Эдийн засаг

Боломж, сорилт

 2019  |  December   |  025

  • Хятадын коксжих нүүрсний импорт Худалдааны дайнаас хамаарна
  •  Эрчим хүчний салбарын зэсийн эрэлт ирэх 20 жилд хоёр дахин өснө

Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбар дээр тулгуурласан, ойрын 10 жилдээ энэ байдал хадгалагдах нь маргаангүй юм. Машинтай зүйрлэвэл хөтлөгч хоёр дугуй нь нүүрс, зэс гэсэн үг. Тоо баримт ч тодорхой харуулна. Хоёрхон баримт эшлье. Өнгөрсөн оны нэгдсэн төсвийн татварын нийт орлогын 21 хувийг буюу 2.3 их наяд төгрөгийн татварыг нүүрс, зэсийн салбар дангаараа бүрдүүлсэн байна. Тиймээс тус хоёр түүхий эдийн ирэх онуудын эрэлт, нийлүүлэлт ямар байхаас Монголын эдийн засаг ихээхэн хамаарах юм. Харин зах зээлийн нөхцөл хааш эргэхийг тандахын тулд урд хөршийнхөө судсыг чагнах нь чухал. Хятадын зах зээл ойрын жилүүдэд чамгүй олон сорилттой тулгарах болно.

Өнгөрсөн 20 жилийн эрдэс түү­хий эдийн зах зээлийн өсөлт Хятад улстай салшгүй холбоотой. Ирэх 10 жил, магадгүй 20 жил ч мөн л Хята­даас хамаарах нь тодорхой юм. Очир эрдэнэ зэрэг цөөн хэдэн бү­тээг­дэ­хүүнийг эс тооцвол эрдэс түүхий эдийн дэлхийн нийт хэрэглээний талыг нь Хятад улс хэрэглэж байна. 15 жилийн өмнө Хятад улс дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 31 хувь, зэсийн эрэлтийн 23 хувийг бүр­дүүлж байсан бол өнгөрсөн жил уг үзүүлэлтүүд 50 хувь, 49 хувь болж өсөөд байна. Түүхий эдийн хэрэглээний өсөлтийн гол тайлбар нь хотжилт, түүнийг дагасан барил­­га­жилт, дэд бүтцийн бүтээн бай­гуу­лалт юм. Хэдэн арван сая хүн хөдөө­нөөс хот руу шилжиж, түүнийг дагасан олон арван хот шинээр сүндэрлэсэн. 

Жилийн 70 сая тонноос хэтрэхгүй коксжих нүүрс импортлох зах зээлд 100 сая тонноос давсан нийлүүлэлт өрсөлдөх болно

Харин ирэх 10 жилд Хятадын эдийн засаг, тэр дундаа гангийн үйлдвэрлэл, түүхий эдийн зах зээлийг тэтгэх гол цөм нь “Бүс ба зам” санаачилга юм. 2013 оноос эхэлсэн энэхүү аварга төсөл дөрвөн триллион ам.долларын нийт өртөгтэй хэмээн анх яригдаж байсан удаатай. Төслийн хэрэгжилт хангалттай хурдацтай биш байгаа ч огт зогсчихоогүй. Ялангуяа Хятад­тай хиллэдэг, хөгжил тааруу улс орнуудын дэд бүтцийн салбарт нөлөөлөх нөлөөлөл нь маш өндөр уг төсөлд түүхий эд нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн багагүй найдвар тавьж байгаа. Нөгөө талаас уг төсөл эрдэс түүхий эдийн эрэлтийн өсөлтийг хадга­лах гэхээсээ одоогийн эрэлтийг тогтвортой барихад л нөлөөлөх болно хэмээн судалгааны байгуул­лагууд дүгнэж байна. Strategic Dialogue on Sustainable Raw Materials for Europe (STRADE) –аас 2018 он гаргасан “Хятадын түүхий эдийн салбар ба Бүс&Зам санаачилга” тай­ланд “Хятадын түүхий эдийн хэрэглээ ханаж байна. “Бүс ба зам” санаачилга ашигт малтмалын эрэлт 

хэрэгцээг тогтвортой байхад нөлөөл­нө” хэмээн онцолсон байна. Өөрөөр хэлбэл, Хятадын хэрэглээ 2030 он хүртэл огцом хумигдахгүй. Үйлдвэрлэл огцом буурахгүй. Түү­нийг дагаад импорт ч хурдтай агшихгүй гэсэн үг. Ган, нүүрс, зэс гээд түүхий эдийн чиглэлийн томоо­хон судал­гааны компаниуд ч Хятадын эрэлт өснө гэж хэлэхгүй байгаа шигээ огцом буурна гэх таа­маглал дэвшүүлэхээс цааргалж байна. 

Хятадын зах зээлд тулгарч буй нэг том сорилт бол Америк-Хятад хоорондын худалдааны дайн юм. Эхэлсэн цагаасаа хойш түүхий эдийн зах зээлийг савлуулж байгаа нь цаашид хамгийн том эрсдэл гэж үзэхэд хүргэж байна. Худалдааны дайнаас хамаарч Хятадын аж үйлдвэрийн өсөлтөөс эхлээд коксжих нүүрсний импорт, зэсийн хэрэглээ нь өөрчлөгдөх болно. Харин шинэ он гарснаар тэргүүлэх хоёр эдийн засаг тохиролцоо хийж, хэлэлцээрт хүрч байгаа нь нөхцөл байдал эерэгээр өөрчлөгдөх найдлага төрүүлэх болов. Гэхдээ худалдааны дайныг маш том зөрчлийн эхлэл байх вий гэсэн болгоомжлол одоо ч байсаар байна. 

Энэ бүхнийг үл тоолоо гэхэд Хятадын өнөөдрийн хэрэглээ нь хангалттай их учир боломж байсаар байгаа гэдгийг онцлох хэсэг ч байгаа юм. “Би Эйч Пи”, “Рио Тинто” зэрэг гигантуудаас гадна Австрали, Өмнөд Америкийн улсууд үүнд эргэлзэхгүй байна. Сүүлийн хэдэн жилд дэлхий нийтээр Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах, байгаль орчны бохирдол, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого нь гангийн үйлдвэрлэл, түүнд шаардагдах түүхий эдүүдийн эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэж таамаглаж байв. Гэсэн ч бодит гүйцэтгэл дээр эдийн засгийн өсөлт саарч, олон уурхай, үйлдвэрийг зогсоосон ч Хятадын хэрэглээ, үйлдвэрлэл агшаагүйг статистикаас харж болно. Өнгөрсөн онд дэлхийн гангийн эрэлт 3.9 хувиар өсөж 1.77 тэрбум тоннд хүрэхээр байгааг Дэлхийн гангийн холбоо хоёр сарын өмнөх тайландаа дурдсан. Түүний 900 сая тонн нь Хятадад хамаарч байгаа бөгөөд энэ нь агших биш эсрэгээрээ 7.8 хувийн өсөлт юм. 

Энэ нь тус улсад эрдэс баялгийн түүхий эд нийлүүлдэг улсуудад боломж байсаар байгаа гэдгийг тодорхой харуулж буй юм. Гагцхүү тэдний хооронд хэн нь Хятадтай илүү найз вэ гэдгээс хамаарч хэдийг зарах вэ гэдэг өрсөлдөөн давамгайлах бол дагаад үнийн огцом хэлбэлзэлд тэсэж үлдэх өрсөлдөх чадвар ихээхэн нөлөөлөхөөр байна. Учир нь 10 жилийн өмнө Хятадын хэрэглээ хаа хүрэхийг тааварлашгүй байсантай харьцуулахад тус зах зээл хэр том бэ, цаашид хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь илүү ойлгомжтой болж байна. Тухайлбал Блумберг Интеллеженсийн тооцоогоор Хятадын коксжих нүүрсний импортын оргил цэг нь 2019 он бөгөөд үүнээс хойш өсөлт нь зогсож, үл ялиг буурах хандлагатай байгаа аж. Жилийн 70 сая тонноос хэтэрхээргүй коксжих нүүрс импортлох зах зээлд харин 100 сая тонноос давсан нийлүүлэлт өрсөлдөх болно. 

Ган болоод коксжих нүүрсний зах зээлийн хажууд зэсийн зах зээл илүү сонирхолтой. Хятадын барилгын салбарын зэсийн эрэлт цаашид өсөхөөргүй байгаа бол харин дэд бүтцийн салбар, тэр дундаа эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах салбарын зэсийн эрэлт ирэх 20 жилд багадаа хоёр дахин өсөх боломжтой юм. Мөн тээвэр, автомашины салбарын зэсийн эрэлт ч нэмэгдэх болно. Хятадаас гадна Энэтхэгийн зэсийн хэрэглээ нэмэгдэнэ хэмээн үзэж болно. Тус улсын нэг хүнд ногдол зэсийн хэрэглээ 0.4 кг байгаа бол цаашдаа хоёр дахин өсөх тооцоог IEA гаргажээ. 

Коксжих нүүрс, зэсийн экспортоор татвар, экспортын гол орлогоо олж байгаа Монгол Улсын хаалгыг ирэх 10 жилд сорилт, боломж аль аль нь тогших болно. Уул уурхайн компаниуд, тэр дундаа нүүрсний уурхайнууд түүнд хэдийнэ бэлдээд эхэлсэн. Сүүлийн 2-3 жилд гэхэд Монголд нүүрс угаах, баяжуулах 13 үйлдвэр ашиглалтад ороод байгаа нь нүүрсний салбар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байгаагийн жишээ юм.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine