Бодлого - Үзэл бодол

Салхитын тухай төөрөгдөл

2019  |  December  |  025

 
  • Салхитын ордын долоон жилийн ашиг 250.9 тэрбум төгрөг 
  • Бондын төлбөрийг хийхэд “Эрдэнэс Монгол” ХХК-д 30 жил хэрэгтэй

Тэтгэврийн зээлийг тэглэх 800 тэрбум төгрөгийн хаанаас босгох, хэн өгөх тал дээр тодорхойгүй зүйл олон байна. “Эрдэнэс силвер ресурс” компанид эргэн төлөлтийг хариуцуулна гэж анх ҮАБЗ-ийн шийдвэр гарсан ч 800 тэрбум төгрөгийн бондыг толгой компани “Эрдэнэс Монгол” гаргахаар болж хувирчээ. Энэ компани өөрөө жилийн 50 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 20 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг ч, 270 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөртэй (2018 оны байдлаар) компани. Тавантолгой-Гашуунсухайт чиглэл­ийн авто замын хураамжаас өөр орлогогүй ч олон том төсөлтэй уг компанийн санхүүгийн байдлыг харахад 800 тэрбум төгрөгийн бонд босгоход нь итгэл үзүүлж худалдаж авах хөрөнгө оруулагч хэд байх бол. 

Үнэнийг олж мэдэх, бусдад хүргэх гэсэн хүчин чармайлтаар “Эрдэнэс силвер ресурс” компаниас хоёр долоо хоногийн турш мэдээлэл хүсэж, холбоо барьсан ч хариулт авах боломж олдсонгүй. Одоо бидэнд байгаа мэдээллээс үзэхэд “Эрдэнэс силвер ресурс” компани, эсвэл Салхитын мөнгөний орд нь тэтгэврийн зээлийг тэглэх, ахмадуудад ваучер олгоход хангалттай үнэ цэн, баялаг бүтээх чадамжгүй гэдэг нь илэрхий. 

Энэ өрийг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”  төлөх магадлалтай

Өнөөдрийг хүртэл “Эрдэнэс силвер ресурс” бонд босгоход нэмэр болохуйц нэг ч таатай мэдээ цацаа­гүй бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү сэтгүүлчдийн асуултад хариу­лах­даа “Одоогоор ТЭЗҮ-ээ ид боловс­руулж, мэдээллээ шинэчилж байна” гэсэн нь “ямар хэмжээний баялаг бүтээж, хэдэн төгрөгийн ашиг олохыг хэн ч мэдэхгүй байна” гэж шууд ойлгогдоно. Мөн тэрбээр ашиглал­тын тусгай зөвшөөрөл олгосон талбай нь 2800 га болохыг дурдаад “Үйлдвэрлэлийн явцад хайгуулын ажил хийж нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа” гэсэн нь одоогоор тогтоогдсон нөөц нь хангалттай биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөс ялгаагүй юм. 

Одоогоор ил болсон Салхитын ордын ТЭЗҮ-д тусгаснаар жилд 300 мянган тонн хүдэр олборлож, ордыг долоон жил ашиглана гэжээ. Үүнээс нийт 109 мянга орчим тонн хүдэр баяжуулж, нэг тонн баяжмалаас гурван сая төгрөгийн ашиг олохоор тооцжээ. Өөрөөр хэлбэл, Салхитын ордын долоон жил хуримтлуулсан бүх ашгаас ямар ч татвар, шимтгэл төлөлгүй бүгдийг нь өгөхөд тэтгэв­рийн зээлийн 40 хувийг төлж хүрнэ. Хэрэв татварыг хасаж тооцвол 30 хувь болж буурна. 

Манай “удирдагчдын” байгалийн баялгийн үнэлгээг тогтоодог гаж “мэдлэг” нь энэ өдрүүдэд дахин сэдрэв. Тэд олон нийтэд асар их мөнгөтэй гэж худлаа ярихдаа ордын нөөцийг зах зээлийн үнээр үржүүлж, ашгийг нь тооцдог гаж зуршилтай. 2015 онд “Эрдэнэс Тавантолгой”-н 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцийг 50 ам.доллараар үржүүлээд 325 тэрбум ам.долларын үнэтэй компанийг “Шинхуа”, “Сумитомо”, “Энержи Ресурс” нарт өгөх гээд байна хэмээн нийгэмд худал мэдээлэл цацаж байсан удаатай. Энэ болхи тооцоолол тэтгэврийн зээл, Салхитын орд дээр дахин ашиглагдаж байна. Салхитын ордын 808 тонн мөнгөний нөөцийг зах зээлийн үнэ 17 унц/ам.доллараар үржүүлж, 1.1 тонн алтыг нь 1600 унц/ам.доллараар үржүүлээд нийлбэр нь 2.3 их наяд төгрөг гэж УИХ-ын дарга ярьж байв. Яг энэ гаж мэдлэгээр нь тооцвол Салхитын ордын мөнгө нь 484.5 сая ам.доллар буюу 1.3 их наяд төгрөг, алт нь 61.3 сая ам.доллар буюу нийтдээ 550 сая ам.доллар хүрэхгүй гэсэн үг. Ам.долларын өнөөгийн ханшаар илэрхийлвэл Салхитын ордын нийт нөөц нь 1.5 их ная төгрөгийн үнэтэй болно. 

Ямар ч байсан Салхитын ордын гаргах зардлыг тооцолгүй бодоход борлуулалтын орлого нь нэг их наяд төгрөг хүрэхгүй гэдэг нь мэргэжлийн компанийн хийсэн ТЭЗҮ-ээр тодорхой болж, УУХҮЯ-ны дэргэдэх Монгол Улсын Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөл хүлээн авчээ. Харин мөнгөний нөөц нь 670 тонн, алтны нөөц нь 877 кг болж буурчээ. Алтны үнийг тооцохдоо ч өнөөдөр олон улсын геополитикийн нөлөөгөөр ихээхэн өссөнийг санаж, энэ нь хэр удаан үргэлжлэхийг таамаглах шаардлагатай.  Хоёр жилийн өмнө унц алт ердөө 1200 ам.доллар байлаа. 

П.Ганхүү хэрэв “ТЭЗҮ-ээ шинэчилж байна” гэж хэлэхдээ “Topazia Consulting Services” компанийн хийж гүйцэтгэсэн ““Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн “Салхит” мөнгө-алтны ордыг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ-ийн тодотгол, 2019” гэсэн дээрх материалын тухай ярьсан бол бид энэ жил хэт өндөр зардалтайгаар Цагаан сар тэмдэглэх нь ээ. Гэвч, эдийн засаг үргэлж тэнцвэр рүү тэмүүлж байдаг учир үүнийхээ төл­бө­рийг монголчууд нэгэнтээ эргүүлж өгөх нь гарцаагүй. Өгсөөр ч ирсэн. 

“Эрдэнэс Монгол” бонд босгож чадлаа гэхэд эхний долоон жилд нь Салхитын орлогоо тавьж туугаад үлдсэн 600 орчим тэрбум төгрөгийг нь өнөөгийн орлогоороо 30 жил төлж барна. Хэдийгээр стратегийн том төслүүдийг удирддаг ч “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшдэггүй компани. Гэсэн ч энэ өрийг дээрх хоёр компаниар төлүүлэх магадлалтай. 2011 онд Засгийн газар иргэн бүрт 21 мянган төгрөг тараах гэж Хүний хөгжлийн санд төвлөрсөн мөнгийг “гөвж” дуусгаад, дутсан мөнгөө “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-н ирээдүйн орлогыг урьдчилан авч нөхсөн байдаг. Энэ бол олон нийтийн хэлж заншсанаар “Чалкогийн өр” буюу Тавантолгойн коксжих нүүрсээр долоон жил төлж байж дуусгасан түүхтэй.  

Үе үе, ялангуяа сонгуулийн өмнө улстөрчид, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд өнгөрсөн дөрвөн жилийн худал хуурмаг, хулгай бүх­нээ далдалж мартуулахын тулд ард түмэнд таалагдах бэлэн мөнгө тараах арга бодож олдог зуршил энэ жил ч давтагдаж байна. 2008 онд хүүхдийн мөнгө, 2012 онд эх орны хишиг, 2016 онд сайн хувьцаа, 2020 онд тэтгэврийн зээл тэглэх гээд энэ бүх мөнгө тараах популизм нь ганцхан бүгдийн үзэн яддаг уул уурхайн салбарын орлого дээр тог­тож байгаа нь дэндүү хяслантай.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine