Компани - Үйл явдал

Тэргүүлэх компаниуд “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-д нэгдэв

Заамар сумын нутаг дэвсгэрт болсон ослын улмаас дөрвөн уурхайчин харамсалтайгаар амиа алдсан хэргийг монголчууд мартаагүй, өдгөө ч харууссаар байгаа. Эрүүл мэнд, байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлт, эх нутгийн дагшин байдал гээд монголчуудын үнэт зүйлсийг сүйтгэж байдаг хэмээн нийгэм бүхэлдээ шахуу уул уурхайн салбарыг шүүмжилж, буруушаадаг. Тэгвэл Монголын уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниуд “Хариуцлагатай уул уурхайн кодекст” сайн дураар нэгдэж буйгаа зарлалаа.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн санаачлагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран олборлох салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аянг эхлүүлсэн юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, тус ассоциацийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Саусгоби сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат, “Аспайр майнинг” ХХК-ийн захирал З.Ган-Очир, “Багануур” ХК-ийн Дэд захирал О.Туяа, “Терра Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Сэм Боуэлс нар оролцож кодекст сайн дураараа нэгдэж буйгаа илэрхийлэн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Монголын уул уурхайн топ таван аж ахуйн нэгжийн гурав нь буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК энэхүү кодекст шууд нэгдэн орж байгаа нь уг кодексын ач холбогдлыг тодорхой харуулж байна. Түүнчлэн нөхөн сэргээлтийн туршлагаар салбартаа манлайлдаг “Монполимет” компани болон нүүрсний компаниуд нэгджээ.

Энэхүү санаачилгын зорилго нь Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлэх аргачлалын хүрээнд талууд Монгол Улсын уул уурхайн салбарт хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг хөхиүлэн дэмжих, нэвтрүүлэх, даган мөрдөж бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах юм.

Кодексыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төслөөс үндсэн таван бүлэг, 187 шаардлага бүхий байхаар боловсруулжээ. Компаниуд кодекст сайн дураар нэгдэж буй бөгөөд цаашид ч бусад компаниудыг нэгдэхийг уриалж байгаа юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн компаниудад хандан “Хариуцлагатайгаар нэгдье” хэмээн уриалаад “Хариуцлага бүхий л салбарт, тэр дундаа уул уурхайн салбарт илүү өндөр байх ёстой. Эх орны эдийн засгийн суурь болоод өсөлт, хөрөнгө оруулалтын сонирхол бий болгож байгаа салбар бол уул уурхай. Байгаль орчинд үнэхээр хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдлуудыг хаацайлах зүйл надад үгүй. Эдгээр нь хууль зөрчиж, хууль бусаар ашигт малтмал олборлож буй хүмүүс л байдаг. Уул уурхай бол зогсох эрхгүй салбар, бас хариуцлагатай байх ёстой. Ингэж байж бид цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу явуулж, ард олонтойгоо зөв ойлголцолд хүрнэ” хэмээв.

Санаачилгын зорилго нь хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага, үнэлэх аргачлалын хүрээнд талууд хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг хөхиүлэн дэмжих юм

Уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга А.Билгүүн “Байгаль орчин доройтож байгааг бүгд харж байгаа. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа боловч уул уурхайтай түлхүү холбодог ташаа мэдээллийг арилгаж байж хариуцлагатай уул уурхай гэдэг ойлголт олон нийтэд бий болно. Бодит байдалд бэлчээр нутгийн талбай хорогдож байгаа хамгийн том шалтгаан нь хортон шавж бөгөөд малын хөлийн талхлалт, газар тариалан эрхлэлт удаалж байна” гэсэн юм. Монгол Улсын бэлчээр нутгийн хэмжээ 1961 онд 140 сая га газар байсан бол энэ хэмжээ 1990 онд 120 сая га, 2017 онд 112 сая га болж багасжээ. Энэхүү тоон мэдээлэл болон доройтлын шалтгааныг энэ жил зохион байгуулагдсан “Бэлчээр ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн судлаачид дэлгэн хөндсөн тухай тэрбээр дурдлаа. 1990 оноос өмнө мал аж ахуйн салбарт “гурван хонинд нэг ямаа” бодлого баримталдаг байсан бол өнөөдөр хонь, ямааны тоо бараг тэнцсэн гэх мэт бодлогын зохицуулалт дутагдаж байгаа нь мөн байгаль орчны доройтолд нөлөөлж буй аж.
Тэрбээр мөн уул уурхайн салбарт, ялангуяа алт олборлогчдын дунд хариуцлагагүй, аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрддөггүй, хууль зөрчин гол ус бохирдуулж ашгийн төлөө улайрдаг байдал их байгааг онцлоод эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай осол хэд хэд гарсныг ч сануулав. Хэдийгээр бэлчээрийн доройтолд уул уурхайг буруутгах хандлага их байдаг боловч бэлчээр болон мал аж ахуй яаж, хэр хэмжээний хохирол учруулж байгааг судалж тогтоосон зүйл одоогоор байхгүй.

Харин “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-ийн дагуу үүнд нэгдсэн компаниуд байгаль орчны хяналтыг тогтмол хийж орон нутгийн иргэдэд тайлагнах үүрэг хүлээх болсноор бодит байдалд уул уурхай-байгаль орчны хамаарал ямар байгааг олж тогтоох, тодорхой статитистик мэдээллийг нэгтгэхэд хялбар дөхөм болох юм. Үүнээс гадна, хортой хог хаягдлыг хөрс, ус, агаарыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, ажлын байрны сонгон шалгаруулалтад орон нутгийн иргэдэд давуу тал олгодог байх, орон нутгаас худалдан авах бодлого баримтлах, хүүхэд залуучуудын сурах, хөгжих тэгш боломжоор хангах бодлого хэрэжүүлдэг, санал гомдол хүлээн авч шийдвэрлэх тогтолцоо үүсгэх зэрэг 34 бүлэг асуудал, эдгээрийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх 187 шаардлагыг Кодекст нэгдсэн компаниуд үйл ажиллагааныхаа мөрдлөг болгох үүрэг амлалтыг сайн дураар өгч байгаа нь энэ юм.
Цаашид уул урхайн компаниуд энэхүү санаачилгыг дэмжин хариуцлагаар нэгдэх үүд хаалга нээлттэй байх юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine