Зах зээл - экспорт

Нүүрсний экспорт 389 сая ам.доллараар буурав

 

Энэ оны эхний улиралд гадаад худалдааны тэнцэл 125.8 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Өнгөрсөн оны эхний улиралд 485.9 сая америк долларын ашигтай гарч байсан юм. Чулуун нүүрс, зэсийн баяжмалын экспорт үлэмж буурсан нь гол нөлөөг үзүүлсэн байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр тоо хэмжээний хувьд бууралттай экспортын эрдэс бүтээгдэхүүн:

Чулуун нүүрс: Эхний улиралд 252.4 сая ам.долларын 3.1 сая тонн экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 389.3 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 4.6 сая тонноор тус тус бага байна. 2019 оны мөн үед нэг тонн нүүрсний экспортын хилийн дундаж үнэ 83 ам.доллар байсан бол энэ онд 80.9 ам.доллар болсон байна. Харин өнгөрсөн нэгдүгээр сард 203.3 сая ам.долларын 2.4 сая тонн нүүрс экспортлосон бол хоёрдугаар сард 228.8 сая ам.долларын 2.7 сая тонн нүүрс экспортлосон юм. Гуравдугаар сарыг өмнөх сартай харьцуулахад нүүрсний үнэ 23 сая ам.доллараар, экспорт 0.4 хувиар буурсан байна.

Боловсруулаагүй нефть: Биет хэмжээ 322.3 мянган баррель, үнийн дүн 17.7 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1298.3 мянган баррелиар, үнийн дүн 70.1 сая ам.доллараар тус тус бага байна. Өнгөрсөн оны мөн үед нэг баррель нефтийн экспортын хилийн дундаж үнэ 54.2 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 54.9 ам.доллар болж 0.8 ам.доллараар өсжээ.

Зэсийн баяжмал: 306.6 мянган тонн экспортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 54.8 мянган тонноор бага байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1393.9 ам.доллар, экспортын үнийн дүн 503.7 сая ам.доллар байсан бол энэ онд дундаж үнэ 1145.5 ам.доллар, үнийн дүн 351.2 сая ам.доллар болж тус тус буурчээ. Харин өнгөрсөн нэгдүгээр сард 101.6 мянган тонн, хоёрдугаар сард 192.2 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон байна. 

Төмрийн хүдрийн экспорт:  Биет хэмжээ 2.1 сая тонн, үнийн дүн 141.1 сая ам.долларт хүрсэн байна. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард төмрийн хүдрийн экспорт 815.5 мянган тонн буюу 55.5 сая ам.долларт хүрч байсан бол хоёдугаар сард 1.4 сая тонн буюу 98.8 сая ам.долларт хүрч байжээ. Тэгэхээр төмрийн хүдрийн экспорт өмнөх сараасаа 2.1 сая тонн буюу 42.2 сая ам.доллараар өссөн байна. Харин өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 9.9 мянган тонноор буурч, үнийн дүн нь 34.5 сая ам.доллараар өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.0 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмалын экспорт: Биет хэмжээ 36.9 мянган тоннд хүрч нэг тонныг нь дунджаар 1309.7 ам.доллараар экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 114.8 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 48.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 14.3 сая ам.доллараар буурчээ.

Тоо хэмжээний хувьд өсөлттэй эрдэс бүтээгдэхүүн

Жоншны экспорт: Биет хэмжээний хувьд 137.1 мянган тонн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 26.5 мянган тонноор өссөн ч, үнийн дүнгээр 5.3 сая ам.доллараар буурч, 35.3 сая ам.доллар болжээ. Энэ нь экспортын дундаж үнэ 109.4 ам.доллараар буурсантай холбоотой. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ, Узбекистан руу экспортолжээ.

Молибдены баяжмалын экспорт: Үнийн дүнгээр 11.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 сая ам.доллараар буурсан байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8532.7 ам.доллараас 7212.0 ам.долларт болж, 1320.7 ам.доллараар буурчээ. Тайлант хугацаанд 1547.7 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 151.9 тонноор их байна. Молибдены баяжмалын 83.7 хувийг БНХАУ руу гаргасан байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine