Эдийн засаг

АХБ: Эдийн засгийн өсөлт огцом буурна

Азийн хөгжлийн банкны шинэ тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт COVID-19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд огцом буурах ч, тахлын нөлөөлөл сарнихтай уялдан 2021 онд сэргэнэ гэсэн хүлээлттэй байна гэжээ. 

Тодруулбал, COVID-19 цар тахлын сөрөг нөлөө болон БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багасч, үнэ буурч байна. Энэ нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспортыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг доошлуулсаар байна. Гэхдээ COVID-19 цар тахлын болон АНУ-БНХАУ-ын худалдааны дайны сөрөг нөлөө 2021 онд сарних төсөөлөлд үндэслэн БНХАУ-ын эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт бий. Үүнтэй уялдан Монгол Улсын экспорт, дотоодын эрэлт өсч, эдийн засгийн сэргэлт 2021 онд бий болно гэж үзэж байна. 

Төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2020 онд өсөх төсөөлөлтэй байна

COVID-19 цар тахлын сөрөг үр дагаврын улмаас 2020 онд төлөвлөсөн нэгдсэн төсвийн түүхэн хугацааны хамгийн их өндөр зардлын хэмжээ бүрэн санхүүжигдэхгүй байх, эрсдэл өсч, Засгийн газрын хэрэглээ болон хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр буурах төлөвтэй болов. 2019 оноос банкны салбарт хэрэгжиж байгаа хэрэглээний зээлийн хязгаарлалт болон COVID-19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд хувийн хэрэглээ мөн буурахаар хүлээгдэж байна. Цэвэр экспорт эдийн засгийн өсөлтийг бууруулах чиглэлд нөлөөлсөн хэвээр байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, COVID-19 цар тахлын сөрөг үр дагавар, гадаад худалдааны нөхцөл муудаж экспорт буурах хандлагатай уялдан барааны гадаад худалдааны ашиг буурснаар төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2020 онд өсөх төсөөлөлтэй байна. Эдгээр сөрөг нөлөөллүүд саармагжиж, экспортод эерэг өөрчлөлт гарах хүлээлт байгаатай уялдан 2021 онд урсгал дансны алдагдал буурна гэж үзлээ. 

Инфляцийн дундаж түвшин 2019 онд 7.3 хувь болж өссөн бол 2020 онд эдийн засгийн идэвхжил үлэмж суларч, өсөлт огцом саарахтай уялдан 6.6 хувь болж буурахаар төсөөллөө. Гэвч COVID-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл саармагжиж эдийн засгийн идэвхжил сайжран нийт эрэлт өсөх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн инфляци дахь нөлөө хугацааны хоцрогдолтой үйлчлэхийг харгалзан 2021 онд инфляци өсч Төв банкны зорилтот түвшний орчимд хүрэх хандлагатай байна. 

Эдийн засгийн нөхцөл байдлыг төсөөлснөөс ч муутгаж болзошгүй эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал, COVID-19 цар тахал улам ужгиран гүнзгийрч, нөлөөлөл нь илүү удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд 2020 оны эдийн засгийн өсөлт төсөөлснөөс буурах, ажилгүйдэл огцом нэмэгдэх, төлбөрийн тэнцэл, улсын төсөвт үлэмж хэмжээний дарамт учруулах, эдийн засгийн өндөр эрсдэлийн улмаас гадаадын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, зээл өгөх сонирхол эрс багасах, банкны салбарт хөрвөх чадварын эрсдэл бий болох зэрэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй. 

Түүнчлэн, өрхийн өрийн дарамт ужгирах, банк бус санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдэх, банкны секторт активын чанар муудахын зэрэгцээ эдийн засгийн үйл ажиллагаанд үлэмж сөрөг нөлөө учруулах зээлийн тасалдлын эрсдэл нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна хэмээн Азийн хөгжлийн банкны шинэ тайланд онцолжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine