Ярилцлага - Нүүрс

Нүүрсэнд тавьж байгаа Хятадын шаардлага улам чангарч байна

2019  |  December   |  025

Саусгоби Сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай ярилцлаа. 

-Танай компани өнгөрсөн жилээс эхлээд нүүрсээ нойтон аргаар угааж, баяжуулаад өмнөд хөрш рүү экспортлодог болсон. Үйлдвэрийнхээ технологийн талаар ярихгүй юу?

-Манай үйлдвэр тунаах техно­логи ашигладаг. Ус бага хэрэглэдэг. “Энержи Ресурс”, “МАК” компанийн угаах үйлдвэртэй харьцуулахад технологи нь арай өөр. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн усаа буцааж цэвэрлээд хэрэглэдэг технологитой үйлдвэрийг бид 2018 оны есдүгээр сард  ашиглалтад оруулсан. Үйлдвэр маань 2019 онд бүрэн ажиллаж, нийтдээ 800 мянган тонн баяжуулсан нүүрсийг экспортод гаргасан. 2020 онд 800-900 мянган тонн баяжуулсан нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай Нарийнсухайтын ордын нүүрс яг цэвэр коксжих нүүрс биш. Тавантолгой ордтой харьцуулахад чанарын хувьд арай өөр. Нэг тонн нүүрс олборлоход 55 хувь нь Хятадын талаас тавьсан шаардлагыг хангадаггүй. Ийм нүүрсээ бид баяжуулж, өртөг шингээж гаргах зорилгоор Нарийнсухайтын уурхай дээр баяжуулах үйлдвэр байгуулсан юм. 

-Баяжуулах үйлдвэрийн нүүрсний гарц хэдэн хувьтай вэ? 

Ганцхан нүүрсний уурхай ажиллуулахад Монгол Улсын 110 гаруй төрийн байгууллагаас 102 зөвшөөрөл авдаг

-Манайх чулуу, шороог баяжуу­лаад чанартай нүүрс болгоод гаргаж байна гэсэн үг. Үндсэндээ 75 хувийн гарцтай. Тодруулбал, үнэгүй хаягдлаа үнэтэй болгож байгаа учраас 50 хувийн гарцтай байсан ч ашигтай гэсэн үг. WP гэдэг ангилалд багтдаг чанарын шаардлага хангадаггүй нүүрсээ баяжуулаад B ангилалын нүүрс болгоод гаргаж байна. Энэ жилээс бид технологийн судалгаа хийж байгаа. Хятадын ус бага хэрэглэдэг, гарц нь ахиу технологиудыг судалж байна. Олон технологи байдаг юм билээ. Хятадын патент чанаржаад ирэхээр өндөр үнэтэй технологиор нүүрс баяжуулах шаардлагууд гарч байгаа. Гэхдээ ойрын хоёр жилдээ одоогийн технологиороо явъя гэсэн тооцоотой байна. Магадгүй ирэх жилээс илүү гарцаа сайжруулах ажлыг хийх байх. 

-Танайх бас хуурай аргаар нүүрсээ баяжуулдаг. Энэ арга хэр үр дүнтэй байгаа вэ?  

-Манай компани хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг 2010 онд анх байгуулж байсан юм билээ. Хуурай аргаар нүүрс баяжуулах нь маш их зардалтай. Цахилгаан үүсгэхийн тулд дизель ашигладаг. Тэр үед БНХАУ-ын Засгийн газраас нүүрсний чанар дээр тавигдах таван төрлийн шаардлага нэхдэггүй байсан. Одоогоос арван жилийн өмнө байгуулсан үйлдвэр шаардлага хангахгүй байгаа. Технологи нь өөр болчихоод байна. Тус үйлдвэр дээр Хятадын зөвлөх компаниуд ирж судалгаа хийж байна. Ирэх жилээс энэ үйлдвэрийн технологийг сайжруулан ашигла­хаар төлөвлөж байна. Дүгнэлт нь ирэх зургадугаар сараас гарна. 

-БНХАУ-ын нүүрсэнд тавих шаардлага улам чангарч байгаа. Одоо танай гаргаж байгаа нүүрс тэр шаардлагад нь хэрхэн нийцэж байгаа вэ? 

-Баяжуулах үйлдвэр байгуулс­наар цаашид сул коксжих нүүрсээ экспортод гаргах үндсэн суурь болж өгч байгаа юм. Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг “МАК”, “Өсөх зоос” болон манай компани бүгд угаах үйлдвэр барьсан. Манайх үйлдвэрээ ажил­луу­лаад жил гаруй болж байна. Энэ хугацаанд БНХАУ-ын худалдан авагчдын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн гарч байгаад бид баяртай байгаа. Нөгөө талаараа үнэ хүрэхгүй бүтээгдэхүүнээ үнэтэй болгож байна гэсэн үг шүү дээ. Ялгаа нь энэ л байгаа юм. 

Ер нь БНХАУ-ын нүүрсэн дээр тавьж байгаа шаардлага нэлээд өндөрсөж байгаа нь үнэн. Ялангуяа 2025 он гэхэд түүхий нүүрсэнд тавигдах шаардлага улам чангарахаар байна. Жишээлбэл, нүүрсийг битүүмжлэлгүй задгай ачаад шууд урд хил дээр буулгадаг байсан бол өнгөрсөн жилээс Шивээхүрэн-Сэхэ боомт дээр битүү том ангаар агуулахууд баригдсан. Заавал битүүжлэлтэй бүтээгдэхүүн агуулахад хадгалах зэрэг арга хэмжээнүүдийг маш эрчимтэйгээр авч хэрэгжүүлж байгаа. Зүгээр л ухаад ачаад гаргадаг цаг үе өнгөрөөд байна. 

Хятадын зах зээл дээр байр сууриа хадгалж үлдэх шаардлага урган гарч ирж байгаа учраас баяжуулж гаргахаас өөр аргагүй. Дээр нь тээвэрлэлтийн явцад битүүмжлэлтэй машинаар тээвэрлэх шаардлага тавиад эхэлсэн. Өнгөрсөн жилээс эхлээд Ганцмод боомтоор контейнер шиг битүү ачаатай машин гаргаж эхэлсэн. 

- Ер нь говийн бүсэд байгаа баяжуулах үйлдвэрүүдэд усны асуудал томоохон бэрхшээл болдог. Танай компанийн нойтон аргаар баяжуулах үйлдвэр ус бага хэрэглэдэг гэсэн. Усны асуудлаа хэрхэн шийддэг вэ?  

-Говьд зуны улиралд бороо ороход шууд урсаад явчихдаг юм. Тиймээс борооны усыг тусгай агуулах үүсгэж хуримтлуулдаг. Түүнчлэн нүүрс олборлох явцад байнга шүүрлийн ус хэдэн мянган тонноороо гардаг. Тэр усыг соруулж авдаг. Өмнө нь угаах үйлдвэр ашиглалтад ороогүй байхад уурхайнхаа замыг усалдаг байсан. Манай уурхай тэр хавьдаа ганц усны цэвэрлэх байгууламжтай нь шүү дээ. Үүгээрээ усаа цэвэршүүлээд ахуйн хэрэглээндээ хэрэглэдэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил болгон шинжилгээ хийж, Мэргэжлийн хяналтын газраас дээж авч зөвшөөрөл өгдөг. Одоо энэ усаа угаах үйлдвэртээ хэрэглэж байгаа. 

Усны нөөцийг нэмэгдүүлэх тал дээр 2-3 газар агуулах үүсгэсэн. Тэндээ усаа усны машинаар зөөгөөд угаах үйлдвэртээ ашиглаж байна. Бид  “МАК”, “Өсөх зоос”  компанитай хамтраад усны судалгааны баг гаргаад ажиллаж байна. Цаашдаа нэмж угаах үйлдвэр барих, Хятадын нүүрсэн дээр тавьж байгаа шаардлагыг хангах үүднээс нөөц бүрдүүлэх чиглэлээр судалгааны ажил хийж байна. Яагаад гэвэл Шивээхүрэн-Сэхэ боомтын урагшаа Өвөр Монголын Алшаа аймагт “Монгол ус” гэдэг нэртэй нуур үүссэн. Монголоос урсаж очсон, газрын гүнээр явж байгаа ус тэнд очоод нуур болчихоод байгаа юм. Маш том загастай нуур байдаг. Манай хилээс ердөө 15-16 километрийн цаана байдаг. 

Энэ ус яагаад Монголд үлдэж болохгүй гэж. Энэ тал дээр судлаач­дыг уриад судалгаа хийлгэж байгаа. Нуур руу орж байгаа эх булаг гарц нь манай нутаг дээр байгаа учраас тэр. Тиймээс өөрийн газар нутаг дээр нуур үүсгэх боломжийг судалж байгаа юм. Хэрэв энэ төсөл амжилттай болбол манайд нуур үүсээд үлдсэн нь цаашаа гарна гэсэн үг шүү дээ. Байгаль орчиндоо ээлтэй ажил болно. Өвөр монголчууд “Та нар өөрсдөө энэ усаа хуримтлуулж болдоггүй юм уу гэж” хэлдэг. Үүнийг ажил хэрэг болгоход ихээхэн анхаарч ажиллаж байна.

-Уснаас гадна эрчим хүч гэж том асуудал байдаг. Танайх үйлдвэрээ дизель генератороор ажиллуулдаг гэсэн. Зардал их гарна биз? 

-Түлшээр угаах үйлдвэрээ ажиллуулж байна гэсэн үг. Тэгэхээр маш их зардал гарах нь ойлгомжтой. Өнгөрсөн онд бид цахилгааныхаа асуудлыг шийдэх үүднээс Алшаа аймагтай тохироод 35 кВт-ын шугам, дэд станц барихаар ажиллаж байна. Одоогоор шугамаа татчихсан. Гэтэл Алшаа аймгийн Цахилгаан эрчим хүчний газрын дарга нар өөрчлөгдчихсөн. Тиймээс Хятадын Цагаан сарын дараа шийдэгдэх байх. Тэгвэл бид цахилгаанаа авах боломжтой болж байгаа юм. Цахилгааны зардал бараг 60 хувь буурна. Дизель түлш маш өндөр үнэтэй. Улаанбаатараас тээвэрлэнэ. Тэгээд генератороор ажиллуулна гэхээр зардал нь маш өндөр гараад байгаа юм. Одоо цахилгаанаа авчихвал энэ асуудал хөнгөрнө. 

Уг нь Нарийнсухайтын орд дээрээ цахилгаан станц, багадаа сайн чанарын дамжуулах станц байгуулчихвал нүүрсээ ихээр баяжуулах боломж бүрдэнэ. Цахилгаан станцийн асуудлыг Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хоорондоо ярьдаг. Өнөөдрийн байдлаар “МАК” цахилгаан станц барих зөвшөөрлөө авчихсан учраас бид урдуур нь орж болохгүй байгаа юм. Уг нь манайх бас цахилгаан станц барих зөвшөөрөл авсан. Гэхдээ “МАК” түрүүлээд хийсэн учраас хараад л сууж байна даа. Монгол хүмүүс, монгол компаниуд нэгнийхээ урдуур ороод байх нь онцгүй шүү дээ. Хэрэв цахилгаантай болчихвол хийх, сайжруулах зүйл их байна. 

-Өнгөрсөн онд хэдэн тонн нүүрс түүхээр нь гаргасан бэ?

-Өнгөрсөн жил 3.6 сая тонн нүүрс түүхийгээр нь гаргасан. Баяжуулаад 800 мянган тонныг экспортолсон. 2010 оноос олборлолт, экспорт эхэлсэн. Үндсэндээ 10 жил болж байна.

-Түүхий болон баяжуулсан нүүрсээ тонныг нь хэдэн юаниар борлуулж байна вэ? 

-Баяжуулсан нүүрсээ 210 юаниар гаргадаг. Татвар энэ тэрээ төлөөд цэвэр 120-130 юаниар борлуулж байна гэсэн үг. Харин түүхий нүүрсээ дээд тал нь 280 юаниар борлуулдаг. Олборлолтын зардал зэргээ хасаад ашиг нь ойролцоогоор 150-160 юань болж байгаа. 

-Ер нь баяжуулж гаргасан нь ашигтай байна уу, түүхийгээр нь гаргасан нь ашигтай байна уу? 

-Өнөөдрийн байдлаар мэдээж түүхийгээр гаргасан нь ашигтай. Яагаад гэвэл цахилгааны зардал өндөр байна. Гэхдээ бид Хятадын тавьж байгаа шаардлагыг дагахаас өөр аргагүй. Зайлшгүй чанар нь сайн байж зах зээлээ хадгалж үлдэнэ. Хятадын зах зээлийг алдвал монголчууд нүүрсээ хаана зарах юм бэ. Зарах газар олдохгүй. Турк, Солонгос, Япон нүүрс авах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Гэтэл бид тээврийн асуудлаа хариуцаж чадахгүй.  

-Уг нь Монголоос гарч байгаа нүүрс бүгд л баяжуулагдаад гарвал илүү үр дүнтэй, ашигтай биз?

Цаашдаа нэмж угаах үйлдвэр барих, Хятадын нүүрсэн дээр тавьж байгаа шаардлагыг хангах үүднээс судалгаа хийж байна

-Илүү үр дүнтэй л дээ. Гэхдээ Хятадын тал бүх баяжуулсан нүүрсийг авахгүй. Яагаад гэвэл гангийн үйлдвэрт хэрэглэгдэж байгаа цэвэр коксжих нүүрс янз бүрийн төрөл, элементтэй олон нүүрсийг холиод гаргадаг. Жишээлбэл, “МАК”, “Өсөх зоос” болон манайхаас гарч байгаа түүхий нүүрс, Тавантолгойгоос гарч байгаа түүхий нүүрс, дээр нь Хятадаас, Оросоос авсан нүүрснүүдийг бүгдийг нь холиод нэг чанарын цэвэр гангийн нүүрс гаргадаг юм. Манайхан буруугаар ойлгоод байдаг. Хятад руу түүхийгээр нь гаргаад байна. Баяжуулаад гаргавал илүү ашигтай гээд л. 

Баяжуулаад гаргана гэдэг нь миний ойлголтоор чанартай нүүрсээ баяжуулаад гаргах биш л дээ. Хятадад Тавантолгойгоос чанартай нүүрс байгаа шүү дээ. Тэнд том технологиор олон төрлийн нүүрс хольж чанартай болгож байж эцсийн хэрэглэгч дээр очиж байгаа юм. Эцсийн хэрэглэгч дээр очиход 300 ам.доллар болж байна гэж ярьдаг. Австралийн уурхайн амнаас авч байгаа нүүрс Тавантолгойтой яг адилхан 67 ам.доллараар зарагддаг. Гэхдээ Австрали олон төрлийн нүүрс холиод тэрийгээ 300 ам.доллар борлуулж чадаж байна. 

Нүүрс нийлүүлж байгаа асуудлыг ялгаж салгаж ойлгох, зөв мэдээллийг ард түмэнд өгөх, зөв хариултыг өгч байх шаардлага зайлшгүй байна. Иргэд ухаад л гаргаад байна гэдэг ойлголттой байдаг. 

-Тэрнээс гадна нүүрсний компаниудад тавигддаг элдэв төрлийн шаардлага, дарамт шахаа их гардаг байх. Үүнийг хэрхэн даван туулж байна вэ?  

-Нүүрсний экспорт дангаараа Монгол Улсын төсвийн том хэсгийг бүрдүүлж байна шүү дээ. Энэ бодит үнэнийг ард түмэн, улс төрчид зөвөөр ойлгомоор байгаа юм. Түүхийгээр нь гаргалаа гэж улстөржиж болохгүй. Манай байгаль орчны хуулиуд хатуу шүү дээ. Жилийн төлөвлөгөө батлагдахгүй бол тэсэлгээний зөвшөөрөл ч өгөхгүй. Тэсэлгээний зөвшөөрөл өгөхгүй байна гэдэг нь уулын ажил хийгдэхгүй гэсэн үг.  Маш хатуу шаардлагатай. Тэр бүгдийг бид даван туулж энэ ажлыг хийж байна. 

Ганцхан нүүрсний уурхай ажиллуулахад Монгол Улсын 110 гаруй төрийн байгууллагаас 102 зөвшөөрөл авдаг. Тэгээд бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 500 гаруй ажилтан ажиллуулж байна. Нүүрсний үйлдвэрлэлийг төрөөс зөв ойлгуулж, таниулах ажил хэрэгтэй байгаа юм. Миний хувьд хэвлэл мэдээлэлд ойрхон байж асуудлаа ойлгуулахыг хичээдэг. Зөвөөр ойлгох нь байдаг л байх. Буруугаар ойлгох нь байдаг. 

Өнөөдрийг хүртэл Австрали зуун жил нүүрсээ экспортолж байна. Монгол Улс 2008 оноос нүүрсээ экспортолж эхэлсэн. Энэ бага хугацаанд амжилтад хүрнэ гэдэг бол бахархмаар хэрэг. Хятадын энэ том зах зээлийг эзлээд гол нийлүүлэгч нь болж чадсан. Энэ амжилтыг огт ярихгүй юм. Бүгд л зөвөөр хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй. Нүүрсний үнэ 2012 оноос яаж буув. 460 юань хүрч байсан тонн нүүрс 80 юань хүртлээ шалдаа буусан. Өнөөдөр тэгэхгүй гэх баталгаа байхгүй. Энэ боломжит үеийг ашиглах хэрэгтэй.  

-БНХАУ-ын талаас нүүсэндээ хязгаарлалт хийдэг. Бидний хүссэн хэмжээгээр авдаггүй шүү дээ. Хэрэв боомтын хүчин чадал сайжраад гаргах нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлбэл хятадууд авах уу? 

-Монгол Улс 60 сая тонн нүүрс гаргачихвал төрийн албан хаагчдын цалинг хоёр сая төгрөг болгоход асуудал байхгүй. Авъя гэсэн хятад зөндөө байгаа. Гэтэл өнөөдөр манайх гэхэд хилээр таван сая тонноос илүү нүүрс гаргаж чадахгүй байна. Яагаад гэхээр Хятадын талаас Шивээхүрэн-Сэхэ боомтоор энэ жил 13 сая тонн нүүрс гаргана гэдэг квот өгчихөж байгаа юм. Тэгээд оны сүүлээр багасгаж байгаад шууд хаачихсан. Өнгөрсөн жил бид уулын ажлын төлөвлөгөөг таван сая тонноор батлуулж байхад Хятадын талаас 10 сая тонныг авах боломжтой байсан. Гэрээ хийе гэсэн. Хийж чадаагүй. Тиймээс боомтын хүчин чадлыг сайжруулах ёстой. Хятадын боомт зургаан өдөр найман цаг ажилладаг. Үүнийг 10-12 цаг болгочиход л болж байгаа юм.  Яагаад гэхээр манайх хилээ өглөө  09.00 цагт нээж байхад, хятадууд 10 цагт нээж байх жишээтэй. Тэгээд цайны цаг, жимсний цаг гээд алга болчихно. Үндсэндээ зургаан цаг л ажилладаг. 

-Тэгэхээр хятадуудтай тохиролцох шаардлагатай гэсэн үг үү? 

-Монгол Улсын Засгийн газар Хятадын Засгийн газартай тохироод “Танайх боомтоо 24 цаг биш юм аа гэхэд 12 цаг болгочих” гэх хэрэгтэй байна. Монголын тал ч ялгаагүй гааль, байцаан өнгөрүүлэх ажилчдынхаа тоог нэмнэ гэсэн үг. Хэрвээ ингэвэл манай боомтоор 30 сая тонн нүүрс, нөгөө боомтоор 40 гээд 70 сая тонн нүүрс гарчихвал асуудал байхгүй. Нүүрснээс хамаараад манай эдийн засаг өсөж байгаа биз дээ. Би уулзалтуудаар сайд, дарга нарт зөндөө хэлдэг. Боломж бэлээхэн байсаар байхад зээл энэ тэр авах ямар ч шаардлагагүй. 

-Манай Монголын хил, гааль хэрхэн ажилладаг вэ. Хүнд сурталтай л гэж ярих юм билээ? 

-Манай тал зүгээр. Яагаад гэхээр “МАК” манай хоёр нийлээд гаалийн найман гарц барьчихсан юм. Төр засгаар хийлгээгүй. Гарц, зам бүх зүйлээ хийчихсэн. Манай дээр Тавантолгой шиг дараарал үүсэх, техник эвдэрдэг, хоорондоо асуудал үүсдэг асуудал байдаггүй. 2019 онд манай Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэн-Сэхэ боомтоор 12.6 сая тонн нүүрс гарсан. Монгол Улсын нийт нүүрсний экспортын 40 орчим хувь нь манайхаар гарсан гэсэн үг. “МАК”, “Өсөх зоос” манай гурав энэ 12 сая тонн нүүрсийг экспортлоход цаана нь үнэ хүрэхгүй, хаягдал 14 сая тонн нүүрс үлддэг. Тэрийг бид чанаржуулж гаргаж байна.  

-Ашиг орлогынхоо талаар ярих боломжтой юу. 2019 онд хэр ашигтай ажилласан. Улсад хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлсэн бэ? 

-Манай компани одоогийн байдлаар 2010 оноос хойш 380 орчим тэрбум төгрөгийн татвар хураамжийг улсад төлөөд байна. Жилд 45-60 тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг. Ашгийн хувьд үнэгүй нүүрсээ үнэтэй болгож зарж байгаа учраас өмнөх жилийнхээсээ ашиг 8 хувь нэмэгдсэн. 

 



Сэтгэгдэлүүд
  • munkhbat
  • [202.21.108.206]
  • 2020-05-01 15:55

дорлигжавыг прокурор байх үед орлогч нь байсан ялтан санаатай зэвүүн новш доо.

  • Манан
  • [202.21.108.206]
  • 2020-05-01 15:58

sgs n Менежментийг самарсан цагдаа санаагаар ажилаа хийдэг зэвүүн төгцөг байгаа юм

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine