Компани - Оюутолгой

Шинэ зөвшилцөл - Арбитрын шүүх

Asia Mining Magazine-н 2018 оны 10-р сарын №012  дугаарт хэвлэгдсэн 

Засгийн газар “Рио Тинто” компанитай Арбитрын шүүхэд очих нь нэгэнт ойлгомжтой байна. Үүнийг холбогдох албан тушаалтнуудын мэдэгдэл болон өрнөж буй үйл явдал тодорхой харуулж байгаа юм. “Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группын захирал Арнауд Суарат 10 дугаар сүүлийн долоо хоногт ээлжит удаагаа Монголд ажиллаад буцсан. Энэ үеэр Засгийн газрын холбогдох сайд нартай уулзжээ. Үүний нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагваар ахлуулсан “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг”-ийн дүгнэлт эцэслэлгүй чамгүй хугацаа өнгөрөв. Ажлын хэсгийн гишүүд бүгд гарын үсэг зураагүй байгааг Ажлын хэсгийн ахлагч мэдэгдсэн. Тэд нэг л зүйлийг хүлээгээд байх шиг.

Татварын маргааныг хэрхэн эцэслэх вэ?

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар “Рио Тинто”-той Арбитрын шүүхэд очиход буруудах зүйлгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн нь ихээхэн анхаарал татаж байна. Түүний “Блумберг ТВ Монгол”-оор өгүүлснийг сийрүүлбэл “Оюу толгой” ХХК-д 155 сая ам.долларын татварын акт тавьсан бөгөөд компанийн зүгээс 35 сая ам.доллар төлөөд асуудлыг ахин хэлэлцэхгүй байх санал Засгийн газарт тавьжээ. Харин Засгийн газар саналыг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлсэн бөгөөд “Татварын асуудлаар Арбитрын шүүхэд өчнөөн л маргаан гардаг. Манай эхний маргаан болох учраас манай улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй” хэмээн ЗГХЭГ-ын дарга өгүүлсэн.

Гурван жилийн өмнө Татварын албанаас “Оюу толгой” ХХК-д 130 сая ам.долларын акт тавьсныг нэхэн саная. “Рио Тинто” болон “Оюу толгой” үүнийг хүлээн зөвшөөрөлгүй эсэргүүцэж, улмаар татварын маргаан гүний уурхайн бүтээн байгуулалт зогсох нэг шалтгаан болж байв. Тухайн үед ч мөн “Рио Тинто”-гоос Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч магадгүй хэмээн битүүхэн “сүрдүүлж” байлаа. Эдийн засгийн уналтыг зогсоох даалгавар авсан Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Рио Тинто”-д буулт хийж, “Оюу толгой” ХХК 30 сая ам.доллар төлж маргаан эцэслэсэн юм. Тухайн үед “Эрдэнэс Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ганболдын хэлснээр хоёр тал хуулийн тогтворжуулалт зэрэг хэд хэдэн зүйл дээр ойлголтын зөрүүтэй байснаас маргаан үүдсэн гэдэг.

Сонирхолтой нь, энэ удаад таван сая ам.доллар буюу 11 тэрбум төгрөгийн зөрчлийг “Оюу толгой” ХХК хүлээн зөвшөөрч өнгөрсөн хавар төлж барагдуулснаа мэдэгдэж байв. Энэ нь “Оюу толгой” ХХК-д их бага хэмжээгээр эргэлзэх шалтгаан болж байна. Таван жилийн өмнө ч тус компани санхүүгийн баримтуудаа Улаанбаатарт биш Бээжинд хадгалж, монгол хэл дээр хөрвүүлээгүй байсан гэх мэтээр шүүмжлэлд өртөж байлаа.

 Засгийн газар болон “Рио Тинто”-гийн аль аль нь Арбитраас айхгүй байна

“Рио Тинто”-гийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээнд харшилж байгаа учраас үлдсэн 150 сая ам.долларыг төлөх үндэслэлгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа. “Маргааныг тасалж чадахгүй бол Олон улсын Арбитрын шүүхэд хандах нөхцөл үүснэ. Хоёр тал ойлголцолд хүрч чадахгүй байгаа тохиолдолд гуравдагч этгээдээр хянуулж, ойлголцох явдал бизнест байдаг л зүйл” хэмээн тус компанийн Зэс, Очир эрдэнийн группын Гүйцэтгэх захирал Арнауд Суарат саяхан Улаанбаатарт ирэх үеэрээ мэдэгдсэн. Тэгэхээр Засгийн газар болон “Рио Тинто”-гийн аль аль нь Арбитраас айхгүй байна.

Талууд Арбитраар асуудлаа шийдүүлэх нь зөв гэдгийг өнгөрсөн удаагийн маргаан шийдвэрлэсэн туршлагаасаа суралцсан биз. 2015 онд эхний татварын маргааныг шийдвэрлэсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг товчхондоо “Дубайн гэрээ”-г албан тушаалаа урвуулан ашиглаж байгуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, сар илүү хугацаагаар цагдан хорьсон.

Хэрэв энэ удаад 35 сая ам.долларын саналыг Засгийн газар хүлээн авбал мөн л хаа нэг газар гэрээ байгуулж таарна. Ханбогдын гэрээ гэнэ үү, Харилцан ойлголцлын санамж бичиг гэнэ үү, түүн дээр гарын үсэг зурсан хэнбугай ч дээрхийн адил хэрэгт татагдах нь цаг хугацааных. Тиймээс эцсийн шийдвэрийг Арбитраар гаргуулах нь эрх мэдэлтнүүдэд халгаагүй зам. “Олон улсын Арбитрын шүүх ингэж шийдсэн” хэмээн тайлбарлах юм бол гарын үсэг зурсан албан тушаалтнууд хариуцлагаас мултрах боломжтой. Нөгөө талд “Рио Тинто” ч мөн адил Арбитраар шийдвэрлүүлэх сонирхолтой байгаа нь ойлгомжтой. 

Өнгөрсөн удаад 30 сая ам.доллар төлсөн, энэ удаад таван сая ам.доллар төлчихөөд дахиад 35 сая ам.доллар төлөх гэж байгаагаа тэд хувьцаа эзэмшигчдэдээ тайлбарлах шаардлагатай болно. Татвараас зугтаж, тэр нь “азаартахад” үнэхээр авлигадаад байгаа юм биш биз хэмээн хөрөнгө оруулагчид эргэлзээд эхэлбэл тус компанийн нэр хүндэд сайнаар нөлөөлөхгүй нь лавтай.

Ямар ч байсан маргаан Арбитрын шүүхэд очиход гайхах зүйлгүй. Шалтгаан нь тийм ч ноцтой биш. Нэг нь дотоод, гадаад сөрөг хүчнийхэнд, нөгөө нь хувьцаа эзэмшигчдэдээ өгөх тайлбараа Арбитраар “хэлүүлэхийн” төлөө. Түүнээс биш, тохиролцож чадахгүй, гэрээгээ цуцлах дээрээ тулсан хэрэг огт биш.

Хөрөнгө оруулалтын гэрээний хоёр дахь өөрчлөлт

Оюу толгой төслийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулснаас хойш ганц л удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 2011 онд хийсэн тэрхүү өөрчлөлтөөр төслийн санхүүжилттэй холбоотой хэд хэдэн асуудлыг шийдсэн. Тухайлбал, нийгэмд хамгийн их маргаан дагуулаад байсан Монголын талын эзэмших 34 хувь буурна гэсэн хардлагад хариулт болгож, Хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээ шинээр байгуулж байв. С.Баярцогт, Д.Зоригт нарын ахалсан Засгийн газрын Ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын гэрээний өгөөжийг Монголд илүү ашигтай болголоо хэмээн мэдэгдэж байсан билээ.

Гэрээний өөрчлөлтийн үр дүнд санхүүжилтийн хүүг бууруулсан нь Засгийн газрын хувьд амжилт байлаа. Засгийн газар Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшихийн хэрээр төслийн санхүүжилтэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Туркойз Хилл Ресурс” компаниас гаргуулж, хожим хүртэх ногдол ашгаасаа төлөхөөр “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд тусгасан байдаг. Өдийг хүртэл Засгийн газрын авсан зээл нь нэг тэрбум орчим ам.доллар. Үүний хүү нь LIBOR + 6.5 хувь юм. Бүр анхны гэрээнд бол хүү АНУ-ын жилийн инфляци дээр нэмэх нь 9.9 хувь байсан.

“Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хоёр дахь өөрчлөлт тун удахгүй хийгдэж магадгүй

Дээрх өөрчлөлтөөр орсон нэг гол заалтын дагуу “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний хоёр дахь өөрчлөлт тун удахгүй хийгдэж магадгүй нь. Учир нь санхүүжилтийн хүүг долоон жил тутам хэлэлцэж, нөхцөл байдалтай уялдуулан өөрчилж байх заалтыг тухайн үед оруулжээ. Энэхүү заалтын дагуу энэ жил санхүүжилтийн хүүг бууруулах боломж үүссэнийг Засгийн газар ашиглаж байгаа хэрэг.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын мэдэгдсэнээр Оюу толгой төслийн санхүүжилтэд Монголын Засгийн газраас оруулж буй санхүүжилтийн хүүг бууруулах тал дээр “Рио Тинто”-той тохиролцсон гэв. “Рио Тинто” ч үүнийг шууд үгүйсгэсэнгүй. Ноён Арнауд Суарат “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Туркойз Хилл Ресурс” компаниас "Оюу толгой" төслийг хөгжүүлэхээр авсан зээлийнхээ хүүг бууруулах хүсэлт удаа дараа тавьсан. Хүүг бууруулахын тулд эхлээд төслийн эрсдэлийг багасгах ёстой. Иймээс Засгийн газартай төслийн эрсдэлийг бууруулах гэж юуг хэлэх вэ, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр ажиллаж байна” хэмээн хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Энэхүү эрсдэлийг бууруулах шаардлага гэдэг нь тогтвортой байдал юм. Тэд найман жилийн хугацаанд зургаан Засгийн газарт “ноолуулсан” шүү дээ.

Хүүг хэдэн хувьд хүргэхээр болсон нь одоогоор тодорхой бус. Гэхдээ гурван жилийн өмнө далд уурхайн санхүүжилтэд босгосон 4.4 тэрбум ам.долларын хүүнээс илүүгүй байх талаар ярилцаж байгаа хэмээн “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” компаниас урьд нь мэдээлж байсан юм. Английн банк хоорондын захын хүү өссөнөөр санхүүжилтийн хүү 10 хувь руу дөхөж байгаа нь Засгийн газарт ашиггүй болж хувирч байгаа. Эх сурвалжуудын хэлж буйгаар Засгийн газар Чингис бондын хүүтэй ойролцоо байлгахыг зорьж байгаа бол “Рио Тинто” далд уурхайн санхүүжилтийн хүү дээр нэмэх нь эрсдэлийг тооцох замаар хүүг тогтоох саналтай байгаа гэнэ.

Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн тохиролцоонд хүрсэн хамгийн гол асуудал нь татварын маргаан, Хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлт. Үүнээс гадна хэд хэдэн асуудал бий ч ач холбогдол нь өмнөх хоёртойгоо харьцуулахад төдийлөн чухал биш юм. Цахилгаан станцын тухайд Тавантолгойн орд дээр хамтран барихаар болсон, Эрчим хүчний яам тэргүүтэй холбогдох албаныхан хэлэлцээр хийж байгааг мэдээлсэн. Товчхондоо 10 сарын өмнөх нөхцөл байдал буцаад бүрдлээ. Ганц шинэ зүйл нь Оюу толгой дотоодын сүлжээнээс боломжит илүүдэл эрчим хүчийг авахаар болсон.

Мөн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. “Оюу толгой” ХХК-д “зориулсан” уг хуулийн төсөл батлагдах эсэх, батлагдлаа гэхэд хэрэгжих баталгаа үгүй. “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г зөрчих, цаашлаад гүний уурхайд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон гадны 20 банкны эсэргүүцэлтэй тулгарах л болно. Хоёрхон жилийн өмнө “Оюу толгой”-н орлогыг дотоодын банкаар дамжуулах хуулийн заалт батлагдаж, удалгүй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд хүчингүй болгож байсан билээ.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine