Зах зээл - Нүүрс

Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт эхлэв

 

Гашуунсухайт боомтоор эхний ээлжинд 70 чингэлэгт битүү дээвэртэй машинаар нүүрс ачиж, экспортод гаргахад бэлэн болсон талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар өнөөдөр  мэдээлэв.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангасан байна.

Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих, жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах, халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхааруулжээ. Журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ гэж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлээд байгаа юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 6-7-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажилласан. Тэрбээр “Нүүрсний экспорт эхлэхээр жолоочид үдээс өмнө хил гараад хонолгүйгээр орж ирэх ёстой. Хилээр нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устгах, машинаа бүрэн ариутгалт оруулах зэрэг дүрмийг чанд мөрдөх хэрэгтэй. Ер нь боломжийн хэмжээнд эхнээсээ бэлтгэлээ хангаад явж байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ” хэмээн онцолж байсан.

Боомтын ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэсэн бөгөөд Хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдолд жолоочийг шууд тус байранд тусгаарлах юм.

Харин Шивээхүрэн боомтоор өдөрт хорио цээрийн дэглэмийн үед 200 машин гаргах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ариутгалын түр төхөөрөмжийг шинээр хийж, хилийн шалгалтын өмнө бүх ариутгалыг хийхээр бэлгэл ажлаа хангажээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан нүүрсний экспортын мэдээгээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 2.9 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар бага буюу 2.58 сая тонноор буурчээ. Энэ нь коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор нүүрсний экспортыг зогсоосонтой холбоотой юм.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine