Бодлого

Д.Сумъяабазар: Хил гаалиа хэрхэх асуудлаар Хятадын талтай ярилцана

Корона вирустэй холбоотойгоор Монголын нүүрсний экспорт зогссон. Энэ нөхцөл байдал улсын төсвийн орлогыг нэг их наяд төгрөгөөр тасрахад нөлөөлсөн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцоллоо. Тэрбээр "Энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт Гашуун Сухайт, Шивээхүрэнгийн боомт руу явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Шаардлагатай халдваргүйжүүлэлт, жолооч нарийн эрүүл ахуйтай холбоотой асуудал дээр анхаарч ажиллана. Мөн хил гаалиа хэрхэн шийдэх асуудлаар Хятадын талтай ярилцана. 

Нүүрс тээвэрлэлт аль аль талдаа тэг зогсолт хийсэн, эрэлт нийлүүлэлт гацсан тохиолдол анхных гэж хэлж болно. Үүнийг зөв урагшлуулах үүднээс "Тавантолгой" ХК, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудтай өдөрт гаргах нүүрс тээвэрлэлтийн квот 200 эсвэл 400 машин байх уу, зардал өртөг ямар байх талаар ярилцаж байж шийдвэрлэнэ” хэмээлээ.

Мөн тэрбээр нэр төрөө сэргээлгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийг  шүүхэд албан ёсоор өгч буйгаа мэдэгдлээ. 

Д.Сумъяабазар сайдын тухайд “УУХҮЯ-ны бүхий л үйл ажиллагаа УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу тогтоол, шийдвэртэй хуулийн дагуу явсаар ирсэн. "Эрдэнэс Тавантолгой" компанийн тухайд ч авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд бүгд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын өгсөн зөвлөмж, тогтоолын дагуу хийгдсээр ирсэн. Харин С.Эрдэнэ нь салбарын яамны олон ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг илтэд гуйвуулсан,  хувь хүний нэр хүндэд халдсан, гүтгэсэн мэдээллийг удаа дараалан олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр ийнхүү шүүхэд хандаад байгаа юм байна. 

Тэрбээр “Тавантолгой ордоор битгий улстөржөөч ээ. Улсын эрх ашиг аль нэг намын эрх ашгаас дээр шүү дээ. Тавантолгой ордтой холбоотой Засгийн газрын арав гаруй тогтоол бий. Өнөөдөр бид  Тавантолгой ордод 750 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийгээд явж байна. 2020 ондоо Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусна. Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам зэрэг ашиглалтад орвол жилдээ төмөр замаар 50 сая тонн нүүрс гарна. Ханги Мандал болон Гашуунсухайтын авто замаар 20 сая нүүрс экспортод гаргах тооцоо бий. Энэ эрчээрээ боловсруулах үйлдвэрээ яаралтай барихаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын ажлууд хоорондоо уялдаа холбоотой явж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг гэж бидний өнөөдөр авч байгаа 96000 төгрөгийг улам өсгөхийн тулд бид ажиллаж байна. Гэтэл бүтэн хоёр жил гаруй хугацаанд намайг гүтгэлээ” хэмээв. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine