Компани - Стратегийн орд

"Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК-ийн IPO зогслоо

Монгол Улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 27-ны даваа гаригийн ээлжит бус хураллдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. 

Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад "Тавантолгой нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (А.Ариунболд)-т тус тус даалгасугай:

2.1. Олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах;

2.2. Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнийг цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанид эзэмшүүлэх;

2.3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулах;

2.4. Гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар, зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллах." гэжээ.  Энэхүү тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК байгуулагдаж, тус компанийн 30 хүртэлх хувийг олон улсын бирж дээр IPO гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байсан билээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018, 2019 онд ашигтай ажилласны дүнд өөрийн ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл санхүүжүүлэн ажиллаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улстөрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул зөвлөмжийн 2.1 дэх хэсгийг хүчингүй болгохыг хүсэж ЗГХЭГ-аас ҮАБЗ-д 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт илгээсэн ч уг зөвлөмжид өөрчлөлт оруулах үндэслэл шаардлага байхгүй гэж үзэж буйгаа ҮАБЗ-өөс 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр албан тоотоор ирүүлсэн байна. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Үүнээс шалтгаалж төмөр замын ажилд учирч болох хүндрэлийг урьдчилан тооцож, онцгой анхаарч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine