Зах зээл - Нүүрс

Хятадын нүүрсний эрэлт 7-р сараас нэмэгдэнэ

Монгол нүүрс ассоциацаас санаачилж Монгол-Хятадын нүүрсний ассоциаци хоорондын мэдээлэл солилцох онлайн хурлыг 2020 оны 3 сарын 26-нд интернетээр зохион байгуулжээ.
 
Видео хуралд Монголын нүүрсний аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын зарим төлөөлөл болон БНХАУ-ын Нүүрсний үндэсний ассоциаци, Нүүрсний тээвэр, түгээлтийн ассоциаци, Хятадын төмөр замын судалгааны төв болон нүүрсний худалдааны томоохон компаниудын төлөөлөл уригдан оролцсон байна. 

2020 онд Хятадын нүүрсний импорт өмнөх онуудтай харьцуулбал их хэмжээгээр буурахгүй 

Одоогоор Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой байна. Бугат, Ухай орчимд коксжих нүүрсний үнэ тонн тутамд Цагаан сарын өмнө 820-830 юань байсан бол одоо 900 юань орчим болж бага зэрэг өсжээ. Монголын нүүрсний нийлүүлэлт зогссон нь энэ бүс нутагт үнэ бага зэрэг өсөх шалтгаан болсон ба БНХАУ-ын дотоодын уурхайнууд нь сэргэж нүүрсээр хангаж байгаа учраас одоо үнэ тогтворжиж байгааг Хятадын талаас мэдээлсэн байна. 
 
Нөгөө талаас Таншанд Цагаар сарын өмнөхөөс үнэ бага зэрэг буурч одоогоор 1 тонн нь 152 $ орчим болжээ. Энэ нь далайгаар нийлүүлсэн нүүрсний хэмжээ, тэр дундаа 1, 2-р сард Австралийн нүүрсний нийлүүлэлт нэлээд өссөнтэй холбоотой аж. Далайн эрэг орчмоор нийлүүлэлт сайн байгаа ч эргээд хэрэглээ буурах хандлагатай байна. Энэ байдал оны эхний хагаст хэвээр үргэлжилж долдугаар сараас эхлэн нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм байна.
 
2020 оны хувьд Хятадын нүүрсний импорт өмнөх онуудтай харьцуулбал их хэмжээгээр буурахгүй, оны хоёр дугаар хагаст өсөж ойролцоо түвшинд очно гэсэн ерөнхий таамаг байна. Гэхдээ мэдээж Коронавирусийн дэлхий даяарх тархалтын өөрчлөлт, эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаарна.
 
Монгол Улсын хувьд эхний улирлын нүүрсний экспортоо үндсэндээ алдсан. Дөрөвдүгээр сараас нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна.
 
Энэ хооронд Авсрали, Оросын нүүрсний нийлүүлэлт өсөх хандлагатай байна. Оросын нүүрсний хувьд далайгаар нийлүүлэхээс гадна Манжуурын нутгаар дамжуулан Зүүн Хойд Хятадад нийлүүлж байгаа. Энэ нь Монголын нүүрсний гол зах зээлээс зүүн тийш учраас манай орон зайг хүчтэй булаахгүй гэж харагдаж байгаа хэдий ч нүүрсний экспортоо удаан хугацаагаар зогсоовол Монголын нүүрсний орон зайг Австрали, Орос болон Хятадын дотоодын уурхайнууд нөхөх хандлага байна. Энэ хандлага нэгэнт тогтвол Монгол эдийн засагт алсдаа муу нөлөөтэй.
 
Цахим хурлын үр дүнд Монгол нүүрс ассоциаци дараах дүгнэлтэд хүрчээ: 

- Монгол Улс энэ жил 42 сая тонн нүүрс экспортолж, төсвийн орлогоо нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
- Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд бэлэн байдлаа хангасан. Цаашид хэрхэх нь төр засгийн шийдвэр, хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрээс хамаарна.
- Австрали, Оросын нүүрсний нийлүүлэлт өсөж Монголын орон зайг эзлэхээс бид сэргийлэх шаардлага үүсэж байна.
- Хятадын төмөр замын хүчин чадал сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдсэн. Монголын тал төмөр замаа байгуулж чадвал нүүрсний экспорт нэмэгдэх боломжтойгоос гадна гуравдагч улсын зах зээлд нэвтрэх боломж бүрдэхээр байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine