Түүхий эд

WTI газрын тос түүхэнд анх удаа 0 ам.доллараас хямд борлуулагдав

Коронавирусийн хөл хориотой холбоотойгоор эрэлт үгүй болж хадгалах сав дүүрснээс АНУ-д түүхий газрын тосны ханш түүхэнд анх удаагаа сөрөг утга заалаа. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчид худалдан авагчдадаа мөнгө төлж нийлүүлэлт хийсэн гэсэн үг. WTI газрын тосны үнэ даваа гарагийн арилжаагаар баррель тутам нь -40.32 ам.доллар хүртэл унасан байна. 

Үнийн уналт АНУ-ын газрын тосны салбарт ноцтой хохирол учруулж буй тул Ерөнхийлөгч Трамп худалдааны зориулалттай хадгалах савуудад багтахгүй байгаа илүүдэл тосыг нөөцлөх зорилгоор нэгдсэн улсын стратегийн түлшний нөөц гэгчийг байгуулах төлөвлөгөөг дахин танилцуулжээ. Энэхүү саналыг Цагаан ордон хэдэн долоо хоногийн өмнө Конгресст танилцуулсан боловч дэмжигдээгүй юм. 

“Бид үндэстнийхээ газрын тосны стратегийн нөөцийг бүрдүүлэх бөгөөд 75 сая хүртэлх баррелийг нөөцлөхөөр гарц эрэлхийлж байна. Энэхүү нөөцийг худалдан авах зөвшөөрлийг бид хүсэж байгаа, яадаг ч байсан бид нөөцөө бүрдүүлнэ” хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 

Коронавирусийн тархалтыг зогсоохын тулд хэдэн тэрбум хүн хөл хорионд орж, аж үйлдвэрүүд түр зогсоод байсан үед үнийн дайны улмаас үйлдвэрлэлийн илүүдэл бий болсон нь ийм үр дүн дагуулж байна. Энэ нөхцөл байдал нь АНУ-ын занарын тос боловсруулагчдыг алдагдал хүлээж, дампуурах эрсдэлд оруулж байна. 

Өнгөрсөн долоо хоногт ОПЕК болон түүний түнш орнууд өдөр тутмын гарцаа тавдугаар сард 10 сая баррелиаар бууруулах хэлэлцээрт хүрсэн боловч энэ нь хангалтгүй гэж “ClipperData”-ийн шинжээч Мэтт Смит үзэж байна. 

“Энэ бол түүхэн цаг үе гэдэг нь ойлгомжтой бөгөөд үндсэндээ, гуравдугаар сараас хойш үнийн чиг хандлагыг тодорхой зураглах боломжгүй болж, нийлүүлэлтийн илүүдэл бий болох нь тодорхой байхад зах зээлийн тоглогчид үл тоомсорлосон” гэж Rystad Energy-ийн газрын тосны зах зээлийн шинжээч Луйзе Диксон өгүүлжээ. 

Нэг талаас, үнийн хэлбэлзэл тавдугаар сарын нийлүүлэлтийн гэрээг байгуулах хугацаа дуусаж буйтай холбоотой болох нь зургадугаар сарын нийлүүлэлтийн фьючерс 20 ам.доллараас дээш тогтож байгаагаас тодорхой байна. Үүнээс гадна үнэ огцом унаж сөрөг дүнд хүрсний дараагаар эрэлт нийлүүлэлтийн зөрүү ойртож WTI газрын тосны ханш эргээд эерэг болж ирсэн юм. Гэсэн ч, хангалтгүй хэвээр буюу баррел нь хоёр ам.доллар хүрэхгүй байна. Харин олон улсын зах зээл дээр Брент газрын тосны ханш 25.79 ам.доллар дээр тогтож байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine