Зах зээл - Ховор элемент

Худалдааны дайны шинэ зэвсэг “эрдсийн салбар”

Хоёр аварга эдийн засгийн тэмцэл эцэслэх шинж хараахан алга. БНХАУ-ын хувьд энэ зөрчлөөс аль болох бага хохирол амсахыг хичээж буйгийн зэрэгцээ бизнесүүдээ хамгаалахын тулд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авах тодорхой шаардлага үүсээд байгаа. Тэгэхдээ, уламжлал ёсоор аажим, чимээгүйгээр буюу дипломат хэллэг, өнгөц шалтаг дор халхавчилсан “сум”-аа АНУ руу хэдийнэ нүүлгээд эхэлсэн байж. Харин энэ бүхэн нь нөхцөл байдлыг улам дордуулах уу, үгүй юү гэдэгт хөндлөнгийн шинжээчдийн ихэнх нь эерэг үр дүн хүлээхгүй байгаагаа илэрхийлж байна. Татвараар эхэлсэн зөрчилдөөн бизнесийн талбар, нийлүүлэлтийн сүлжээнд шилжиж цар хүрээгээ тэлэв. Цаашдаа эрдэс баялгийн бизнест илүү хүчтэй нөлөө үзүүлэх дүр зураг харагдаж байна.

Алт ба зэс

Алт болон зэсийн хувьд сүүлийн хоёр сар урвуу хамааралтай өнгөрч байна гэхэд болно. Алтны ханш есөн хувиар өссөн бол зэсийн ханш зургаан хувиар буурав. Тус тусын онцлог нь өнгө адил хоёр эрдсийн ханш урвуу байхад нөлөөлж байна.

Худалдааны дайнд оролцсоноор валютын нөөцөө ихээхэн дундалсан Хятад улс үндэсний валют болон санхүүгийн орчны хамгаалагчаар алтыг “томилсныг” сүүлийн үеийн статистик мэдээллээс харж болно. Хятадын Ардын банкны нөөцөлсөн гулдмайн хэмжээ зургаа дахь сараа дараалан өссөн бөгөөд сүүлийн нэг сарын хугацаанд 61.1-61.61 сая унц болж нэмэгдэв. Үүнийг тоннд шилжүүлбэл 15.86 тонноор өссөнийг илтгэх бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сарын хооронд нийт 58 тонн алт худалдан аваад байсан юм. Чиг хандлага энэ хэвээр үргэлжилбэл Хятадын Төв банк 2019 онд 150 тонн алт худалдан авах тооцоог Argonaut Securities (Asia) -ийн шинжээч Helen Lau хийжээ. “Худалдааны маргаан болон технологийн хүйтэн дайн ч гэж хэлж болох нөхцөлд ам.долларын эрсдэлийг саармагжуулах алхам” гэж TD Securities-ийн Таваарын стратеги төлөвлөлтийн тэргүүн Bart Melek хэлжээ. Нэгдүгээр улиралд Хятадын Төв банкны худалдан авсан алт нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр дүн болохыг Дэлхийн алтны зөвлөл нотолж байна. Хятадын Төв банкны уг үйлдэл алтны ханшийг огцом өсөхөд нөлөө үзүүлж байна.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Холбооны Нөөцийн банк эдийн засгийн идэвхгүй байдлыг харгалзан бодлогын хүүгээ бууруулах боломжтой хэмээн мэдэгдсэн нь бас л алтны ханш өсөхөд нөлөөлж байна. Шар гулдмайн үнэ 2018 оны дөрөвдүгээр сараас хойш хамгийн өндөр цэгтээ хүрээд буй. Тавдугаар сарын сүүлчээс эхлэн унц алтны үнэ 1280 ам.доллараас 1400 ам.доллар буюу бүтэн 9 хувиар өсөөд байна. Шинжээчид оны төгсгөлд алтны үнэ 1400 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан ч ийн богино хугацаанд дээрх түвшинд хүрлээ.

Хөрөнгө оруулагчдын хувьд худалдааны маргаан эдийн засгийн өсөлтийг удаашруулж металлын эрэлтийг сулруулах вий гэсэн айдастай байгаа нь зэс, хөнгөн цагаан дээр тодорхой харагдаж байна. Худалдааны дайны өрнөл маш хурцадмал болсноор зэсийн үнэ улам унах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа. Улбар шар металлын ханш Лондонгийн металлын бирж дээр сүүлийн дөрвөн сарын хамгийн доод түвшинд хүрч унав. Тавдугаар сарын эхээр тонн нь 6200 ам.доллараас дээш тогтож байсан бол зургадугаар сарын эхний 10 хоногт 5800 ам.доллараас доош орлоо. Үнэ ийн унахад Замби улс зарим уурхайгаа төрийн мэдэлд авахаар болсон гэх мэт мэдээллээс гадна АНУ Хятадын бараанд татвар нэмэгдүүлж тавьсан нь голлон нөлөөлсөн юм.

“Societe Generale”-ийн шинжээч Робин Бар макро эдийн засаг болон худалдааны нөхцөл байдал муудаж байгаа нь металлын үнийг бууруулж, томоохон хөрөнгө оруулагчдыг хувьцаагаа зарахад хүргэж байгааг хэлжээ. Харин худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагч цөөн бөгөөд тодорхойгүй байдлаас зайлсхийж байгааг тэрбээр онцолсон байна. “Гленкор” компани зэс олборлолтын томоохон тоглогчдын нэг бөгөөд бусад гигант компаниудаасаа ялгаатай нь зэс, хөнгөн цагаан зэрэг металлын бизнес түлхүү эрхэлдэг. Тус компанийн хувьцааны ханш зэс болон бусад металлын үнийг даган дөрөвдүгээр сарын дундаас хойш 25 хувиар унаад байна. Бусад гигант “Би Эйч Пи”, “Рио Тинто”, “Вале” нарын хувьцааны ханш харьцангуй тогтвортой байгаа юм.

Уул уурхайн бизнесийн оролцогч талуудын хувьд бизнесээ тогтвортой авч үлдэхэд худалдааны дайн хэр удаан үргэлжлэхээс их зүйл шалтгаалах болоод байна.

Газрын ховор элементийн нөлөө

Даамжирч буй худалдааны дайнд давуу байдал олж авахын тулд Бээжин газрын ховор элементийг ашиглаж эхэллээ. Ердөө саяхныг хүртэл худалдааны маргаанд давуу тал олох магадлал Бээжинд маш бага байсан юм. Тэд АНУ-ын газрын ховор элементийн импортын 80 хувийг нийлүүлдэг давуу байдлаа ашиглаж эхэлсэн нь тавдугаар сард тодорхой болсон.

Хятадын гаалийн байгууллагаас нэгтгэсэн мэдээллээс үзэхэд тавдугаар сард газрын ховор элементийн экспорт 3640 тонн болсон нь дөрөвдүгээр сарынхаас 16 хувь, өнгөрсөн жилийн мөн үеэс 18 хувь тус тус буурсан үзүүлэлт юм. Далайн тээвэр нь сараас сард улам багассаар энэ жилийн эхний таван сарын байдлаар 19266 тонн хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурсан дүн аж.
Энэ нь Huawei Technologies компанийг АНУ хар жагсаалтад оруулж, Америкийн харилцагчдад ухаалаг утас, сүлжээний төхөөрөмжөө нийлүүлэх боломжгүй болгосны хариуд Хятад юу хийж чадахаа харуулж буй хэрэг гэж шинжээчид үзэж байна. Тавдугаар сарын дундуур Мьянмарын импортод хориг тавьсны дараагаар Хятадад газрын ховор элементийн үнэ огцом өссөн бөгөөд шинжээчид энэ явдлыг “Эрдэс бүтээгдэхүүнийг худалдааны дайны зэвсэг болгон ашиглаж байна” хэмээн дүгнэж байна. Түүнчлэн Хятадын төрөөс “Экспортод хяналт тогтоох асуудлыг судалж байна” гэж мэдэгдсэний дараагаар ховор элементийн үнийн өсөлт үргэлжлэх хандлагатай болжээ.

“Цахилгаан бараа, нийлмэл хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, эрчим хүч хуримтлуулах систем гээд өргөн хэрэглээний гол орц болдог тул АНУ газрын ховор элементийг Хятадаас импортолсоор л байх болно. Хятадаас импортлох нь дотооддоо олборлохоос хямд шүү дээ” хэмээн Блумберг Интеллеженсийн ахлах шинжээч И Зу өгүүлэв. Газрын ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч Азийн эл том үндэстэн АНУ-ын импортын 80 орчим хувийг хангадаг юм.

SMM Information & Technology Co.-ийн шинжээч Wu Xiaofeng-ийн хэлж буйгаар АНУ-ын импортын тариф нэмэгдсэн болон Мьянмараас хийх импортод хориг тавьсан зэрэг шалтгааны улмаас Хятадын дотоодод үнэ өссөний дараагаар далайн тээвэр буурч, экспорт саарсан. Мөн дотоодын газрын ховор элементийн уурхайнуудад Ши Жиньпин дарга зочилсон нь Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, үнийг өсгөнө гэсэн таамаглалыг улам өдөөжээ.

Худалдааны дайнд Хятад улсын чадлыг АНУ дутуу үнэлж болохгүй гэж People’s Daily эрхлэгчийн зурвастаа өгүүлээд түүхийн зарим баримтыг улсынхаа байр суурийг илэрхийлэх зорилгоор ашиглажээ.

Уг нийтлэлд “Анхааруулаагүй л гэж битгий хэлээрэй” гэсэн утга бүхий хэлц үг ашигласан байна. Энэ хэлцийг тус сонин 1962 онд Хятад-Энэтхэгийн дайн болон 1979 онд Хятад-Вьетнамын мөргөлдөөн эхлэхийн өмнө хэрэглэж байсан аж. “Хятадын дипломат хэлийг гадарлах хүмүүс энэ хэлцийн утгыг сайн мэднэ” гэж Коммунист намын харьяа хэвлэл Global Times бичсэн байна.
Гэхдээ худалдан авагчдын талаас Хятадыг зах зээлийг энэ аргаар хянаж чадахгүй гэж үзэх хандлага ч гарч байна. Хэдийгээр газрын ховор элемент гэж нэрлэж буй болов ч үнэндээ тийм ч ховор биш бөгөөд дэлхийн хаа сайгүй олборлох боломжтой билээ. Япон улс саяхан Минамитори арал дээрээс газрын ховор элементийн томоохон орд олсон байна. 16 сая орчим тонн нөөц далайн гүний шаварлаг хэсэгт байгаа бөгөөд үүнээс дэлхийн эрэлт хэрэгцээний талыг хангах боломжтой гэж судлаачид үзэж байгаа аж.

Нөгөө талд Хятадын ноёрхлоос өмнө америкчууд дэлхийн эрэлтийг хангаж байсан гэж хэлж болох бөгөөд тэд 1952 оноос хойш ашиглагдаж, нэгэн үе дангаараа дэлхийн нийлүүлэлтийн 80-аад хувийг хийж байсан Моунтайн пасс хэмээх орд бий. Хэсэг хугацаанд нам гүм байсан уг орд 2017 онд шинэ эзэнтэй болж ахин олборлож эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил 15 мянган тонныг олборложээ. Үүнээс гадна АНУ-ын геологичид 10 шинэ орд нээгээд буй.

2018 оны тавдугаар сард АНУ-ын Дотоод хэргийн яамнаас газрын ховор элементүүдийг оролцуулаад чухал эрдсийн жагсаалт хэмээн 35 төрлийн эрдэс бүтээгдэхүүнийг баталсан байдаг. Энэ нь “Чухал эрдэс бүтээгдэхүүний аюулгүй байдал болон нийлүүлэлтийн хамаарлыг хангах Холбооны улсын стратеги” гэх баримт бичгийг хэрэжүүлэхтэй холбоотойгоор батлагдсан байдаг.



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine