Компани

Топ 40 компанийн орлого 51 хувиар өсөв

Өнгөрсөн онд уул уурхайн салбарын зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч топ 40 компанийн орлого 51 хувиар өсөж, 683 тэрбум ам.доллар болжээ. Мөн хувьцаа эзэмшигчиддээ олгосон ногдол ашгийн хэмжээ 43 тэрбум ам.доллар болж, рекорд тогтоосон байна. 2013 онд ногдол ашгийн хэмжээ 41 тэрбум ам.доллар болж байсан нь өмнөх дээд амжилт юм.

Түүхий эдүүдийн үнийн өсөлт компаниудын орлого, ногдол ашиг өсөхөд голлон нөлөөлсөн. Гэхдээ ашигт малтмалын салбарт ажиллаж буй компаниудад эрсдэл байсаар байгааг “Эрнст энд Янг” компани зургадугаар сард гаргасан тайланд дурдсан байна. Тус компанийн шинжээчдийн таамагласнаар энэ онд компаниудын гүйцэтгэл болон орлого тогтвортой байхаар байгаа ч нүүрс, зэсийн үнэ буурах хандлагатай байгаа нь сөргөөр нөлөөлнө хэмээн үзжээ.

“Уул уурхайн салбар нь оролцогч талуудын өсөн нэмэгдэж байгаа, өөрчлөгдөж буй хүлээлтэд дасан зохицох боломж олгоно. Тогтвортой, үр ашигтай ажиллах технологийг ашиглан оролцогч талуудын байнгын үнэ цэнийг бий болгох сахилга баттай стратегийг бий болгох замаар уул уурхайн бүх ашиг хүртэгчдэд илүү өндөр боломжийг бий болгож чадна” хэмээн PwC Africa Energy Utilities & Resources-н Тэргүүн Michal Kotzé онцолсон байна. Гэхдээ санхүүгийн хүчтэй байдал, ногдол ашгийн өсөлт зэрэг ололт амжилтыг нь үл харгалзан хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарын эсрэг сөрөг сурталчилгаа, зарим бүтээгдэхүүний тааламжгүй ирээдүй, оролцогч талуудын хүлээлтийг удирдах чадвар зэрэгт санаа зовж байгааг ч сануулжээ.

Топ 40 компанийн өнгөрсөн оны зарим үзүүлэлтийг харвал, 15.5 тэрбум ам.долларын зээлээ төлж барагдуулсан бол 15 тэрбум ам.долларыг хувьцаагаа буцаан худалдан авахад зарцуулсан байна. Хувьцаагаа буцаан худалдан авах үнийн дүнгийн 70 хувь нь зөвхөн “Рио Тинто”, “Би Эйч Пи Биллитон” компанид хамаарч байгаа аж. Мөн капиталын хөрөнгө оруулалт нь өмнөх оноосоо 13 хувиар өсөж, 57 тэрбум ам.доллар болжээ. Үүний талыг нь одоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж төслүүд бүрдүүлж байна. Мөн 30 тэрбум ам.доллар нь зөвхөн зэс, алтны салбарын төслүүдийн хөрөнгө оруулалт аж. Түүнчлэн худалдах, худалдан авах, нэгдэн нийлэх хэлцлийн хэмжээ 30 тэрбум ам.доллар болсон байна.

Харин топ 40 компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны эцэс гэхэд жилийн 18 хувиар буурч, 757 тэрбум ам.доллар болж байжээ. Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сарын сүүл гэхэд 849 тэрбум ам.доллар болж эргэн өссөн байна.

Бүх оролцогч талуудад тогтвортой үнэ цэнийг бий болгох, технологийн дэвшлийг хангалттай ашиглаж чадах, геополитикийн эрсдэлийг даван туулах стратегитай байх зэрэг уул уурхайн компаниуд, тэр дундаа топ 40 компанийн өмнө тулгарч байгаа нийтлэг бэрхшээл байсаар байна.

Топ 40 компани нийт 25 улсад үйл ажиллагаа явуулдаг. Нийт орлого нь 51 тэрбум ам.доллараар өсөж, 683 тэрбум ам.доллар болсон. Орлого өсөхөд түүхий эдийн үнэ голлон нөлөөлсөн бол бүтээгдэхүүн үйлдвэрлэл хоёр хувиар л өссөн байна. Нийт орлогын 72 хувийг нь нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт гэсэн ашигт малтмал бүрдүүлж байгаагаас топ 40 компани ямар төрлийн ашигт малтмалын бизнесийг түлхүү эрхэлдэг нь тодорхой харагдана. Үүнээс нүүрс, зэсийн орлого тус бүрдээ 23 хувийг бүрдүүлж байна. Ялангуяа энд онцлох нэг зүйл нь Freeport-McMoRan, Antofagasta, Jiangxi, First Quantum, KGHM зэрэг зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэлийн хэмжээ чамгүй өссөн байна.

Тэргүүлэх компаниудын орлогын өсөлт бууралтаас уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалт, ногдол ашгийн хэмжээ ихээхэн хамаардаг. “Эрнст энд Янг” компанийн таамаглаж буйгаар энэ онд орлого тогтвортой хадгалагдах бол хөрөнгийн зардлын хэмжээ өсөж, ногдол ашиг буурч магадгүй байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine