Эдийн засаг - Сурвалжилга

Бишкект өрнөсөн яриа

Гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, хоёр хөрштэйгээ хамтран хэрэгжүүлэх төслүүдийн бэлтгэлийг хангахад идэвхтэй оролцохоо илэрхийлэв. Ялангуяа төмөр зам, байгалийн хийн хоолойн төслүүдийг эрчимжүүлэхээс гадна эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санаачилгаа танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн ээлжит уулзалтад уламжлал ёсоор оролцож, энэ үеэр болдог ОХУ-Монгол-БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн тав дахь удаагийн уулзалтад оролцсон юм.

Киргиз улсад Элчин Сайдын Яамаа нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Киргиз улсад хийсэн айлчлалын хүрээнд талууд боловсрол, аялал жуучлал зэрэг салбарын есөн баримт бичигт гарын үсэг зурлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 8.1 тэрбум ам.доллароор хэмжигддэг, жилд Монголын хүн амтай дүйх тооны жуулчин хүлээн авдаг энэ улстай хийх худалдааны хэмжээ дөнгөж нэг сая ам.доллар буюу хангалттай биш байгаа ч цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг ашиглах тодорхой саналуудыг айлчлалын үеэр талууд илэрхийлсэн. Тухайлбал Монголын Хяргас нуурыг Киргизийн Иссык Куль нууртай холбосон аялал жуулчлалын маршрут бий болгох, тээврийн үр ашигтай маршрутыг тогтоон судлах асуудлыг Монголын тал хөндлөө. Киргизийн тал саналуудыг ажил хэрэг болгоход анхаарахаа илэрхийлж, ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Айлчлалын үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээсэн нь Монгол-Киргизийн харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн. Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байжээ. Цаашид Киргизээр дамжин Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой гэж УИХ мэдээлж байв. Мөн МХБ-д IPO хийгээд буй “Инвескор ББСБ” ХК нь Киргиз улсад салбараа нээхээр бүртгүүлээд буй нь хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааны сүүлийн үеийн жишээ болж буй.

Гурван Ерөнхийлөгчийн амбиц ба банкуудад “гологдсон” төслүүд

ШХАБ-ын гишүүн орнууд 244 мянган км төмөр зам барьж байгуулан, ашиглаж байгаа бөгөөд энэ утгаараа цаашдаа төмөр замын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулах боломжтой гэж ШХАБ-ын Нарийн бичгийн дарга Владимир Норов мэдээлж байв. Мөн сүүлийн 18 жилийн хугацаанд Киргиз, ОХУ, Узбекистанаас Хятадыг чиглэсэн долоо хоног тутмын нислэгийн тоо дөрөв дахин өссөн бол Казахстанаас Хятад руу хийх нислэг 12 дахин нэмэгджээ. ШХАБ-ын гишүүн орнууд ийнхүү эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ ШХАБ-ын Хөгжлийн Банк байгуулах асуудлыг ч судалж байгаа аж. ШХАБ-д элсэх эсэх асуудал дээр “өргөн хүрээний хэлэлцүүлэг эхлүүлсэн, олон нийт санал хуваагдсан байдалтай байна” гэсэн албан байр сууриа илэрхийлээд буй Монгол Улс бүс нутгийн орнуудыг дэд бүтцээр холбох ямар боломж буйг Бишкект илэрхийлсэн юм. Тухайлбал, “Манай улсын төмөр замын төв коридороос баруун зүүн тийш тус бүр 500 орчим км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг мянга гаруй км үргэлжлүүлэн манай улсын баруун хязгаарын Бургастай хилийн боомт хүргэж, Хятадын Шинжан Уйгурын Лаое-Мяо хилийн боомт руу холбох төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл, Та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж буй Зүүн Азийн зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэсэн үг юм. Улаанбаатараас 1400 гаруй км алслагдсан баруун хязгаар болох Ховд хотоос Казахстан, Узбекистан зэрэг дөт гарц нээж, эхний ээлжинд халал мах тээвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хонины мах, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх боломж нээгдэж байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралд оролцогчдод хандан мэдэгдсэн.

Харин Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойших гурван жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь бэлэн болсон төсөл ч байхгүй байна” гэж мэдэгдсэн нь анхаарал татав. Мөн гурван талын хооронд олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник эдийн засгийн судлах Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан, тодорхой санал, дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналаа Ерөнхийлөгч илэрхийлсэн.
Бүс Ба Зам санаачилгад оролцож байгаа улс орнуудыг чиглэсэн Хятадын экспорт нэмэгдэж байгааг ЭЗХАХБ-ын (OECD) судалгаа харуулж байна. 2000 оны байдлаар тус байгууллагын гишүүн орнуудын Хятадын экспортод эзлэх хувь 61 байсан бол 2017 онд 50 орчим хувь руу буужээ. Харин Бүс Ба Зам санаачилгад оролцогч орнуудын хувьд энэ үзүүлэлт 20 хувиас 34 хувь болтлоо өсөөд байна. Хятадын Засгийн газар энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Бүс Ба Зам хэмээх брэнд нэрийг ашиглах тал дээр ч шалгуураа өндөрсгөж, оролцогч орнуудыг өрөнд унагах вий гэсэн болгоомжлолыг бууруулах алхам авч байгаа аж. Гэхдээ сайн төсөл хангалттай олон биш байгаагаас гадна хувийн сектороос санхүүжилт татахад учирч буй хүндрэл, валютын эрсдэл зэргээр асуудал хязгаарлагдахгүйг Bloomberg Intelligence онцолжээ. Өөрөөр хэлбэл Хятадын дэд бүтцийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд “санхүүжилт татахуйц” буюу банк, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангах төсөл хангалтгүй байгаа нь гол асуудал болж буй.

Хөгжиж буй 45 орны хувьд Бүс Ба Зам санаачилгын хүрээнд хэрэгжих төслүүдийн санхүүжилтийг бүрдүүлэхэд 2018-2030 онд жил бүр 1.7 их наяд ам.долларыг хувийн сектороос нэмж татах хэрэгтэй гэсэн тооцооллыг Дэлхийн банк гаргажээ. Үүнээс 900 тэрбум ам.долларын төслүүд л хэрэгжиж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 тэрбум ам.доллар, Хятадын Торгоны Зам Сангийн 40 тэрбум ам.доллар, Дэлхийн банкны жил тутмын 59 тэрбум ам.долларын санхүүжилт хангалттай биш гэж Bloomberg Intelligence-ийн шинжээчид дүгнэсэн.
Нөгөө талаас, худалдааны протекционист бодлого газар авч байгаа энэ үед Бүс Ба Зам санаачилга нь ШХАБ-ын орнуудын хувьд хөгжлийн зам болох боломжтой гэж Xinhua-ийн нийтлэлд онцолсон байна. 2018 онд ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 100 тэрбум ам.доллар давахад энэ санаачилга болон Евразийн Эдийн Засгийн Холбоо хоорондын уялдаа сайжирч байгаа нь түлхэц болсон гэж Хятадын тал дүгнэж байна. Өсөн нэмэгдэж буй энэхүү эдийн засгийн харилцаанд Монгол Улс идэвхтэй оролцох байр суурьтай байгаа бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд Чиндаод болсон уулзалтын үеэр Орос-Хятадын хийн хоолойг Монголоор дайруулах саналаа илэрхийлсэн. В.Путин Ерөнхийлөгч ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлж, нарийн судалгаа шаардлагатай гэж мэдэгдсэн юм.

Үүнээс гадна Зүүн хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг манай тал дэвшүүлж байна гэдгээ Бишкекийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путин, Ши Жиньпин нарт хандан хэлсэн. Тэрээр энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс- Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлнэ гэж Владивостокийн эдийн засгийн форум дээр мэдэгдэж байсан удаатай.

АХБ-ны ирүүлсэн мэдээллээс үзэхэд Зүүн хойд Азийн орнууд дэлхийн нийт хүлэмжийн хийн 40 хувийг ялгаруулж байна. “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийг ажил хэрэг болгоход Монголд тодорхой давуу талууд бий. Тухайлбал Монголын нар, салхины кв.цаг тутмын үнэ Зүүн хойд Азидаа хамгийн хямдаас гадна боломжит нөөц бололцоо хамгийн өндөр гэж EDF байгууллага дүгнэжээ. Нөөц боломжийн хувьд ийм байгаа бол боломжит хэрэглэгчдийн тоонд Хятад, Солонгос, Япон багтаж байна. Хятад улс нар, салхины эрчим хүчээр тэргүүлэх болсон бол БНСУ 2019-2040 он хүртлэх Эрчим Хүчний III төлөвлөгөөндөө цахилгаан эрчим хүчнийхээ 25-40 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилт тусгажээ. Японы хувьд энэ төрлийн зорилт нь 20-25% байгаа юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine