Эдийн засаг

Уул уурхайн татварын орлогын төлөвлөгөө 12 хувьтай байна

Энэ оны эхний улирлын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлого 483 тэрбум төгрөг болжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 246.6 тэрбум төгрөг буюу 33.8 хувиар буурсан дүн юм. 

Нүүрсний салбарын татвар төлөлт 171.1 тэрбум төгрөг болж, 46 хувиар буюу 146.6 тэрбум төгрөгөөр буурсан нь хамгийн гол нөлөөг үзүүлжээ. Нүүрсний экспорт сүүлийн хоёр сард зогссонтой холбоотой юм. Эхний улиралд ердөө 3.8 сая тонн нүүрс экспортлоод байгаа билээ. Энэ онд нүүрсний салбараас нэг их наяд 494 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр улсын Нэгдсэн төсөвт тусгасан байдаг. Эхний улирлын байдлаар орлогын гүйцэтгэл 12 хувьтай байна. 

Зэсийн орлого 217 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.6 хувь буюу 82.8 тэрбум төгрөгөөр буурав. Энэ онд төвлөрүүлэх ёстой нэг их наяд 160 тэрбум төгрөгтэй харьцуулахад 19 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхний улирлалд зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр 15 хувь, үнийн дүнгээр 30 хувиар буураад байгаа. 

Харин дэлхийн зах зээл дээр алтны үнэ өссөнтэй холбоотойгоор алтнаас төвлөрөх татварын орлого 2.3 дахин нэмэгдэж 20.7 тэрбум төгрөг болжээ. Мөн төмрийн хүдрийн татварын орлого 3.6 дахин өсөж 17.4 тэрбум төгрөг болсон байна. Хятадад төмрийн хүдрийн үнэ өссөнөөс гадна төмрийн хүдрийн экспортын 85 орчим хувийг төмөр замаар тээвэрлэдэг болохоор экспортын хэмжээ харьцангүй тогтвортой байгаа нь татварын орлого өсөхөд нөлөөлж байна.



Сэтгэгдэлүүд
  • Уул уурхайг дэмжигч
  • [192.82.73.217]
  • 2020-04-20 05:42

Дээр, дооргүй, бараг бүх ард түмэн уул уурхайг харааж байхад аргаггүй дээ.

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine