Бодлого - Стратегийн орд

Хоёр толгойн 20 тэрбум доллар

2019  |  December   |  025

  • Тавантолгой IPO: Монголын хувьд алдахаасаа хожих зүйл нь илүү
  • Оюу толгой төсөл зогсохгүй, цаашид шинэ дүрмээр үргэлжилнэ

Уул уурхай, геологи хайгуулын салбарт өнөөдрийн Засгийн газар магадгүй Богд хаанаас хойш хамгийн хатуу бодлого баримталж буй. Монголд бараг 100 жил хөгжихдөө энэ салбар өнөөгийнх шиг ийм балархай, тодорхой бус нөхцөл байдалд өмнө нь орж байгаагүй болов уу. Хөрөнгө оруулалт татна, хөгжинө гэх атлаа хамгийн том зүтгүүр уул уурхайн салбараа хамгийн ихээр боорлож байгаа нь энэ Засгийн газар. Хувьчилж зарснаа хурааж авна, хурааж авснаа хуваагаад өгнө гээд урьд өмнөх жилүүдийн популизм хажууд нь хүүхдийн санаа гэмээр хийрхэл уул уурхайн салбарт давалгаалж байна. 

Дүрмийг дахин тохиролцож дуусахад хоёр тал аль аль нь сэтгэл хангалуун үлдэх нь чухал

Монголчууд энэ бодлого нь байгаль орчны сүйрлээс зайлсхийх “аврал” байх уу, амьдралыг нь 10 жилээр хойш татах “сүйрэл” болох уу гэдгийг үнэний дэнсээр жинлэлгүйгээр алга ташна. Харин хөрөнгө оруулагчид хэдийнэ арав дахь сагс нь ч байхаа больсон Монголыг үл анзааран дэлхий дээрх аль их олз омгийн төлөө хошуурцгааж байгаа. Ийм цаг үед Монголд үлдсэн цөөн бизнес глобал ертөнцийн анхааралд өртөхийг аль чадахаараа хичээж байгаа. Тэднээс хамгийн их найдвар төрүүлж байгаа нь ирэх арван жилд хамтдаа 20 тэрбум ам.доллар оруулж ирэх хоёр толгой юм. Хоёр толгой хэр байхаас Монголын уул уурхай, бизнесийн салбарын ойрын 10 жилийн өнгө тодрох нь гарцаагүй. 

“Эрдэнэс Тавантолгой майнинг”

Олон жилийн турш итгэл найдварын бамбар болж ирсэнтэй­гээ харьцуулахад шийдэл, шийдвэр нь хүлээлтэд нийцээгүй. 2018 онд бүү хэл 2019 онд ч амжаагүй IPO энэ онд амжилттай болж нэг тэрбум ам.доллар босгож чадвал хөрөнгө оруулагчдад “Монголоос” гэж хаягласан чухал зурвас болох нь гарцаагүй. “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэх шинэ компани Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэнээр төрийн өмчит компаниудаас засаглал, үйл ажил­лагааны хувьд ахисан шатанд гарч таарна. Монголын хувьд алдах зүйлээсээ хожих зүйл нь хамаагүй илүү байх болно. 

Харин хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой байх уу, ашигтай байх уу гэдэг хоёр асуулт л чухал. Тэдний сонирхлыг татах гол тоо нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нүүрсний экспорт жил ирэх тусам өсөж буй явдал. 2019 онд 16.1 сая тонн нүүрс олборлоод байгаа нь өмнөх онтой харьцуулахад таван сая тонноор өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл нүүрсний импортыг бодлогоор зохицуулж өсөлтийг нь бага хэмжээнд барьж байдаг Хятадын зах зээлд бараг 50 хувийн өсөлт үзүүлсэн гэдэг нь хөрөнгө оруулагчдад таалагдах нь гарцаагүй. 2019 онд тус компани нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш цэвэр ашиг нь анх удаа нэг их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ эрчээ ирэх 10 жилд барина гэж тооцвол 2030 он хүртэл 10 тэрбум ам.долларын борлуулалтын орлогыг Монголд оруулж ирэх боломж нөөцтэй компани.

Хамгийн чухал нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил энэ онд багтаж дуусна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдсэн. Энэ төмөр зам ашиглалтад орсноор экспортын зардал үлэмж буурч, Тавантолгойн нүүрс үнийн хувьд өрсөлдөх чадвартай болж компанийн ашиг өсөх хүлээлттэй. Хөрөнгө оруулагчид үүнийг л хүсэж байгаа. 

Оюу толгойн “шинэ гэрээ”

Ирэх 10 жилд багадаа 10 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж чадах компани бол “Оюу толгой”. Тус компанийн санхүүгийн тайлангаас үзэхэд баяжмал экспортолж эхэлснээс хойш таван жилд буюу 2013-2018 оны хооронд 6.7 тэрбум ам.долла­рын борлуулалтын орлого олжээ. 2018 онд л гэхэд жилийн орлого нь 1.2 тэрбум ам доллар байсан. 

Уул уурхайн, хайгуулын салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт юүлж байсан цаг саяхан мэт. Үндэс суурь нь Оюу толгойн ашиглалт байсан гэдэгтэй маргах нэгэн байхгүй. Хөрөнгө оруулагчид хэдийнэ Монголоос зугтсан энэ үед үлдсэн хэд нь ч Оюу толгой зогсчихоогүй байгаа тул итгэл үнэмшлээ алдчихаагүй байна гэлцдэг. 

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол нь нэг талаар парламентаас хүссэн “зөв” шийдвэр, нөгөө талаас Оюу толгой төсөл зогсохгүй, цаашид шинэ дүрмээр үргэлжилнэ гэж бүгд ойлгосон. Дүрмийг дахин тохиролцож дуусахад хоёр тал аль аль нь сэтгэл хангалуун үлдэх нь чухал. Товчхондоо энэхүү шинэ гэрээ нь цаашид Монгол Улс дотоодын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц ашигт малтмалын нөөцийг хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах тохиолдолд баримтлах гол зарчмыг шинэчлэн тогтоож өгөх юм. 

УИХ-ын тогтоол гарч, Оюу толгойн Гэрээг өөрчлөх шийдвэрт хүртэл Монгол Улс ашиглаж байгаа стратегийн орд тус бүрт өөр өөр стратеги баримталсан. Гэтэл нийтээрээ ам сайтай байгаа нэг ч стратегийн орд үгүй. “Пионер” бө­­гөөд хан­галт­тай хугацаанд туршигдсанаараа Оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьсон энэ хэлэлцээр араасаа сайн үр дагавар авчрахыг л хаа хаанаа хүсэж байгаа. Хүсэл биелбэл өнөөдрийг хүртэл алдаж,  “хар гэрээр” ч хэд хэдээрээ орж гарч туршлагажсан улс дахин алдаж, адлуулахыг хүсэхгүй нь тодорхой. Шинэ дүрэм тодорхой болсны дараагаар л хөрөнгө оруулагчид Монгол руу нисэх тийзээ захиалах эсэхээ шийдэх учир Засгийн газар асуудалд хариуцлагатай хандахын зэрэгцээ алгуурлаж үл болно.

Хоёр толгойг тойрсон чухал үйл явдал 2020 онд тохиосноор Монголын уул уурхайн хөгжилд эргэлт хийгдсэн жил хэмээн бичигдэж үлдэх магадлал өндөр байна. Хоёр боломжоо бүрэн гүйцэд ашиглаж, араас нь хөврөх хөрөнгийн урсгалыг их, бага хэмээлгүй тосож авах нь чухал. 

Эдгээр компанийн олборлож борлуулсан байгалийн баялгаас гадна бүтээж босгосон дэд бүтэц нь араасаа мөнгө тарих эдийн засгийн чухал ач холбогдолтой билээ. Тухайлбал, Оюу толгойн эрчим хүчний шугам болон Эрдэнэс Таван толгойн хөрөнгө оруулалтаар барьж буй төмөр замын олон талт үр ашгийг уул уурхайн салбараар зогсохгүй нийт эдийн засаг хүртэх нь ойлгомжтой юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine