Эдийн засаг

Олборлох салбарын борлуулалт 1.6 их наяд төгрөгөөр буурав

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эрдэс баялагийн салбарын 2020 оны эхний улирлын статистис мэдээллийг гаргажээ. 

2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 8.0 сая тонн нүүрс, 307.8 мянган тонн зэсийн баяжмал, 2,411.6 кг алт, 1,450.9 тонн молибдений баяжмал, 26.7 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 4.3 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 895.7 мянган тонн төмрийн хүдэр, 668.4 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 19.9 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 1,104 кг буюу 84.4 хувь, молибдений баяжмал 128.9 тонн буюу 9.8 хувь, хайлуур жоншны баяжмал гурван мянган тонн буюу 3.3 дахин өссөн дүнтэй гарчээ. Харин нүүрс 4.9 сая тонн буюу 38 хувь, зэсийн баяжмал 47.4 мянган тонн буюу 13.3 хувь, төмрийн хүдэр 348.3 мянган тонн буюу 28 хувь, төмрийн хүдрийн баяжмал 86.3 мянган тонн буюу 11.4 хувь, хайлуур жоншны хүдэр 0.5 мянган тонн буюу хоёр хувь, цайрын баяжмал дөрвөн мянган тонн буюу 16.8 хувиар тус тус буурсан байна.

Хүнд үйлдвэрийн салбарыг онцолбол, 2020 оны эхний улирлын гүйцэтгэлээр 172.9 мянган тонн нүүрсэн шахмал түлш, 2.4 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ.  

Уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн орлого 859.1 тэрбум төгрөг  буюу 29.8 хувиар буурав

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 778.3 (19.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл хоёр их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 859.1 (29.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 600.7 (46%) тэрбум төгрөг, газрын тос олборлолт 167.6 (70.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 91.8 (7%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна. Харин бусад ашигт малтмал олборлолт нэг (4%) тэрбум төгрөгөөр өсжээ.   

Тэгвэл аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний улирлын гүйцэтгэлээр гурван их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 (35%) их наяд төгрөгөөр буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 (48.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 883.9 (66.9%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 518.9 (30.4%) тэрбум төгрөг, газрын тос олборлолт 183 (79.0%) тэрбум төгрөг, бусад ашигт малтмалын олборлолт 1.2 (3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.

Гадаад худалдаа 860.1 сая ам.доллараар буурчээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний улирлын байдлаар 2.2 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.1 хувиар буюу 860.1 сая ам.доллараар буурсан байна. 

Чулуун нүүрсний экспорт: Оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 252.4 сая ам.долларын 3.1 сая тонн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 389.3 сая ам.доллар буюу 60.7 хувиар, тоо хэмжээгээр 4.6 сая тонн буюу 59.6 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний 3 сарын байдлаар 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 83.0 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 80.9 ам.доллар болж буурсан байна. 

Зэсийн баяжмалын экспорт: 306.6 мянган тонн, үнийн дүнгээр 351.2 сая ам.долларын зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 54.8 мянган тонн буюу 15.2 хувиар, 152.6 сая ам.доллар буюу 30.3 хувиар буурсан байна. 2019 оны эхний 3 сарын байдлаар зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 1,393.9 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед1,145.5 ам.доллар болж 248.4 ам.доллар буюу 17.8 хувиар буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт: 2.1 сая тонн буюу 141.1 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 9.9 мянган тонн буюу 0.5 хувиар буурч, үнийн дүнгээр 34.5 сая ам.доллар буюу 32.4 хувиар өссөн байна. 1 тонн төмрийн хүдрийн дундаж үнэ 2019 оны эхний 3 сарын байдлаар 51.4 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 68.4 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 17.0 ам.доллар буюу 33.1 хувиар өссөн байна.

Хайлуур жоншны экспорт: 35.3 сая ам.доллар буюу 137.1 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 26.5 мянган тонноор өссөн ч, үнийн дүнгээр 5.3 сая ам.доллараар буурсан нь экспортын дундаж үнэ 109.4 ам.доллараар буурсантай холбоотой. Хайлуур жоншийг 71.5 хувийг БНХАУ руу, 27.5 хувийг ОХУ руу, БНСУ, Узбекстан улс руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт: 36.9 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 7.1 мянган тонн буюу 16.1 хувиар, үнийн дүнгээр 48.3 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 14.3 сая ам.доллар буюу 22.8 хувиар тус тус буурсан байна. 2020 оны эхний 3 сарын байдлаар цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,309.7 ам.доллараар экспортолсон бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 114.9 ам.доллараар буюу 8.1 хувиар буурсан байна.

Молибдений баяжмалын экспорт:  11.2 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 748.0 мянган ам.доллар буюу 6.3 хувиар буурсан ч, тоо хэмжээгээр 1.5 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 151.9 тонн буюу 10.9 хувиар өссөн байна. 2020 оны эхний 3 сарын байдлаар молибдений баяжмалын 1 тоннын экспортын хилийн дундаж үнэ 7,212.0 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1,320.7 ам.доллар буюу 15.5 хувиар буурчээ. 

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт: 80.4 сая ам.долларын 1.6 тонн алт экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 115.6 сая ам.доллар буюу 59.0 хувиар, тоо хэмжээгээр 3.1 тонн буюу 66.6 хувиар тус тус буурсан байна. Алтны экспортын дундаж үнэ 2020 оны эхний 3 сарын байдлаар 51,652.1 ам.доллар болж өссөн байна.

Коксын экспорт: 70.0 мянган ам.долларын 412.7 тонн кокс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 6.4 сая ам.доллар буюу 98.9 хувиар, тоо хэмжээгээр 30.2 мянган тонн буюу 98.7 хувиар тус тус буурсан байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): 17.3 сая ам.долларын 3.1 мянган тонн катодын зэс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 800.8 тонн буюу 35.1 хувиар, үнийн дүнгээр 3.6 сая ам.доллар буюу 26.6 хувиар тус тус өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт: 322.3 мянган бар буюу 17.7 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс тоо хэмжээгээр 1,298.3 мянган.бар буюу 80.1 хувиар, үнийн дүнгээр 70.1 сая ам.доллар буюу 79.8 хувиар тус тус буурсан байна. 2019 оны эхний 3 сарын байдлаар 1 барнефтийн хилийн дундаж үнэ 54.2 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 54.9 ам.доллар болж 0.7 ам.доллар буюу 1.3 хувиар өссөн байна.       

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine