Бодлого - Үйл явдал

Уул уурхайн мэдээллийг ил болгох шаардлага

Хаалттай уул уурхайг нээлттэй болгохоос нааш “Оюутолгой гүний ус маш их хэрэглэснээс болоод Дарьганга нуур ширгээд байх шиг байна” гэх мэт хардалт үл арилна. Ийм нэгэн жишээтэй Дарьганга сумын сургуулийн сурагчидтай уулзах үеэр тулгарсан тухай “Галба, Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа”-ны мэргэжилтэн ярив. Үнэндээ уул уурхай нь гадаргын ус буюу гол нуурын ширгэлттэй тийм ч хүчтэй хамааралтай биш талаар ОУСК-иас зохион байгуулсан “Байгалийн баялгийн дата шинжилгээний аргачлал” сургалтын үеэр яригдсан юм.

Уул уурхай гэдэг зөвхөн олборлолт, боловсруулалтын асуудал биш. Хүний эрүүл амьдрах үндсэн эрхтэй ч огтлолцож, олон том ашиг сонирхлын уулзвар болдгийн хувьд араасаа цаг үргэлж олон хардалт дагуулж байдаг. Уул уурхайн компаниуд хэр их ус ашигладаг вэ, уул уурхайн компаниуд орон нутгийн төсөвт хандив өгдөг үү, уул уурхайн компаниудын төлж байгаа татварыг Засгийн газар хэрхэн ашиглаж байгаа вэ, тэд лиценз авахын тулд хэн нэгэнд авлига өгсөн болов уу, элдэв хортой бодис алдагдаад байдаг юм биш биз, энэ компанийн жинхэнэ эзэн нь хэн юм бол гээд л “сониуч” асуулт мундахгүй.

Гэвч асуултдаа бүрэн гүйцэт хариулт олж авах боломж үнэхээр хомс. Зарим хариуцлагатай компани мэдээллүүдээ ил тод олон нийтэд дэлгэдэг бол олонх нь үгүй. Тодорхой хууль эрх зүйн болон бизнесийн зүй ёсны шаардлагаар нэтгэгдсэн дата мэдээлэл нь боловсруулалт хангалтгүй, тодорхой дүгнэлт гаргах боломжгүй, эмх замбараагүй, түүхийгээрээ байдаг. Нэтгэсэн дүгнэлтэд хүрэхийн тулд тухайн дата мэдээллийг ашиглаж, маш их хэмжээний гар ажиллагаа шаардаж, хугацаа их зарцуулах хэрэгтэй. Учир нь ихэнх мэдээлэл ямар нэг програм хангамж ашиглан боловсруулах боломжгүйгээр, хэвлэмэл, зурган, засвар хийх боломжгүй хувилбараар байршсан байдаг.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд маш их мэдээлэл ил гарч, эргэлзээ, хардалтыг арилгах боломжтой болсон боловч мэдээлэл нь дээрхийн адил эмх замбараагүй, хэлбэр дүрсгүй байдлаас болоод олон нийтэд хүрэх нь хангалтгүй, ашиглагдахгүй байна. ОУСК-ийн дата аналист О.Анохины хэлж буйгаар “Дата мэдээллүүд нь хууль эрхзүйн хувьд нээлттэй байх ёстой”. Энэ нь интернетэд ашиглаж болохуйц байдлаар байршсан байхыг хэлж буй юм. Мөн техникийн шинж чанарын хувьд Microsoft word excel зэрэг нийтлэг ашиглагддаг юм уу үнэгүй олдох програмаар нээж үзэх боломжтой форматаар нийтлэгдсэн байх ёстой бөгөөд хэн нэг хүн, хуулийн этгээдийн өмч байж болохгүй. Ингэснээр хэн ч хэзээ ч датаг авч ашиглах боломжтой болно. Өөрөөр хэлбэл нууц үггүй, хэсэг бүлэг хэрэглэгчдийн хандах эрхийг хааж боогдуулсан байж болохгүй.

Үндэсний статистикийн хорооны 1212.mn, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын eitimongolia.mn вебсайтууд гуравдугаар түвшний боловсруул
сан мэдээллүүдийг байршуулж байна

Тухайлбал Үндэсний хөгжлийн газар, Засгийн газрын яамд өөрсдийн асар том бүтцийнхээ тусламжтайгаар маш их хэмжээний дата мэдээллийг тогтмол цуглуулж нэгтгэдэг. Тэдгээрийн дотор нууцын зэрэгт ордоггүй, зарим тохиолдолд нийтэд ил тод мэдээлэх хуулийн зохицуулалттай боловч интернет орчинд, бүгдэд хүртээмжтэйгээр байршуулдаггүй дата мэдээлэл их бий. Интернетэд байршуулсан боловч тэр нь зөвхөн тодорхой нэвтрэх эрх бүхий этгээд л хандаж, үзэх боломжтой. Жишээлбэл, Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл мэдээллийн систем.

Эдгээр мэдээллийг ил тод болгосноор ойлголцлын зөрүү арилахаас гадна олон сайн үр дагавар авчирна. Зөвхөн уул уурхайн компаниуд төдийгүй төр өөрөө хариуцлагатай, үйлчилгээ нь хүртээмжтэй болж, төр хувийн хэвшил ажил хэргээ оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх боломжтой болсноор эдийн засагт инноваци идэвхжиж өсөлт бий болдог. Зарим талаар бид эдгээр давуу талаас мэдэрч эхлээд байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хууль шинэчлэгдсэн батлагдсанаар өмнө нь хувь хүний нууцтай холбогддог, хаалттай байсан 100 орчим төрлийн мэдээлэл ил тод болж, төрийн олон үйлчилгээг зөвхөн хурууны хээгээ уншуулаад газар дээр нь хүртэх боломжтой болсон. Хэн, хэчнээн компани эзэмшдэгийг ч интернетээр шууд харж болдог болсон.

Гэвч энэ нь тийм ч хангалттай биш. Дээрх мэдээллүүдэд одоо үр нөлөөтэй, ашигтай чанар дутагдаж байгаа юм. Үүний тулд дата заавал ашиглагдах ёстой. Өмнө өгүүлсэнчлэн дээрх ил болсон мэдээллүүдийг түгээмэл ашиглагддаг програм шууд нээх боломжтой хэлбэрээр татаж авч, шүүлт хийж, цаашлаад график дүрслэлд оруулсан, энгийн ойлгомжтой олон хувилбараар үзэх сонголттой байх ёстой. Учир нь энэ бүхийг хэрэглэгч өөрөө хийхэд цаг их зарцуулахаас гадна бүр мэргэжлийнхэнд хүртэл ажлын хамгийн хүнд хэсэг нь байдаг ажээ.

Нээлттэй дата мэдээллүүдийг хамгийн бүрэн гүйцэт, хүртээмжтэй хувилбарыг нь тав хүртэлх түвшинд хувааж дүгнэвэл Монголд Үндэсний статистикийн хорооны 1212.mn, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын eitimongolia.mn вебсайтууд гуравдугаар түвшний боловсруулсан мэдээллүүдийг байршуулж байна. Эдгээр сайтын дата мэдээллийг олон төрлийн өргөтгөлийн сонголттойгоор татаж авах боломж олгодог юм. Мэдээллийг ил тод болгох нь зөвхөн төрийн үүрэг биш төдийгүй аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн идэвх санаачилгаар дата мэдээллээ цэгцтэй боловсруулж вебсайтдаа нийтэлдэг соёл нэвтрүүлэх хэрэгцээ, орон зай байсаар буй. Улиралд нэг удаа тайлан бэлтгэж, хэвлэх нь өнөөгийн өргөн боломжтой үеийн шаардлагад огт нийцэхгүй байна.

Тиймээс уул уурхайн олборлох, боловсруулах, хайгуулын салбарт компаниуд болоод төрийн байгууллагууд мэдээллээ аль болох хүртээмжтэй болгох, датагаа боловсруулж хэрэглэгчдэд хүргэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Мөн төрийн байгууллагууд хооронд мэдээллээ солилцох, дата мэдээлэл гаргахдаа ангилалаа зөв томьёолох гээд хийх ажил чамгүй байгааг дээрх сургалтын үеэр төрийн албан хаагчид хэлж байсан юм. Уул уурхайн компаниуд, төрийн захиргааны байгууллага ч ялгаагүй орон нутагт, нийгэмд уул уурхайн салбарыг илтэд дэмжихгүй байх, үл итгэх, цаашлаад үзэн ядах хандлага томорч байгааг залруулах ёстой гэж байнга ярьдаг. Гэсэн хэрнээ олон нийтэд уул уурхайн салбарын бодит мэдээллийг хүргэхэд аль аль нь хойрго хандаж байгаа нь нууц биш. Уул уурхайн салбарын бодит мэдээллийг олон нийтэд хүргэх нь уг салбарын тогтвортой хөгжилд хамгийн чухал үүрэгтэй гэдгийг салбарын судлаачид хэлж байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine