Түүхий эд - Нүүрс

Саудын Араб газрын тосны үнийн дайн эхлүүллээ

Саудын Араб газрын тосны үнийн дайныг эхлүүлснээр өнөө өглөө газрын тосны ханш 30 хувь унаж дөрвөн жилийн доод түвшинд хүрчээ. 

Корона вирусийн нөлөөгөөр хүчтэй сулраад байгаа эрэлтийн эсрэг үнийг тогтвортой барихын тулд гарцаа их хэмжээгээр бууруулахаас ОХУ татгалзсаны хариуд Саудын Араб гарцаа нэмэгдүүлж, түүхий тосыг урьд өмнө байгаагүй хямдралтай үнээр санал болгов. 

Нэг өдөрт ажиглагдсан хамгийн том уналт болж түүхэнд бичигдлээ

Брент газрын тосны ханш олон улсын зах зээл дээр баррель тутамдаа 45 ам.доллараас буурч 31.02 ам.доллар болсноор нэг өдөрт ажиглагдсан хамгийн том уналт болж түүхэнд бичигдлээ. 

Энэ огцом уналт нь олон улсын санхүүгийн зах зээлүүдэд ч шокын нөлөө үзүүллээ. Азийн арилжааны цонх нээлттэй байх үеэр АНУ-ын хувьцаануудын фьючерс ханш унаснаар, Уолл Стрийт нээгдэхэд S&P 500 индекс таван хувь, FTSE 100 индекс 3.7 хувиар тус тус буурах төлөвтэй байна. Ази-Номхон Далайн бүс нутагт уналт илүү хүчтэй байна. Сиднейн S&P/ASX 200 индекс 8.5 хувиар буурсан бол Токиод Topix индекс 5.9 хувиар унажээ. 

Эсрэгээрээ бондуудын ханш өсөж эхэлжээ. Мөн алтны ханш 1.3 хувиар чангарч унци нь 1694.42 ам.доллар хүрэв. 

Энэ үеэр ам.долларын ханш олон улсын мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг 0.5 хувиар суларчээ. Японы иен ам.долларын эсрэг 1.8 хувиар, евро нэг хувиар тус тус чангарсан байна. Гэхдээ газрын тос олборлодог улс орнуудын валют хүчтэй суларсны дотор Канад доллар 1.3 хувь унасан бол Норвегийн кронь ам.долларын эсрэг 4.7 хувь суларснаар 1985 оноос хойшхи хамгийн доод түвшинд хүрчээ. 

Саудын Араб ирэх сард нэг өдрийн олзворлолтоо 10 сая баррель хүргэж гол зах зээлүүддээ бараг 20 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болоод байна. Өмнө нь өдөр тутмын олзворлолт есөн сая тонн хүрдэггүй байсан бол цаашид 11 сая тоннд хүрч болзошгүй гэдгийг Сауди Арабын газрын тосны бодлого боловсруулагчидтай ойр байдаг нэгэн эх сурвалж мэдээлжээ. 

Корона вирусийн бий болгосон нөхцөл байдал болон үнийн дайн хавсарснаар түүхий газрын тосны ханш 20 ам.доллар хүртэл унах эрсдэлтэй гэж "Goldman Sachs" анхаарууллаа. 

Корона вирусийн дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон үеэр БНХАУ-ын газрын тосны эрэлт 20 гаруй хувиар буюу нэг өдрийн хэрэглээ нь гурван сая баррелиар буурсан гэсэн албан бус мэдээлэл бий. Хятад нь дэлхийн газрын тосны гурав дахь том хэрэглэгч бөгөөд дэлхийн нийт эрэлтийн 15 орчим хувийг дангаараа бий болгодог улс юм. Үүнээс гадна Корона вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвчлөл бүртгэгдсэн улс орнуудад гадаад, дотоод нислэг, тээврийн хөдөлгөөн удааширснаар дэлхийн эрэлт их хэмжээгээр сулраад байгаа билээ.

"Гарцаа танах хэлэлцээрийг дэмжээгүйнхээ төлөө ОХУ өдөр тутамд 100-150 сая ам.долларын алдагдал хүлээхэд хүрч байна" хэмээн "Лукойл" компанийн хамтран эзэмшигч Леонид Федун хэлжээ. Саудын Арабын хувьд мөн дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн 18 хувийг үйлдвэрлэдэг дэлхийн хоёр дахь том нийлүүлэгч бөгөөд 2018 онд түүхий газрын тосны экспортоос 294.5 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин ОХУ тухайн жил 129.2 тэрбум ам.долларын орлого олж байжээ. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine