Түүхий эд - Төмрийн хүдэр

Дэлхийд төмрийн хүдрийн гарцын өсөлт удаашрах төлөвтэй байна

Дэлхийн төмрийн хүдрийн гарцын өсөлт ирэх жилүүдэд харьцангуй удаан байна гэсэн таамгийг Fitch Solutions’-ийн сүүлийн үеийн салбарын чиг хандлагыг тодорхойлсон дүн шинжилгээгээр дэвшүүлжээ. Бразилд шинэ уурхайнууд нээгдэж, Энэтхэгийн гарц нэмэгдсэнээр өсөлтийг дэмжих боловч Хятадад хүдэр дэх агууламж багасаж, зардал өсөж буйтай холбоотойгоор гарцын өсөлт нь саарна гэжээ. 

Дэлхийн төмрийн хүдрийн олборлолт 2019 онд 2,896 сая тонн байсан бол 2029 онд 3,147 сая тонн болно гэсэн Fitch урьдчилан харж байна. Үүнээс үзэхэд 2020-2029 онд жилийн дундаж өсөлт нь 0.8 хувь байх бөгөөд өнгөрсөн 10 жилийн дундаж өсөлт болох 3.0 хувиас огцом буурах төлөв харагдаж байна. 

Fitch-ийн тооцоолсон урьдчилсан төлвөөр бол Австралийн төмрийн хүдрийн олборлолтын жилийн дундаж өсөлт 2010-2019 оны дундаж болох 8.7 хувь байсан бол 2020-2029 онд 0.7 хувь болж буурах аж. 

Нийлүүлэлтийн өсөлтийг бий болгох гол сурвалж нь Энэтхэг, Бразил байх төлөвтэй байна. Учир нь Vale гарцаа 2022 он хүртэл 390-400 сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм. 

Бусад гол тоглогчдын хувьд илүү урт хугацаанд гарцаа нэмэгдүүлж, зардлаа бууруулахад голчлон анхаарч байна. Тухайлбал, 2018 оны зургадугаар сард BHP одоогийн уурхайнуудын ашиглалт нь дуусаж байгаатай холбогдуулан Баруун Австрали дахь Өмнөд Фланкийн уурхайд 2.9 тэрбум австрали долларын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө баталсан. Уурхайн олборлолт 2021 онд эхлэхээр хүлээгдэж байна. 

Мөн энэ оны зургадугаар сард Rio Tinto Баруун Австарлийн Пилбара орчмын Коодайдери төмрийн хүдрийн уурхайгаа дэлхийн хамгийн технологижсон уурхай болгон хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Уг уурхай эхний тонн хүдрээ 2021 онд гаргаж авна. 2018 оны тавдугаар сард Fortescue Metals Group “Елиуана” төсөлдөө 1.3 тэрбум австрали долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн бөгөөд уурхай энэ жил онлайн болох учиртай. 

Fitch-ийн тайлбарлаж буйгаар топ компаниуд технологид хөрөнгө оруулж байгаа нь зах зээл дэх байр сууриа хадгалж үлдэх буюу урт хугацаанд хямд үнийн түвшинд зардлаар өрсөлдөх чадвараа хадгалахад анхаарлаа хандуулж буй хэрэг аж. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine