Бодлого - Хууль эрх зүй

Үндсэн хуулийн өөрчлөлт эрдэс баялгийн салбарт нөлөөлөх нь

Монгол Улсны Их Хурал 20 жилийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Урьд өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл яригдаж байсан ч тухай бүртээ улс төрийн хүчнүүдийн тэнцвэртэй харьцаанаас хамааран хэлэлцэгдэхгүй өнгөрч байв. Энэ удаад УИХ-д өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, намартаа багтаад батална гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Эрх баригч МАН УИХ-д дийлэнх олонхийн суудал эзэмшиж буй энэ цаг мөчид Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол дахиж ийм боломж ойрын 10-20 жилд олдохгүй хэмээн судлаачид төдийгүй нөлөө бүхий улс төрчид үзэж байгаа юм. Учир нь Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд УИХ-ын 57 гишүүн дэмжсэн байх хуулийн заалттай. Мөн өнгөрсөн оны хавар олон нийтээс санал авахад 327 мянган иргэнээс санал ирсэн хэмээн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах Ажлын хэсгийнхэн мэдээлж байна.

Өмнөх УИХ-ын үед Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар анхлан яригдаж, судалгааны ажил эхэлж, Ажлын хэсгүүд ажиллаж эхэлсэн байдаг. Энэ удаагийн УИХ-аас томилогдсон Ажлын хэсгээс оруулж ирсэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын төсөлд тусгаснаар нийт таван чиглэлд 20 зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан. Тэдгээрээс улс төрийн эрх мэдлийн өөрчлөлт болоод уул уурхайн салбарт эерэг сөрөг аль ч бай хүчтэй нөлөөлж болзошгүй хэд хэдэн заалтыг онцлон хүргэж байна.

59.2 буюу Сумын удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд нарийвчилж харвал байгалийн баялгийг ашиглахтай шууд холбоотой нэг өгүүлбэр орсон. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт, “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. Нэмэлт өөрчлөлтөөр энэхүү өгүүлбэрийн араас “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг нэмэхээр тусгажээ.

Олон жилийн турш ашигт малтмалыг иргэн бүрт өгөөжтэй ашиглахгүй байна гэсэн шүүмжлэл өрнөж, нийгмийн бухимдлыг төрүүлж буй. Энэхүү өгүүлбэрийг нэмж байгаа нь байгалийн баялгийг ашиглах үндсэн зорилгыг их тодорхой болгож буй мэт харагдана. Тэгш байдал, шударга ёс, эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах гэсэн дөрвөн үндсэн зорилгын хүрээнд байгалийн баялгийг ашиглах эрхийг төр баталгаажуулж байна гэсэн үг. Уул уурхайн том төслүүдийг гацаадаг, гадаадын хөрөнгө оруулагчдыг хавчдаг гэх мэт олон сөрөг зүйлийг зогсоох хүчтэй “зэвсэг” ч болж магадгүй юм. Монгол Улс байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах, өгөөжтэй байлгах бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Ашигт малтмалын ордуудаас төвлөрч байгаа роялтийг орон нутагт хуваарилах, баялгийн сан байгуулах гээд чамгүй зүйл санаачилж, хэрэгжүүлэхийг оролддог ч байнга өөрчилж, тогтвортой мөрддөггүйгээс дээрх бодлогын шийдлүүдийн үр дүн гарахгүй байгаа юм.

2017 оны хавар анх олон нийтэд танилцуулагдаж байсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихээхэн хязгаарлахаар байсан юм

Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын салбарын зарим төлөөлөл орон нутгийн засаг захиргааны эрх мэдэл нэмэгдэхээс ихээхэн болгоомжилж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд сумын ИТХ, Засаг даргын эрх мэдлийг маш ихээр нэмэгдүүлж болзошгүй заалт нь 59.2 юм. “Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.”

Энэхүү заалт нь илүү уул уурхайн компаниудад том дарамт болж болзошгүй байна. Сум, дүүргийн Засаг даргыг ард түмний сонгуулиар сонгодог болж, улмаар татвар тогтоох эрх мэдэл өгвөл энэ нь 330 сум нь холбооны муж улс мэт эрх дархтай, тэгсэн хэрнээ популизмд хүчтэй автах нөхцөл бүрдэх магадлалтай юм. Хуулиар бол татварыг зөвхөн УИХ тогтоодог. Харин суманд ямар компаниуд ажилладаг вэ гэвэл дэлгүүр, цайны газар мэтхэн бий. Ингээд үзэхээр ашигт малтмалын хайгуул, олборлолтын компаниудыг тээршааж ирсэн сумын иргэд, удирдлага татварын бодлогоор тогтворгүй байдал үүсгэх магадлал өндөр. Нөгөө талдаа дээрх эрсдэлээс зайлсхийхийн тулд уул уурхайн том компаниуд сумын сонгуульд оролцож эхэлж ч магадгүй байна.

Хуульч О.Алтангэрэл энэ талаар “Сумын Засаг дарга гэдэг хүн орон нутагтай нийгмийн хариуцлагын болон бусад уул уурхайг эрхлэх гэрээ байгуулна гэж байгаа юм. Тэр тохиолдолд уул уурхайн компаниуд сумын удирдлагыг өөрийн хүссэн хүнээрээ тавих бүрэн боломжтой болж байгаа. Үндсэндээ 2000 гаруй хүнтэй, 800-гаад сонгогчтой газар бол хэдэн тэрбумын хөрөнгө эргэлдүүлж байгаа уул уурхайн компаниуд сумын Засаг даргыг томилдог болно. Энэ бол жишиг. Хэн мөнгө тараана, тэр л сумын Засаг дарга болдог болчихсон” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах үндсэн зарчим доор дээрх заалт орж байгаа ч буруу тийш хэрэгжвэл яах вэ гэдэгт хариулт алга. Тиймээс уг заалтыг хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөх байх хэмээн ашигт малтмалын салбарынхан найдаж байна.

Ерөнхийлөгчөөс булаах эрх мэдэл

байна. Харин сөрөг хүчин АН-аас эрх баригчид хүчээр Үндсэн хууль өөрчлөх гэж байна хэмээн шүүмжилж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчөөс санал аваагүй гэдэг асуудал ч яригдаж байгаа ч Ажлын хэсгийн зүгээс Ерөнхийлөгчид хоёр ч удаа саналаа өгөхийг хүсэж хандсан хэмээн мэдэгдээд байгаа юм.

Ерөнхийлөгч өдийг хүртэл тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа нь төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хөндсөн заалт бараг байхгүйтэй холбоотой гэж таамаглахад хүргэж байна. Харин ч зарим талаараа одоогийн Ерөнхийлөгчид ашигтай заалтууд ч туссан байж магадгүй юм. Тухайлбал нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатай ганцхан удаа сонгоно гэсэн заалт нь багагүй шүүмжлэл дагуулж байна. Ялангуяа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 14 жил төрийн эрх барих боломж олгож байна хэмээн хардах нь олон байна. Учир нь уг заалт батлагдвал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас хэрэгжиж эхлэх ба Ерөнхийлөгч Х.Баттулга дахин сонгогдсон тохиолдолд түүнд 2025 онд 6 жилийн хугацаатай дахин сонгогдох боломж бий болж байгаа юм. Үүнийг эсэргүүцсэн хуульчдад Ажлын хэсгийн зүгээс тодорхой хариулт өгөхгүй байгаа юм. Ажлын хэсгийн гишүүн, МУИС-ийн профессор О.Мөнхсайхан “Ерөнхийлөгч идэвхтэй ажилласнаар Засгийн газрыг унагадаг. Муухай харагдуулдаг. Янз бүрийн төвлөрсөн эрх мэдлүүдээрээ намуудын дотоод асуудал руу ордог. Тэгж байж нэр дэвшүүлэх эрхээ олж авдаг. Дахиж сонгогддогтой холбоотой асуудлууд гэж харж байгаа. Тиймээс насны шаардлагыг нь өндөрсгөсөн. Улс төрийнхөө карьерын төгсгөлд нэг удаа зургаан жил ажиллаад явбал өнөөдөр ажиглагдаж байгаа шиг улстөржихгүй. Улстөржилт арай багасна. Улс төрд хэтэрхий идэвхтэй оролцдог нь татарна гэж харсан. Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч идэвхгүй субьект байх ёстой” хэмээн тайлбарлаж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2017 оны хавар анх олон нийтэд танилцуулагдаж байсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ихээхэн хязгаарлахаар байсан юм. Тухайлбал хууль санаачилдаг эрх, Засгийн газарт чиглэл өгдөг эрхийг нь бүр мөсөн хасаж, нийт шүүгчдийг томилдог байсныг ёсчилдог болгон өөрчлөхөөр яригдаж байв.

Одоо хэлэлцэгдэж байгаа төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах заалтууд бараг байхгүй болсон гэхэд болно. Гагцхүү шүүхийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй, шүүгчдийг томилдог эрх мэдлийг нь тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгөхөөр тусгасан байна. Тухайлбал Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүдийн тавыг нь шүүгчид тодроосоо сонгодог бол үлдсэн тавыг нь УИХ томилдог болж байна. Харин Ерөнхийлөгч ШЕЗ-өөс мэдүүлсэн шүүгчдийг 21 хоногийн дотор томилох бөгөөд томилоогүй тохиолдолд олон нийтэд шалтгаанаа мэдээлдэг болох аж. Шүүхийн хараат бус байдлыг хангах, ШЕЗ-ийн гишүүдийн томилгооны асуудлуудыг зохицуулсан заалтууд дээр хуульчид олон байр сууринаас хандаж, маргаантай байгаа юм. МУИС-ийн профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуульд огт тусаагүй эрх мэдлүүдийг сүүлийн 27 жилд Ерөнхийлөгч дээр овоолсон. АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох гэх мэтчилэн олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгснөөр төрийн тэргүүн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гээд бүгд рүү нь ордог, нөлөөлдөг, хяналт тэнцэл, эрх мэдэл хуваарилалтыг алдагдуулдаг болсон. Маш олон шүүгчийг ямар ч үндэслэл хэлэхгүйгээр түдгэлзүүлчихлээ. Шүүгчийн хараат бус байдал руу халдсан ноцтой шийдвэр. Энэ мэтчилэнг хорих зорилгоор Үндсэн хуульд заагаагүй эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгч болохгүй гэсэн өөрчлөлт орж байгаа” хэмээн тайлбарлаж байна.

Олон жил дуншсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал энэ намартаа багтан шийдэгдэх нь тодорхой болж байна. Хэд хэдэн удаа сөхөгдөж байсан улс төрийн тогтолцооны асуудал хөндөгдөхгүй, мөн эрх баригч МАН УИХ-д дийлэнх олонх байгаа болохоор Үндсэн хууль өөрчлөгдөнө гэхэд болохоор байна. Энэ удаагийн өөрчлөлт нь өнгөрсөн 20 жилд бий болсон улс төрийн хямралын шалтгааныг засах гэдэгт илүү төвлөрсөн гэхэд болох байх.

Монгол Улс хөгжихгүй байгаа, ядуурал буурахгүй, ажлын байр хангалттай бий болохгүй байгаагийн үндсэн шалтгаан нь улс төрийн хямрал юм. Улс төрийн хямрал нь эдийн засагтаа нөлөөлж, улмаар нийгмээ хямруулдаг. Тогтолцооны ийм хямралыг засах хамгийн шударга шийдэл нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Ерөнхий сайд нь хариуцлагаа хүлээж, манлайлал үзүүлэх эрх мэдэлтэй болж, шүүх тогтолцоо нь улс төрчдөөс ангид байх, улсын төсвөөр дамжин эдийн засагт хор хохирол учруулдаг популизмын нөлөөг бууруулах гэсэн зарчмын саналууд нь хүссэн эерэг үр дүнгээ өгөх эсэхийг хүлээх л үлдлээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine