Эдийн засаг

ОУВС: Дэлхийн эдийн засаг гурван хувиар агшина

ОУВС дэлхийн эдийн засгийн төлөвийн судалгаагаа танилцууллаа. Их хөл хорионы хямрал хэмээн нэрлэсэн уг тандан судалгааны тайланд дэлхийн эдийн засгийг гурван хувь, Монгол Улсын эдийн засгийг нэг хувиар тус, тус агшина хэмээн төсөөлсөн байна.  

COVID-19 цар тахал нь дэлхий нийтэд хурдацтай тархаж хүн төрөлхтний зардлыг өсгөж байна. Гурван хувийн агшилт гэдэг нь 2008-09 оны санхүүгийн хямралаас муу үзүүлэлт гэдгийг уг тайланд дурдсан байна. 

Халдварын тархалт энэ оны хоёрдугаар хагаст буурснаар ирэх онд дэлхийн эдийн засгийн идэвх хэвийн нөхцөлд шилжиж дэлхийн ДБН-ий өсөлт нь 5.8 хувь хүрнэ гэсэн тооцооллыг хийсэн байна. 

Дэлхийн улс орнууд эрүүл мэндийн шок, дотоодын эдийн засгийн хямрал, гадаад эрэлт бууралт, хөрөнгийн урсгалын удаашрал, түүхий эдийн үнийн уналт зэрэг олон түвшний хямралтай тулгарч байгаа учир эдийн засгийн уналтыг тооцоход цар тахлын үргэлжлэх хугацаанаас гадна гарцын агшилт, түүний үр нөлөө, нийлүүлэлтийн тасалдлын хэмжээ, дэлхийн санхүүгийн зах зээл дээрх бодлогын өөрчлөлт, нийтийн тээврээс татгалзах хэв маяг гээд иргэдийн зардлын өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил буюу хүлээлт, түүхий эдийн үнийн өөрчлөлт гээд тодорхойгүй зүйл олон байгааг мөн цохон тэмдэглэжээ. 

ОУВС-гийн ахлах эдийн засагч Гита Гопинат Блумбергт өгсөн ярилцлагадаа хөгжиж буй зах зээлүүдэд хямралын эрсдэл тайланд төсөөлснөөс ч муу болох магадлал байгааг анхааруулсан байна. Тайлангаас үзэхэд Европын хөгжиж буй улс орнуудын эдийн засаг 3.1-9 хувиар буурах төсөөлөл гаргасан бол Азийн хөгжиж буй зах зээлийн нийт ДБН-ий өсөлт 5 хувь байх нь энэ онд эерэг өсөлттэй байх ганц бүс болж буй аж. Азид эсрэгээрээ хөгжингүй улс орнуудын эдийн засаг илүү их хямралд өртөх дүр зураг гарсан байна. Тухайлбал, Япон -5.2, Өмнөд Солонгос -1.2, Австрали -6.5 хувиар эдийн засаг нь тус тус агшина гэж тооцсон бол уул уурхайн түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай Макаогийн ДНБ 29.6 хувиар буурахаар байна. 

Мөн уул уурхайн орлогоос өндөр хамааралтай Өмнөд Амеркийн улсууд болох Аргентин, Бразил, Чили, Перугийн эдийн засаг 4.5-5.7 хувиар агших аж. Өмнөд Америкийн ДНБ-ий өсөлт -5 хувь байхаар тооцсон байна. 

Монголын өмнөд хөрш, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 1.2 хувь болж удаашрахаар байна. Тус улсын эдийн засгийн өсөлтийг нэгдүгээр сард 5.6 хувь байна гэж төсөөлж байсан билээ. Шинэ төсөөллөөр Хятадын эдийн засаг ирэх онд 9.2 хувь болж хурдацтай өсөх урьдчилсан төлөв гарчээ. 

Түүнчлэн, эрэлт буурсантай холбоотойгоор таваарын ханш огцом буурч байгаа нь түүхий эд экспортлогч улс орнуудын төсөв, эдийн засагт ноцтой хүндрэл учруулахаар байна. Нэгдүгээр сарын дунд үеэс гуравдугаар сарын эцэс хүртэл суурь металлын үнэ 15 орчим хувь, байгалийн хийн үнэ 38 хувиар, түүхий нефтийн үнэ 65 орчим хувиар тус тус буурсан байна. Фьючерс зах зээлд үндэслэвэл 2023 он хүртэл газрын тосны үнэ баррель нь 45 доллараас доогуур байх нь 2019 оны дундаж үнээс 25 хувиар доогуур байгаа тул эрэлт бага түвшинд тогтвортой байгааг харуулж байна. Үүнээс экспортын орлого нь төрөлжөөгүй улс орнууд болон олборлолтын зардал өндөртэй улс орнууд хүчтэй цохилт авах бол газрын тос импортлогч орнуудад таатай нөхцөл юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine