Ярилцлага - Нүүрс

Баяжуулсан нүүрсний гарцыг нэмэгдүүлдэг сайн, шинэ технологи хэрэгтэй

2019  |  December   |  025

Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач М.Базаррагчаатай нүүрсний салбарын баяжуулах үйлдвэрүүдийн талаар ярилцлаа.

-Монгол Улсад ажиллаж байгаа нүүрс баяжуулах үйлдвэрүүдийн бодит байдал ямар байгаа вэ? 

-Олон сая ам.долларын хөрөнгө оруулалттай,  орчин үеийн үйлдвэрийг хүссэн болгон барьж чадахгүй байна. Тиймээс манайхан хямдхан, хуучин технологийг БНХАУ-аас сонгож авчирдаг. Ялангуяа зогссон, хаагдсан үйлдвэрийн хоцрогдсон технологийг оруулж ирж ажил­луулж байна. Эцсийн дүнд нь баяж­ма­лын чанар муу, гарц багатай тул эдийн засгийн хувьд ашиггүй болоод зогсож байгаа жишээ олон бий. Дэлхийд энэ салбартаа тэргүүлдэг Австрали гэхэд 67 баяжуулах үйлдвэртэй. Ихэнх үйлд­вэр нь цагт 1000-2000 тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Дунд­­жаар нийт олборлоод баяжуул­сан нүүрсийнхээ 90 орчим хувийг экс­пор­толж байна. БНХАУ 3.7 тэрбум тонн нүүрс олборлоод бараг 3.2 тэрбум тонныг нь буюу 72 хувийг нь баяжуулдаг. Харин Монголын тухайд 40 сая тонн нүүрс олборло­лоо гэж бодоход хамгийн ихдээ 20 хувийг нь баяжуулж экспортлож байна шүү дээ. Уг нь нүүрсээ сайн техно­ло­­гиор баяжуулбал гарц нь сайжирна. Үүнийг дагаад тээврийн асуудал арай хөнгөрнө. Гол нь бор­луу­лах үнэ нэмэгдэнэ. Бизнес талаасаа харвал компаниу­дын ор­лого өснө. Одоо бол манайхан хамгийн бага зардлаар ухаад л сайн чанартай нүүрсээ түүхийгээр нь гаргаж байна. 

Баяжуулс­­наас илүү түүхий нүүрс нь зарагдаад байгаа учраас үйлдвэрээ зогсоож байгаа тохиолдол их

Ямар ч байсан бид нүүрсээ баяжуулаад сайн, муу туршлагатай болж л байна. Арван жилийн өмнө орон сууцаа барьж чаддаггүй байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө баяжуулах үйлдвэр барьж байна гэдэг том дэвшил.  

-Өнөөдрийн байдлаар манай нүүрс баяжуулж байгаа компаниуд хэр ашигтай ажиллаж байгаа вэ? 

-Нүүрс баяжуулах зардал болоод хөрөнгө оруулалт өндөр учраас баяжуулах үйлдвэр  ажиллуулж байгаа компаниуд ашигтай ажиллаж чадахгүй байна. Тиймээс нэг цонхны зарчимд нэгдээд өрсөлдөх хэрэгтэй гэж судлаач хүний хувьд дүгнэдэг. Тавантолгой дээр байгаа гурван уурхай түүхий нүүрсээ борлуулахын тулд бие биеэсээ өрсөж очоод хямдхан үнэ хятадуудад хэлдэг. Тиймээс нэг цонхны зарчмаар өрсөлдөх хэрэгтэй гээд байгаа юм. Тухайлбал, Монгол Улс “Түүхий нүүрс экспортлохгүй ээ, заавал баяжуулсан нүүрс зарна” гэдэг бодлого тавьчихвал бүгд нэг ижил үнээр нүүрсээ борлуулах боломжтой. Цаашлаад үнслэг багатай сайн чанарын баяжмалыг өндөр үнээр борлуулах боломж бий. 

-Үнслэг багатай, сайн чанартай баяжмалыг өндөр үнээр борлуулах боломжтой гэж байна. Ер нь манай экспортолж байгаа нүүрсний үнслэг, хүхэрлэг чанар ямар байдаг вэ? 

-Үнслэг чанар 10 хувиас бага хувьтай байх ёстой гэдэг шаардлага бий. “Энержи Ресурс” компанийн уурхай дээр дээрх шаардлагыг хангаж чадаагүйгээс борлуулагдахгүй байгаа завсрын бүтээгдэхүүний овоолго үүсчихсэн. Гэхдээ Монголын нүүрсний чанар сайн. 10-аас бага хувийн үнслэгтэй нүүрсийг түүхийгээр нь гаргаж байгаа. Түүнчлэн баяжуулаад наймаас бага хувийн үнслэгтэй нүүрс ч гаргаж байна. Нүүрсний чанар нь үнслэг, хүхэрлэг, коксжих чадвараар яригдана.

Хамгийн гол нь бидэнд нүүрсийг чанартай баяжуулдаг шинэ, сайн технологи хэрэгтэй байгаа юм. Япон, Солонгос бага үнслэгтэй нүүрс авах сонир­­хол­­той байдаг. Бид тэдний сонирхолд нийцүүлж, нүүрсээ супер баяжуу­лаад 100 ам.доллараар борлуулах боломж бий. Яагаад болохгүй гэж. Энэ чинь л гол гаргалгаа, зангилаа болчихоод байна. Хятад болон Энэтхэгт нүүрсийг заавал баяжуу­лах шаардлага тавьдаг болсон. Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газар агаарын бохирдолтой холбоо­тойгоор эрчим хүчний зорилгоор ашиглах нүүрсийг заавал баяжуулах шаардлага тавьж эхэлсэн. Хуучин баяжуулах үйлдвэрт технологийн шинэчлэлт хийх, шинэ үйлдвэрийн төслийг БНХАУ-ын компаниудтай хамтран хэрэгжүүлж байна. Коксжих нүүрсний баяжмалын гарцыг нэмэг­дүүлэхэд анхаарч, техно­ло­гийн туршилт судалгааг хийгээд эхэлсэн. Харин манай өмнөд хөрш бүх төрлийн баяжуулалтын өндөр хүчин чадал бүхий дэвшилтэт тоног төхөөрөмжийг шинээр болон барууны компаниудаас хуулбарлан үйлдвэрт нэвтрүүлж байна. Мөн хамгийн бага хөрөнгө оруулалттай, ашиглалтын зардал бага, ялангуяа ус, цахилгааны зарцуулалт багатай үйлдвэрийг олноор барьж ашиг­лал­тад оруулан ажилуулж байгаа. Цаашлаад хүлэмжийн хийг бууруу­лах, нүүрс химийн салбарыг онцгой анхааран хөгжүүлж байна шүү дээ. Бид дээрх орнуудын туршлагаас суралцаж, сүүлдэж биш дагаж хөгжих хэрэгтэй байгаа юм. 

-Манайд нүүрс баяжуулахад ямар нэгэн стандарт, шаардлага тавьдаг уу. Хятадууд чанар дээр улам илүү шаардлага тавиад эхэлсэн үед манайх юун дээр илүү их анхаарах ёстой вэ. Нүүрсээ баяжуулж байгаа компаниудад хандаж юу гэж зөвлөмөөр байна? 

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компани болгон өөрсөддөө тохирсон стандартыг санал болгодог. Мөн хил гаалийнхан татвараа тооцож авахын тулд тодорхой стандарт тогтоож байгаа. Манай зарим үйлдвэрийн технологи муу болохоор баяжигдаад гарч байгаа нүүрсийг нь хятадууд голоод авахгүй байна. Гэтэл БНХАУ-ын хилийн дотор талд Хятадын нүүрс баяжуулах үйлдвэрүүд сүүлийн арав гаруй жил Тавантолгой уурхайгаас нүүрс худалдан авч баяжуулан амжилттай ажиллаж байна. “Энержи Ресурс”-ын уурхайн дэргэд баригдсан нүүрс баяжуулах үйлдвэртэй харьцуулахад БНХАУ-ын нүүрс баяжуулах үйлдвэрүүд түүхий нүүрсийг худалдан авч, тээвэрлээд зардал их гаргаж байгаа ч ашигтай сайн ажиллаж байна шүү дээ. Дээрх жишээнээс харахад зах зээлээс болоод “Энержи Ресурс”-ын ил уурхай, баяжуулах үйлдвэр ашиггүй ажиллаж байгаа юм биш баяжмалын гарц нь бага байгаатай холбоотой. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлэгч компаниуд нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн схемийг сонгохын өмнө “Энержи Ресурс”-ын гаргасан алдаанаас суралцаж, алдааг нь давтахгүй байх дээр анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

-Ер нь сүүлийн жилүүдэд манай компаниуд баяжуулах үйлдвэрээ өөрсдөө барьж байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ дотор сайн нь ч байна. Муу нь ч байна. Өнгөрсөн онд гэхэд шинээр ашиглалтад орсон хэдэн нүүрс баяжуулах үйлдвэр байгаа бэ?  

-Ирэх жилүүдэд хэд хэдэн үйлдвэр баригдахаар төлөвлөгдөж байна. Өнгөрсөн жил “МАК” компанийн нэг сая тонн хуурай аргаар нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон. Тус компани ирэх жил нэмж үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. “Их говийн элч” компанийн  нойтон аргаар баяжуулах үйлдвэр Тавантолгой ордыг түшиглэж баригдсан. Мөн “Big Mogul Coal & Energy” компанийн нойтон аргаар баяжуулах үйлдвэр баригдсан байна. Эдгээр үйлдвэр ер нь сайн, боломжийн технологитой. Үүнээс гадна ажиллахгүй зогсож байгаа үйлдвэр нэлээд их болчихлоо. Зарим нь цахилгаангүй, усгүй болоод хаалгаа барьсан. Ус их ашиглалаа гээд орон нутаг нь блоклоод хаачихаж байна. Баяжуулс­­наас илүү түүхий нүүрс нь зарагдаад байгаа учраас үйлдвэрээ зогсоож байгаа тохиолдол ихэвчлэн бий. 

-Уурхайгаас нүүрс аваад баяжуулж экспортолдог хэчнээн компани байдаг вэ? 

-“Страто”, “Ёл Повер”, “Их говын элч” зэрэг компанийг нэрлэж болно. 

-Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа гэдгээр нүүрсний салбар маш чухал ач холбогдолтой. Энэ салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн баяжуулах үйлдвэрүүдийг дэмжих чиглэлд цаашид юу хийх хэрэгтэй вэ? 

-Төрийн компаниуд ашигтай бизнес рүү орж ирчихээд хувийн компаниудынхаа бизнесийг булаагаад зах зээлд хаалт болж шударга өрсөлдөөн байхгүй болж байна. Тэгээд хил гаалиараа давуу эрхтэй яваад байгаа учраас “Энержи Ресурс” зэрэг хувийн компаниуд  араас нь яваад байгаа юм. Ингэж хувийн компаниудаа унагах ёсгүй. Үнэндээ Монголын хил гааль дээр нүүрсний экспортын хамгийн том саад хориг, хүнд суртал байдаг. 

Төрийн томчууд, гаалийн ажилчид өөрсдөө нүүрсний машинаа явуулдаг болчихсон. Эрх мэдлээр дамжаад бүх бизнес рүү ороод байгаа болохоор мэдээлэл нь ил биш. Энэ асуудлыг үнэнээр нь яриад хага цохихгүй бол болохгүй байна шүү дээ. Орон нутгийнхан гэхэд замыг нь хааж хэвтчихээд 50 сая төгрөг авч байж хөдөлдөг байх жишээтэй. Орон нутагт баяжуулах үйлдвэр баръя гэхээр “Надад ямар ашигтай юм. Хэдэн төгрөг өгөх юм гэдэг” зарчмаар явдаг. Хятад ком­па­ниуд мөнгө өгөөд манайх­ныг худалдаж аваад бүр сургачихсан. Яг зоригоороо явж байгаа монгол­чуудаа дэмждэггүй. Ажлыг нь хийл­­­гэх­гүй зогсоож байгаа “Аспайр Майнинг”-ын жишээ байна шүү дээ. Нөгөөдүүл нь ил тод хэлж чаддаггүй. Ийм л байдалтай байна. Нүүрсний уурхай зогсоход улсад орж ирэх татвар байхгүй болно. Амралтын олон өдөр хил гааль нь амардаг. Үүнийг компаниуд нээлт­тэй сайхан ярихгүй байна. Улс нь бүр л хүндрэл учруулж байгаагаа ч мэдэхгүй их хэмжээний татвар авна гээд мөрөөдөөд сууж байна шүү дээ.  

Ер нь Монголын нүүрсний олборлолт, экспорт, баяжлуулалтын хэмжээ урт хугацаандаа нэмэгдэнэ. Нүүрсний хөтөлбөр, бодлого гаргаад хэрэгжүүлмээр байна. Ялангуяа баяжуулах үйлдвэрээ уурхайд барихыг нь зөвшөөрөөд заавал хуурай эсвэл нойтон аргаар баяжуулсан нүүрс экспортлоно гээд заагаад өгөх хэрэгтэй. Технологи оруулж ирэхэд хил гааль нь татвараа хөнгөлөх, хойшлуулах зэргээр дэмжлэг үзүүлмээр байна. Тэгвэл сайн технологи оруулж ирнэ шүү дээ. 



Сэтгэгдэлүүд
  • Зочин
  • [202.21.96.171]
  • 2020-05-01 14:10

Сайхан ярилцлага болжээ.

  • СҮХБАТ
  • [202.126.89.110]
  • 2020-05-01 23:43

Сайхан ярилцлага байна.

  • Mgl
  • [66.181.161.80]
  • 2020-05-02 01:30

Avilagiin asuudal turiin demjlegees iluu hun surtal bolj bn.

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine