Зах зээл

Өмнөд Африк хөл хорио тогтоож, уурхайнуудаа хаалаа

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс өнөөдрөөс эхлэн Корона вирусийн халдварын тархалтаас сэргийлэх зорилогоор цахилгаан станцуудын түлшийг хангах шаардлагатай цөөн хэдэн нүүрсний уурхайгаас бусад бүх уул уурхайн үйл ажиллагааг 21 хоногийн турш түр зогсоох шийдвэр гаргалаа. Тус улсын уул уурхайн хөгжлийн 150 жилийн түүхэнд үндэстнийг хамарсан ийм өргөн хэмжээний зогсолт гарч байгаагүй ажээ. 

Тус улсын албаныхны мэдээлснээр халдвар авсан хүмүүсийн тоо лхагва гарагт 554-709 болж нэмэгдсэн байна. Тиймээс тархалтын цар хүрээ хяналтаас гарахаас сэргийлж улс даяар хөл хорио тогтоож байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса мэдэгдлээ. Жижиглэн худалдааны дэлгүүр, эмийн сан, банк, шатахуун түгээх станцуудаас бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох бөгөөд шийдвэрийг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллагад цэргийнхний туслах болно гэж даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.  

Энэ нь уул уурхайн салбарт маш их гарз хохирол учруулна гэдгийг тус улсын Эрдэс баялгийн зөвлөл хэлж буй бөгөөд “Засаж залруулах ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр бүхэлд нь хаах юм бол уурхайнууд ашгийн бууралт болон алдагдал хүлээсний улмаас ахин нээгдэх чадамжгүй болно” гэдгийг анхааруулжээ. 

Тус зөвлөлийн мэдээлэлд дурдсанаар уул уурхайн салбар нь 2018 онд 351 тэрбум рэнд буюу ДНБ-ий 7.3 хувийг бүрдүүлж байжээ. Үүнээс 312 тэрбум нь экспортын орлогоос бий болсон баялаг буюу нийт экспортын 25 хувийг бүрдүүлдэг байна. 

Өмнөд Африкийн Эрдэс баялгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Рожер Бакстер хэлэхдээ “Дэлхийн хоёрдугаар дайн зэрэг түүхийн тодорхой үеүдэд үйлдвэрлэл доголдож байсан ч өнөөдрийнх шиг ингэж нийтээрээ зогсож байсан удаагүй” хэмээжээ. 

Тус улс нь дэлхийн олборлосон цагаан алтны нийлүүлэлтийн 70 орчим хувийг, палладийн 35 хувийг бүрдүүлдэг бөгөөд 21 хоногийн сул зогсолт нь дээрх бүтээгдэхүүний нийт нийлүүлэлтийг дөрөв болон хоёр хувиар бууруулах төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна. Палладийн ханш мягмар гарагт 12.7 хувиар өссөн нь 2000 оноос хойш тохиосон хамгийн өндөр өсөлт болж байна. Мөн алт болон цагаан алтны ханш огцом өсөөд байна.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine