Компани - Оюутолгой

Монгол Улс "Рио Тинто" группийн гурав дахь том татвар хураагч

"Рио Тинто" групп 2019 онд 7.6 тэрбум ам.долларын татварыг дэлхий нийтэд төлснөөс 4.8 тэрбум нь аж ахуйн нэгжийн татвар байсан тухай өнөөдөр танилцуулсан Татвар төлөлтийн тайланд дурджээ. 

Монголд 305 сая ам.долларын татвар төлжээ

Татварын дийлэнх хувь буюу 6.2 тэрбум нь эх орон буюу бизнесийнх нь хамгийн том хэсэг болох Австрали улсад төлөгдсөн байна. Өндөр татвар төлсөн бусад улсыг дурдвал Чилид 311 сая, Монголд 305 сая, Канадад 291 сая, АНУ-д 178 сая, Их Британид 117 сая, Өмнөд Африкт 80 сая ам.долларын татвар, төлбөр төлжээ. 

Түүнчлэн тайланд дурдсанаар "Рио Тинто" 2019 онд 45.1 тэрбум ам.долларын эдийн засгийн үр өгөөжийг үйл ажиллагаа явуулдаг улс орнууддаа үзүүлсэн гэжээ. Үүний 38 хувь ханган нийлүүлэгчдэд төлсөн төлбөр бол 10 хувь нь цалин аж. 

“Бидний төлдөг татвар, нөөц ашигласны төлбөр зэрэг нь бидний үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн эдийн засгийн эрүүл байдал, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн "Рио Тинто"-гийн Санхүү эрхэлсэн захирал Jakob Stausholm хэлжээ. 

“Засгийн газар, нийгэмд өгч буй санхүүжилт нь нийгмийн суурь дэд бүтэц болох гүүр, зам, сургууль, эмнэлэгт дэмжлэг болон очихоос гадна ажлын байр бий болгох, ур чадвар олгох сургалт гэх мэт орон нутгийн хөгжлийн бусад хэлбэрээр хүрдэг. Эдгээр санхүүжилтийг юунд зарцуулж байгааг хөрөнгө оруулагчдадаа ил тод байлгаснаар мөнгийг хэрхэн ашиглаж болохыг илүү сайн ойлгоход тусалдаг” гэж тэрбээр хэлсэн байна. 
Сүүлийн арван жилд "Рио Тинто" 70 гаруй тэрбум ам.долларын татвар, нөөц ашигласны төлбөр төлснөөс 52 тэрбумыг нь Австралид төлжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine