Эдийн засаг

Хугацаа хэтэрсэн зээлийн 71.4 хувийг байгууллагын зээл бүрдүүлж байна

Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар бууруулж, есөн хувьд хүргэх шийдвэрийг гаргав. Түүнчлэн эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргаад байна.

Монголбанкнаас өмнө нь Зээлийн ангилал, эргэн төлөлтөд долдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр хугацаагаар өөрчлөлт оруулж, гэрээг сунгах боломжийг бий болгосон. Энэ шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын сүүл гэхэд 1069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлжээ. Энэхүү шийдвэрийг дэмжих зорилгоор Мөнгөний бодлогын хорооноос дахин шийдвэр гаргаж, 2019 оны нэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн хэрэглээний зээлийн 30 сарын болон өр орлогын 60/40 харьцааны хязгаарлалтуудыг 12 сараар сунгах зохицуулалтуудыг ийнхүү хийж байгаа юм байнаа. Иргэдийн хувьд зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах гэхээр дээрх хязгаарлалтад ороод байсан учраас үүнийг зөөлрүүлж өгч байгаа гэдгийг Монголбанк тайлбарлаж байгаа юм. 

Уг шийдвэр нь зээл төлөлтийг царцаах биш иргэдийн зээлийн дарамтыг бууруулах, зээлийн төлөлтийг тархааж, сард төлөх хэмжээг бууруулахад чиглэж байгаа гэнэ. Тэр утгаараа банкны үйл ажиллагаа, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгөд эрсдэл учруулахгүй бөгөөд харилцагч банктайгаа яриад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа төлөлтийг хойшлуулах эсвэл бууруулах янз бүрийн сонголтууд хийж болох аж. Дээрх шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин “Монголбанкнаас гаргасан тушаал шийдвэр бүх банкинд зэрэг очдог ч, зарим банкуудын төвөөс салбарууддаа заавар, чиглэлийг нь жигд өгөхгүй байна. Төв банкнаас банкны удирдлагуудад тушаал шийдвэрээ хүргүүлж, хэрэгжилтийг төв, салбар ялгалгүй хянаж шалгадаг ч зээлийн эдийн засагч, теллер тус бүр дээр мэдээлэл очиж чадахгүй байна. 

Тиймээс банк тус бүр энэ цаг үед салбарын ажилтнууддаа заавар, чиглэлийг шуурхай өгч байх нь чухал байна. Зээлийн эдийн засагч, теллер иргэдэд буруу мэдээлэл өгч төөрөгдөлд оруулахаас өмнө төв салбараасаа асуучих хэрэгтэй. Монголбанкнаас ч банкууддаа энэ чиглэлээр шаардлага тавьж байна. Хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах тушаал, шийдвэр банкуудад очсон. Өнөөдрөөс хэрэгжээд эхэлсэн” гэдэг хариултыг өгөв.

Нийт зээлд чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьд хүрсэн бол хугацаа хэтэрсэн зээл 6.0 хувь болжээ. Өнгөрсөн оны төгсгөлд чанаргүй зээл 10.1 хувь, хугацаа хэтэрсэн зээл 4.5 хувь байсан байна. Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 71.4 хувийг байгууллагын зээл бүрдүүлж байгаа бол нийт чанаргүй зээлийн 79.7 хувь нь мөн л байгууллагынх байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine