Үйл явдал

Их-7 улс хөгжиж буй орнуудын өрийн хугацааг сунгах боломжтойгоо илэрхийллээ

Их-7 бүлгийн орнуудын Сангийн сайд, төв банкны удирдлагууд видео хурал хийж хөгжиж буй улс орнуудын эдийн засгийг дэмжих ОУВС-гийн санаачилгыг дэмжихээ илэрхийллээ. Коронавирусийн тархалтын улмаас бий болсон эдийн засгийн хямралын үед бага орлоготой улсуудын өрийн дарамтыг бууруулах зорилгоор төлөлтийг хойшлуулах санаачилгыг ОУВС гаргаад байгаа юм. 

Гэсэн хэдий ч албан тушаалтнууд төлөлт хойшлуулах нөхцөлийг Их-20 бүлгийн улсуудтай хэлэлцсэний эцэст батлахаар болсон бөгөөд хэлэлцээр эцсийн шатандаа яваа аж. 

Их-7 улсын албаны хүмүүсийн хэлснээр “Их-20 бүлэг дэх албан ёсны зээлдүүлэгчид нэгдэх юм бол Дэлхийн банкны хөнгөлөлттэй санхүүжилт авах эрхтэй улсуудад Парис клубийн зөвшилцөл ёсоор өрийн эргэн төлөлтийн хугацааг сунгах дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” хурлын дараах мэдэгдэлдээ дурджээ. 

Их-20-ийн улс орнууд 18 тэрбум ам.долларын өрийн төлөлтийг хойшлуулах асуудлаар хэлэлцэж байгаа бөгөөд энэ долоо хоногт болох ОУВС болон Дэлхийн банкны хаврын уулзалтаар нэгдсэн шийдвэрт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. 

ОУВС-гийн Ерөнхий захирал Кристалина Георгиева “Энэ дэмжлэгт манай буурай, эмзэг гишүүн орнуудад эхний үе шатанд ирэх зургаан сарын хугацаанд төлөх ОУВС-гийн зээлийг хамруулж байгаа бөгөөд энэ нь тэдэнд эрүүл мэндийн яаралтай арга хэмжээнүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэр гаргах боломжийг олгох юм” гэж санаачилгын ач холбогдлыг тайлбарлажээ. 

“Эрүүл мэндийн энэ хямрал нь дэлхийн эдийн засагт урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй бэрхшээлийг үүсгэлээ. Сайд нар болон эрх баригчид хямралыг гүнзгийрэхээс сэргийлэхийн тулд өөр хоорондоо уялдаа холбоотой олон улсын шинж чанартай хариу арга хэмжээ авах нь нэн чухал болохыг хүлээн зөвшөөрч байна” гэдгээ уулзалтын үеэр улс орнуудын төлөөлөгчид илэрхийлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Их-7 орны цахим уулзалтыг маргааш ахин зохион байгуулах санал гаргаад байна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine