Үйл явдал

Корона вирусийн эсрэг тэмцэхэд зориулж уурхайчид хандивын аян зарлав

Монголын Эрдэс баялгийн салбарынхан дэлхийн олон оронд тархаад буй Корона вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аяныг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Хандивын аян нэг сар үргэлжлэх бөгөөд цугларсан мөнгийг БНХАУ-д корона вирусийн эсрэг тэмцэхэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсад уг вирусээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна. 

Энэхүү хандивын аяныг “Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци”-ас санаачилж, “Монголын геологийн холбоо”, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, “Монголын Үндэсний Аж үйлдвэрийн зөвлөл”, “Монголын нефть, хийн үндэсний ассоциаци”, “Монгол нүүрс ассоциаци”, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” зэрэг Монголын эрдэс баялгийн салбарт ажилладаг холбоод хамтран ажиллахаар болсон байна. Холбоодын зүгээс нэг өдрийн цалингаа хандивлахаа мэдэгджээ. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын Гүйцэтгэх захирал Д.Энхболд "БНХАУ нь манай улсын хувьд, тэр дундаа эрдэс баялгийн салбарынхны хамгийн ойрын, хамгийн том түнш. Тийм болохоор Монголын уул уурхайн салбарынхан тус улсад гарсан корона вирусийг дарахад сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Монголын уул уурхайн салбарт ашигт малтмал эрэн хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг 2200 гаруй компани, 70 мянга гаруй уурхайчин байдаг бөгөөд уг аяныг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлов.

Салбарын төлөөлөл өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай уулзаж, уг хандивын аяныхаа талаар мэдээлэв. Салбарын яамны сайд Д.Сумъяабазар хандивын аяныг дэмжиж буйгаа илэрхийлж нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Уг хандивыг Монгол Улсын Засгийн газраас вирусийн эсрэг авч буй арга хэмжээг дэмжих, өмнөд хөршийн ард түмэнд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлэхэд зориулж байгаа юм байна.

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/5-6

Алтнаас өөр хамгаалалтгүй хямралын эсрэг тулаан

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine