүссэн. Энэ хэргүүд дээр нэмэгдэл хүч өгөөч ээ гээд прокурор, цагдаад албан бичиг явуулсан, ахиц дэвшил гарч байгаа” гэсэн юм. 

Шинээр болон өргөтгөлөөр тусгай хамгаалалтад авах газрууд

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
1. Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
2. Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
4. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
5. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
6. Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
7. Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
8. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
9. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар авчээ.

Тусгай хамгаалалтад авах 22 газар

9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна. 
1.Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
2.Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
3.Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
4.Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
5.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
6.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
7.Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
8.Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар
9.Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
10.Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
11.Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
12.Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
13.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
14.Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
15.Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
16.Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;
17.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
18.Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр
19.Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
20.Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
21.Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
22.Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/08-09

Нүүрсний уналт, алтны галзуурал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine