2019 | December | 025
25 жилийн өмнө Монгол Улс жилд 473 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолдог байв. Үүний 291 сая ам.доллар нь Эрдэнэтийн зэс, молибденийн баяжмал бол 50 сая доллар нь ноолуур, 40 сая ам.доллар нь Бор-Өндөрийн жонш, 31 сая доллар нь нэхмэлийн материал, нэхмэл бүтээгдэхүүний экспорт. Ердөө дээрх таван бүлэг бүтээгдэхүүн нийт экспортын 80 хувийг бүрдүүлж байж.
Харин 2019 онд ганцхан төмрийн хүдрийн экспорт гэхэд 576 сая ам.доллар байгаа нь 1995 оны нийт экспортоос даруй 100 сая ам.доллараар их юм. Ийм дүр зураг 10 жил үргэлжилжээ. 2004 он хүртэл жилд ойролцоогоор 400-500 сая ам.долларын экспорт хийдэг, нөгөө л Эрдэнэт, Бор-Өндөрийн уурхайн бүтээгдэхүүн, малын түүхий эд, ноолуураа зарж амьдарч байсан монголчуудад экспортоо огцом нэмэх том боломж олдсон нь Хятадын эдийн засгийн өсөлтийн сүүлийн 15 жил байв. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж, түүнийг даган түүхий эдийн хэрэглээ нь асар ихээр нэмэгдсэн жилүүд.
Харин экспортлох түүхий эдийн нөөц хангалттай байсан уу, шинээр нөөц нээн илрүүлэх, олборлоход шаардагдах хөрөнгө оруулалт татахад хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байсан. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль ашигт малтмалын нөөц нээн илрүүлэх, түүнд хөрөнгө оруулалт татахад чиглэсэн хууль байв. Энэхүү хууль нь Монголын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралд өртөхөд багагүй нөлөө үзүүлсэн. Хятадын ёроолгүй сав мэт эрдэс түүхий эдийн эрэлт хэрэглээг ашиглан экспорт хийж болох юм байна гэдгийг анхлан анзаарсан бизнесмэн бол Б.Нямтайшир болон Д.Бат-Эрдэнэ нар юм. “МАК” болон “Ажнай” корпораци анх Монголоос коксжих нүүрс экспортолж эхэлсэн он нь 2004-2005 он. Тавантолгой, Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордоос анхлан чиргүүлтэй Зил-130 машинаар нүүрс экспортолж эхэлснээс хойш Монголын нүүрсний экспортын салбар 17.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. 1995-2005 оны хооронд ердөө 49 сая ам.долларын нүүрс экспортолж байсан бол 2006-2019 онд 17.3 тэрбум орчим ам.доллар болж, 353 дахин өсжээ. Мөн уг хугацаанд зэсийн баяжмалын экспорт 2.14 тэрбум ам.доллар /1995-2005 онд/ байсан бол 18.2 тэрбум ам.доллар /2006-2019/ болж огцом нэмэгдэв.
Графикаас өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын экспортын орлогыг бүрдүүлж байсан бүтээгдэхүүнүүдийг харж болно. 1995-2019 оны хооронд нийт 67 тэрбум ам.долларын экспортын орлого олсноос 50.6 тэрбум ам.доллар нь ашигт малтмалын бүтээгдэхүүн /алтны экспортыг тооцолгүйгээр/ байна. Үүний 20 тэрбум нь зэсийн баяжмал буюу Эрдэнэт, Оюутолгойн экспорт бол 17.3 тэрбум нь нүүрсний салбарт ногдож байна. 2005 оноос цайр, түүхий нефть, 2007 оноос төмрийн хүдэр экспортолж эхэлсэн бөгөөд дээрх гурван бүтээгдэхүүний экспортын орлого нийлээд 10 тэрбум ам.доллараас даваад байна. Уул уурхайн салбараас өмнө Монголын экспортын гол бүтээгдэхүүн байсан ноолуурын экс-порт 3.6 тэрбум ам.доллар, таван хошуу малын махны экспорт 553 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ бол сүүлийн 25 жилийн баримт.
Монгол Улсын Засгийн газар олон улсад бонд гаргаж, хөрөнгө оруулалт татах эрхтэй болсноос хойш өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 4.3 тэрбум ам.долларын бондыг гадаад зах зээл дээр гаргасан байна. Энэхүү бондын хөрөнгийг дэд бүтэц, аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан гэдэг. Тэгвэл уул уурхайн салбарын олж ирсэн орлого нь үүнээс даруй 12 дахин их байгаа юм. Энэ бол Монгол Улсын уул уурхайн салбарын зөвхөн экспортоор олсон мөнгө бага биш гэдгийг маш тодорхой харуулна. Сүүлийн 25 жилд Монголын эдийн засаг 10 дахин өссөн байдаг. Үүнийг эдийн засагчид: Шилжилтийн үе /1990-1994/, Өөрчлөлт, сэргэлтийн үе /1995-2003/, Уул уурхайд суурилсан өсөлтийн үе /2004 оноос хойш/ хэмээн ангилсан байна. Тоо баримтууд ч энэхүү ангиллыг илүү тодорхой болгоно. Монгол Улсын эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2004-2014 онд 9.1 хувь хүрч байсан бөгөөд үүний гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар байсан.
Уул уурхайн салбарын экспорт ийнхүү огцом нэмэгдсэн нь нэг талаас Хятадын эдийн засгийн өсөлт, нөгөө талаас 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн хоршлын нөлөө ч гэж хэлж болно. Ашигт малтмалын тухай хууль анх 1994 онд батлагдсан ч гурван жилийн дараа шинэчлэн найруулж, илүү либераль болгосон. Үүний үр дүнд Монголд ашигт малтмалын хайуулын тусгай зөвшөөрөл олгох процесс илүү хялбаршиж, хөрөнгө оруулагчдыг даллах болсон. Оюутолгой тэргүүтэй алт, нүүрс, жоншны олон ордыг нээн илрүүлэхэд 1997 оны хууль хамгийн том нөлөөг үзүүлсэн. Тухайн үед жилдээ 6000 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсны хүчинд Монгол Улс газрын хэвлийн баялгаа бага ч атугай судлан мэдэж чадсан. Харин одоо хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн дөрөв хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь маш бага үзүүлэлт.
Хэрэв ирэх 10 жилд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалая, нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж байгаа бол дараагийн Оюу толгой, Таван толгойг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай юм. Гэсэн ч хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хориглосон байхад дахин том орд нээн илрүүлэх магадлал байхгүй. 1000 хайгуулын төслөөс Оюутолгой, үгүй ядаж түүнд дөхөж ганц л орд олддог хэмээн УУҮА-ийн УЗ-ийн дарга А.Билгүүн онцолж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 1100 гаруй хайгуулын тусгай зөвшөөрлийн үр дүнд ганц л том орд болдвол их юм болно гэсэн үг.
Ямар ч түвшний боловсролтой хүн өнгөрсөн 25 жилийн эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, экспортын орлого гээд үндсэн үзүүлэлтүүдээ харвал бүхэлдээ уул уурхайн салбарын нөлөө гэдгийг төвөггүй ойлгоно.
2019 © Asia Mining Magazine