Бодлого

Цар тахлын үеийн эрсдэлд зориулж 14 арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганаар коронавируст халдварын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа. Засгийн газар гуравдугаар сарын 27-нд коронавирусийн эсрэг арга хэмжээнд Монгол Улс 5.1 их наяд төгрөгийн санхүүжилт зарцуулна гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Тус арга хэмжээнд дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс аж ахуйн нэгж компаниудыг тэглэж, иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлөх зэрэг долоон арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм. Тэгвэл тус шийдвэрийг боловсруулж, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Иргэдийн орлогыг хамгаалах, Ажлын байрыг хадгалах, Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тодорхойлжээ. Тодруулбал, уг тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, туүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна. Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр, цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалсан, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн зургаан сарын хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөд нийт 640 мянган хүн хамрагдаж байна гэлээ. Түүнчлэн төрийн шийдвэрээр үйл ажиллагаагаа зогсоож, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид ажиллагсдад 200 мянган төгрөг олгохоор тогтоосон ч, цар тахлын хэмжээ хаана хүрч, хэзээ дуусах нь тодорхойгүй учир энэ асуудалд нэгдсэн тоо гаргах боломж байгааг мөн онцоллоо.

Тус асуудлын талаар гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Засгийн газраас түр зуурын арга хэмжээ авч байна. Төсвийн тодотгол, мөнгөний бодлогыг оруулж ирээгүй үед үүнийг цогц арга хэмжээ гэж хэлэх боломжгүй. Хүүхдийн мөнгөнөөс бусад нь эдийн засгийг дэмжих арга хэмжээ харагдахгүй байна. Гашуун Сухайт, Тавантолгой дээр онцгой байдал тогтоох шаардлагатай байна. Тэнд өдөрт 500 гаруй машин нүүрс тээвэрлэн гаргадаг байсан бол өнөөдөр 40-хөн машин гарч байна” гэв. Хариуд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас 300 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хөгжлийн банкнаас санхүүжнэ. Улсын төсвөөс Хөгжлийн банкны олгох зээлийн хүү, ноолуур худалдаж авах хүү хоёрын хооронд есөн хувийн хүү буюу 27 тэрбум төгрөг байгаа. Үүнийг шийдсэн. 300 тэрбум төгрөгөөр нийт гарч буй ноолуурын 30 хувийг л авч чадна. Үлдсэн 70 хувийг гадаадынхан авдаг уламжлалтай. 300 тэрбум төгрөгөөр дунджаар 3000 тонн ноолуур авна гэж тооцоолсон. Экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газар авч байгаа. Дөрөвдүгээр сарын 6-ны байдлаар Гашуу Сухайт, Тавантолгой, Ханги Мандал боомтоор нүүрс ачсан 211 машин гарсан. Энэ нь анх гарч байсныгаа болвол нэмэгдсэн тоо” гэлээ. Тогтоолын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine