Ярилцлага - Нүүрс

Зах зээлд өрсөлдөхийн тулд нүүрсээ баяжуулахаас аргагүй болж байна

"Big Mogul Coal & Energy” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Б.Батмөнхтэй ярилцлаа. 

-Танай нүүрсний уурхай Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил нүүрс баяжуулах шинэхэн үйлдвэртэй болсон. Үйлдвэр ажиллаж эхэлсэн үү?

-Манай үйлдвэр одоохондоо ажиллаж эхлээгүй байна. Туршилтын ажлууд хийгдээд дууссан. Ирэх  дөрөвдүгээр сараас үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах төлөвлөгөөтэй явж байна. Бид жилдээ нэг сая тонн нүүрс баяжуулахад гарц нь 690 мянган тонн хавьцаа байхаар төлөвлөсөн. Манай Хөөтийн уурхайн нүүрс баяжигдах чадвар сайтай, чанар сайтай, завсарын насжилттай нүүрсний ангилалд ордог. Илчлэг нь дунджаар 5200  калори байдаг. Баяжигдаад ирэхээр илчлэг нь өснө. Үнслэгийн хэмжээ бууна. Хүхрийн хэмжээ экспортод гарч байгаа нүүрсэнд чухал үзүүлэлт. Харин манай нүүрс хүхрийн агуулга өндөр биш. Баяжуулалтын явцад хүхрийн агуулга бууж байгаа нь нотлогдсон. Бид экспортын зах зээлд чанартай, чанарын үзүүлэлтүүд нь хэлбэлзэл багатай, тогтмол шахуу байдаг бүтээгдэхүүнтэй болно гэж найдаж байна. 

-“Big Mogul Coal & Energy” хэзээнээс нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Жилд хэчнээн тонн нүүрс экспортлох чадалтай вэ? 

Хэрэглэгчдэд нь зориулсан, үзүүлэлтүүдэд нь тааруулсан нүүрсийг австралиуд блэндингээр хийж чаддаг

-Миний хувьд нүүрсний салбарт үндсэндээ 16 жил ажиллаж байна. Хөөтийн хонхорт  хайгуул судалгааны ажлыг арав шахам жил  хийж, ордыг бэлдсэн. Манай ордын байршил дэд бүтцээсээ жаахан зайтай.  Чойроос 100 километр шахуу зайтай байдаг. Нүүрсээ 2006 оноос бага хэмжээгээр гаргаж байсан. Зах зээлийн нөхцөл байдал, логистикийн асуудлаас хамаараад их, бага хэмжээгээр гаргана. Заримдаа бүр зогсдог. Тиймээс бид логистикийн хүндрэл, зардлыг даах өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэй болъё гэж зорьсон. Ингээд жилдээ нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 2019 оны намар барьж дуусгасан. 

-Нойтон аргаар нүүрс баяжуулахад хэд хэдэн технологи ашигладаг юм билээ. Танай үйлдвэрийн технологи аль нь вэ? 

-Бид технологийн сонголт хийх гэж нэлээд удсан л даа. Хэд хэдэн туршилтын үр дүнд  бид нойтон баяжуулалт, тунаах аргыг сонгосон. 

-Усны асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөж байна? 

-Манай ил уурхайн карьер өөрөө устай. Үйлдвэртээ зориулаад 2017 оноос эхлэн шинэ ил уурхай нээсэн. Үүнд жил хагасын хугацаа зарцуулсан. Бид одоо шинэ уурхайгаасаа олборлосон нүүрсээ баяжуулах юм. Уурхайн олборлолтын явцад хөрсний завсарын ус гарч байгаа. Тэрийг бид аваад цэвэршүүлээд хэрэглэх тооцоотой байна. Ер нь манай үйлдвэр усны хэрэглээ багатай. Ашигт малтмалыг олборлон баяжуулах усны норм стандарт  байдаг. Энэ стандартыг манай үйлдвэр хангаж байна. Усныхаа 70-80 хувийг карьераас шүүрч байгаа уснаас хэрэглэнэ гэсэн үг. Мэдээж нөөц бол бүрдүүлнэ. Гүний худаг гаргана. Усаа шинжлүүлж үзсэн. Ундны ус бол биш. Технологийн чиглэлээр хэрэглэх ус гэдэг нь батлагдсан. Тэгж хамаагүй ярьдаггүй юм билээ. Ундны ус бол хатуу нууцлалтай болчихсон. Усны ай савуудыг шинжлээд ундны ус, технологийн ус гэж ялгадаг. 

-Уурхай, баяжуулах үйлдвэрийнхээ эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ?  

-Эрчим хүчээ 29 километрийн зайтай Баянжаргалан сумаас өндөр хүчдэлийн шугамаар татах гэж байна. Ойролцоогоор ирэх гуравдугаар сарын дундуур шугамаа татаад дуусчих байх. Энэ жилийн бас нэг том ажил. Манайх уурхай дээрээ цахилгаантай боловч одоо байгаа хүчин чадал хүрэхгүй. Тэгээд бид ийм гэнэтийн зардалтай болчихоод байна. 

-Нүүрс баяжуулах үйлдвэр хэдий хэр хөрөнгө оруулалтаар боссон бэ?

-Зөвхөн үйлдвэрийн өөрийнх нь тоног төхөөрөмж 3.5 тэрбум төгрөг болсон. Барилга байгууламж бусад зүйлтэйгээ нийлээд 5.5 тэрбум очим төгрөг болоод байна. Одоо цахилгааны шугам татахад нэг тэрбум төгрөг болно. Ингээд баяжуулах үйлдвэр байгуулахад 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орохоор байна. 

-Хөрөнгө оруулалт Монголынх уу? 

-Тийм. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай. Миний хувьд өмнө нь АНУ-ын хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллаж байсан. Тэгээд уул уурхай болон бусад салбарын төслүүд дээр хөрөнгө оруулалт хийдэг хувийн хөрөнгө оруулалтай сантай. Энэ сангийнхаа үйл ажиллагааг 2017 оноос нэлээд идэвхитэй болгосон. Өмнө нь  2003-2018 онд “Шарын гол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Ерөнхийдөө 2018 оны хавраас хувийн бизнестээ голлон анхаарч байна. Манай хөрөнгө оруулалтын санд хэд хэдэн уул уурхайн төсөл бий. Хөгжүүлээд л явж байна. Тэдний нэг бол Хөөт болон Хөөтийн хонхорын нүүрсний төсөл юм. 

-БНХАУ-ын Засгийн газраас хоцрогдсон технологитой баяжуулах үйлдвэрүүдээ хаасан. Тэдгээр хаагдсан үйлдвэрүүдийн технологийг манайхан хямдаар оруулж ирдэг гэсэн яриа байдаг юм билээ. Танай үйлдвэрийн технологи хуучин уу, шинэ үү? 

-Манай техник, тоног төхөөрөмж цоо шинэ. Нэлээн сүүлийн үеийн сайн технологи. Сүүлийн жилүүдэд нүүрс баяжуулах технологи байгаль орчинд ээлтэй, бүтээмж сайтай, ус бага хэрэглэдэг болж байна. Хамгийн чухал зүйл нь ус, экологи хоёр байх шиг байна. Хятадууд сүүлийн жилүүдэд нүүрс баяжуулах, блэндингийн /холих/ аргыг сайн хийдэг болсон. Миний бодлоор энэ тал дээр Австрали сайн. Олон төрлийн нүүрсийг холиод сайн чанарын нүүрс гаргадаг. Гангийн үйлдвэрт бол тухайн үйлдвэрт тааруулсан онцлог коксуудыг хийж өгдөг юм билээ. 

Нүүрсний хэрэглэгчдэд нь зориулсан, шаардлагыг нь хангасан үзүүлэлтүүдэд нь тааруулсан нүүрсийг австралиуд блэндингээр хийж чаддаг. Жишээ нь, хэрэглэгчид таван үзүүлэлт бичээд ийм л нүүрс авмаар байна гээд өгөхөд яг тэр үзүүлэлттэй нүүрсийг нь гаргаж өгөөд байх шиг байна. Харин манай улс байгаа нүүрсээ л тэр чигээр гаргаж байгаа шүү дээ. 

-Та дээр 2006 оноос эхлээд нүүрсээ их, бага хэмжээгээр экспортод гаргасан гэж хэллээ. Өнөөдрийг хүртэл хэчнээн тонн нүүрс экспортлоод байна?

-Хэдий олон жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлсэн ч экспортын хэмжээ тийм их биш ээ. Зах зээл, нүүрсний үнэ гээд олон зүйлээс хамаарч экспортын хэмжээ харилцан адилгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 300 мянган орчим тонн нүүрс экспортлоод байна. 

-Өнгөрсөн жилийн тухайд?

-Өнгөрсөн хоёр жил бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлсэн. Ойрхон зайтай хоёр уурхайтай. Жижиг нь ажиллаж байна. Томыг нь 2017 оны намар нээсэн. Мэдээж уурхай нээгээд шууд олборлоод экспортлоод эхлэхгүй. Гурван жилийн цаадахыг тооцоолж уурхайн амаа томоор нээнэ. Их хэмжээний зардал гарсан. Бага хэмжээний нүүрс экспортод гаргаад үзчихсэн. Үндсэндээ гаргах бүх нүүрсээ баяжуулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. 

-Экспортын нүүрсээ баяжуулах, өрсөлдөх чадвартай болгоход хувийн компаниуд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Цаашдаа бодлогын хувьд юун дээр анхаарах ёстой гэж та боддог вэ? 

-Манай экспортын гол хэсэг өмнийн говийн бүсэд тэр чигээрээ байна шүү дээ. Маш олон уурхай байна. Манай компаниуд уурхайгаа түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа нь зөв зүйл гэж боддог. Мэдээж зах зээлд өрсөлдөхийн тулд нүүрсээ баяжуулахаас аргагүй болж байна. Хилийн цаана Өвөрмонголын Баяннуурт 5-6 баяжуулах үйлдвэр барьчихсан сууж байна шүү дээ. Тэд манайхаас нүүрс аваад угаана гэсэн тооцоотой байгаа. Магадгүй бид сайн хэлэлцээ хийж чадвал тэдний үйлдвэрүүдийг нүүрсээр нь хангаж ашгаас нь хувь хүртэж болно. 

Ер нь нүүрс ийм үнэтэй байгаагүй юм. Нүүрсний үнийн 30 жилийн динамикийг харвал олон жил маш хямдхан байсан. 25-30 ам.доллар л байлаа. Тэгээд 2008-2009 онд огцом өсөж 180 ам доллар хүрсэн. Буцаад унасан. Энэ бол хиймэл өсөлт байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Одоо дунджаар 70 ам.доллар байна. Үүнийг зах зээлийн хэвийн үнэ гэж ойлгох хэрэгтэй. 2018-2019 онд үнэ буурах таамаг байсан боловч бас л гайгүй өнгөрсөн. Одоо савлагаа битгий гараасай гэсэн хүлээлттэй сууж байна.  

Уул уурхайн бизнесийг урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй болдог. Наад тал нь 10-20 жилийн хугацааг харах шаардлагатай. Гол нь бүтээгдэхүүний үнэ дундаж түвшиндөө байвал уул уурхайн бизнес тогтвортой явж болно. Үнэ хэт өсөхөөр буруу парадоксууд гарч ирдэг. Өсөлт гэдэг нь буцаад уналт үүснэ гэсэн үг. Бидэнд аль болох үнийн болон улс төрийн тогтвортой байдал чухал.  

-Манай улс төр, эрх зүйн орчин тогтворгүй шүү дээ. Энэ байдал та бүхний ажилд хэр нөлөөлж байна вэ? 

-Улс төрийн нэг “моод” гарчихлаа шүү дээ. Уул уурхайг үндсэн сэдвээ болгоод “нүддэг”. Хоол олж өгч байгаа гол хүн рүүгээ дайрч байгаа л асуудал. Уул уурхай гэхээрээ газар ухдаг, баян тарган, идэж уудаг гэдэг ойлголтыг улстөрчид өөрсдөө нийгэмд бий болгодог. Гэтэл уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн зовлон их. Маш их хайгуул хийнэ. Эрсдэл үүрнэ. Дараа нь олборлолтынхоо төлөвлөгөөг гаргана. Тэгээд олборлолтоо эхлүүлнэ. Ингээд харахаар хамгийн жижиг төсөл гэхэд 5-10 жилийн хугацаа шаарддаг. Тэгээд үйл ажиллагаа нь дөнгөж эхлэх гээд амьсгаа аваад явж байтал улс төр орж ирээд асуудлыг дэврээдэг. Ард иргэдийн санаа бодлыг уул уурхайн эсрэг турхирдаг болсон. Энэ бол буруу. 

Өнгөрсөн жил бид түүхэндээ байхгүй нүүрсний экспортын орлого оллоо. Энэ улсын төсөв ямар хэмжээнд хүрч байна. Мөнгө олдог салбаргүй бол бусад салбараа хэрхэн тэжээх билээ. Уул уурхайн салбар бусад салбараа услаад явж байгааг тэд мэдээж мэдэж байгаа. Мөнгө олж, цалинг нь тавьдаг салбарынхаа эсрэг олон нийтийг турхираад байх нь л буруу байгаа юм. Аль болох энэ салбарыг тайван ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна. 

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдлүүлэх хэрэгтэй гээд л яриад байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг гол салбараа “нүдээд” байгаа нь хөрөнгө оруулагчдад хэрхэн буух бол. Үүн дээр таны бодол ямар байдаг вэ?

-Бид хөрөнгө оруулагчдаа айлгаж болохгүй. Өнөөдрийн уул уурхайн үйлд­вэр­лэлийн  өсөлтийн ихэнх
 хувьд нь гадаадын хөрөнгө оруулагч­дын оролцоо байсан шүү. Харамсал­тай нь сүүлийн үед бүгд гараад дууслаа. Орон зайд нь хятадууд орж ирсэн. Монголоор дүүрэн Хятадын хөрөнгө оруулагчид байна шүү дээ. Үүнийг бодох л хэрэгтэй байгаа юм. Гэтэл манай улстөрчдийн ганц хийж чадсан ажил нь лиценз цуцлах байсан. Иргэдийн санаа бодлыг өөр тийш нь хандуулах тал дээр мэргэшиж байна. Мөнгө олдог салбарынхаа эсрэг турхирч чадаж байна. Унтаад сэрэхэд нь нэг сэдэв шидээд өгчихдөг. Цахим орчин бүгдийг нь оосорлож байгаад чирж байна шүү дээ. Дөрлүүлж байгаа л хэрэг. Нийгмийн нэг үзэгдэл байх л гэж найдахаас. 

-Ер нь уул уурхайн салбарынхан олны өмнө гараад нэг их яриад байдаггүй. Ямар нэгэн асуудалд орох вий гэж айдаг уу? 

-Манайхан бол чимээгүй байх сайхан гэдэг ойлголттой. Нэг нь ярилцлага өгөөд хэвлэлээр гарахаар “Муу идэж уусан луйварчин” гээд л дайрахаар хэцүү болчихож байгаа юм. Ажилтайгаа орооцолдоод л явж байгаа хүмүүс шүү дээ. Ийм хүмүүст зав ч гардаггүй.  Өнөөдрийн манай уул уурхайн салбарыг нэг хүний үгээр тодорхойлоход болно. Дэлхийн томоохон компанийн захирал “Та компанийнхаа амжилтаас яриач. Яаж амжилттай том компани болгож чадав аа” гэж асуухад “Би амжилтын тухай огт бодоогүй. Яаж дампуурчихгүй байх вэ гэж зүтгэсэн. Тэгээд л өнөөдрийн түвшинд хүрсэн” гэж хариулсан байсан. 

Манай уул уурхайн салбар яг ийм байгаа. Яаж дампуурчихгүй байх уу гээд л үзээд байна. Ихэнх нь тэгтлээ их орлого олоод, хуримтлал үүсгээд, банкинд аваачиж хадгалаад байгаа юм байхгүй. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа хүнд банкинд хадгаламж байхгүй шүү дээ. Тэрийг бол баттай хэлнэ. Өнөөдрийн манай уул уурхайн салбараас цөөхөн хэдэн компанийг эс тооцвол хуримтлал цуглуулах бодитой боломж байхгүй. Яаж дампуурчихгүй байх вэ гэдэг өдөр тутмын тэмцэл дунд амьдарч байна. Тэрнийхээ хүчээр зарим нь сайн явж байна. 

Томоохон компанийн ард том зээл байдаг. Өр зээл, хөрөнгөө харьцуулахаар хасахтай явж байгаа компани олон байгаа. Энэ бол бодит байдал. Ер нь бизнесмэнүүд ганцхан зүйл л хүсдэг шүү дээ. Бидэнд төрийн дэмжлэг энэ тэр хэрэггүй. Зүгээр л тайван ажлыг минь хийлгээч гэж хүсдэг. Тогтвортой нэг орчноороо л байх хэрэгтэй байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine