Уурхайчин

Мэргэжлийн уурхайчдын шинэ үе Оюу толгойгоос төрж байна

Монголын уул уурхайн салбар 97 жилийн ойгоо удахгүй тэмдэглэнэ. Asia Mining Magazine баялаг түүхтэй уурхайчдадаа зориулж “Уурхайчин” буланг нээн, анхны зочноо танилцуулж байна. 

Түүнийг “Оюу толгойн Санждорж” гэдгээр нь тус уурхайд зочилсон хүн бүр андахгүй. Тэрбээр Оюу  толгойн ордыг нээн илрүүлэх ажилд гар бие оролцож явсан нэгэн юм. Түүгээр зогсохгүй Оюу толгойг ашиглахад нэн шаардлагатай усны нөөцийг илрүүлж байжээ. “Геологич хүний хувьд орд нээнэ гэдэг хамгийн том амжилт. Би гүний усны том орд нээн илрүүлсэн геологич” хэмээн ярих С.Санждорж гуай өдгөө “Оюу толгой” компанийн Хүндэт Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. “Арван жилийн өмнө гүний уурхайд байтугай ил уурхайд одоо ашиглаж байгаа орчин үеийн машин техникийг ажиллуулах чадвартай хүн байсангүй. Барилгын ажлын үеэс эхлэн хүн хүчээ шат дараатай бэлдсэний хүчинд одоо ил уурхайн болон баяжуулах үйлдвэрийн ажилтнууд маань бие даан ажиллах чадвар эзэмшлээ. Гүний уурхайн бүтээн байгуулалтад монгол залуус дадлага туршлагатай гадаад мэргэжилтнүүдийн удирдлага дор ажиллаж, сурч боловсорч байгаа. Тэдэн дотроос цаашид гүний уурхайг удирдан ажиллуулах мэргэжлийн уурхайчдын шинэ үе төрөн гарна. Тэд дараа үеэ туршлагажуулж бэлдэнэ” хэмээн итгэлтэйгээр ярих түүний харц, хоолойны өнгө эрч хүчийг мэдрүүлж байв. 

Эзгүй тал, ээрэм говьд ажилладаг болохоор эрүүл чийрэг, мэргэжилдээ дуртай

С.Санждорж гуай 1973 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг Ашигт малтмалын ордыг геофизикийн аргаар судлах мэргэжлээр дүүргэжээ. Геофизикчийн мэргэжлийг эзэмшихийн тулд электрон, цахилгаан, соронзон, цацраг идэвх, таталцлын орны онолын үндсийг мэдэх хэрэгтэй байдаг. Тиймээс математикийг гарамгай сайн мэддэг цөөн тооны хүүхэд дээрх ангид тэнцдэг байв. Тэрбээр гадаадад сургуулиа төгсөж ирээд 40 гаруй жил уул уурхайн салбарт тасралтгүй ажилласан байна. Тэр үеийн Усны аж ахуйн яамны нэр дээр сурсан учир мал сүргийн усан хангамжид зориулан өрөмдмөл худаг гаргах цэг олж тогтоох ажилд томилогджээ. Ийнхүү говийн бүсийг 23 жил хөндлөн гулд туулан эрэл хайгуул хийсний дүнд маш олон худаг гаргах цэгийг илрүүлсэн байна. “Геологичдын хувь хүний зан чанар нь амжилтад чухал нөлөөтэй байдаг. Орон гэрээсээ хол, ихэвчлэн эзгүй тал, ээрэм говьд удаан хугацаагаар явж ажилладаг болохоор эрүүл чийрэг, мэргэжилдээ дуртай, мэдэж сурах эрмэлзэл мэдлэгтэй, асар их тэвчээр, тэсвэр хатуужилтай, хамтач, тууштай зан чанартай мөрөөдөгч байдаг. Дээрх зан чанаруудын ихэнх нь надад бий шүү” хэмээн тэрбээр бахдалтайгаар ярьсан юм.

Нийтлэлийн баатар маань 1997 онд Оюу толгойн ордын хайгуул судалгааны багт оржээ. Эхний таван жилд нь Оюу толгойн хайгуулын ангийг ахлан зэсийн хайгуулд 40 гаруй жил ажилласан Д.Гарамжав болон бусад геологичтой мөр зэрэгцэн ажиллаж, геологийн талаар ихээхэн мэдлэг хуримтлуулсан байна. 2003 оны намар ордыг ашиглахад шаардагдах усны нөөцийг хайж олох шаардлага гарч байв. Энэхүү хариуцлагатай ажлыг 23 жил усны хайгуулд ажилласан түүнд хариуцуулсан байна. Ингээд урьд өмнө Монголын судлаачдын хийсэн хайгуул судалгааны ажлын тайлангуудыг 2003-2008 оны хооронд таван жил судалсаны хүчинд Оюу толгойгоос 100 километр доторх гурван талбайг сонгон авч нарийвчилсан хайгуул хийжээ. Үр дүнд нь Гүний хоолойн талбайд газар доорх усны том орд олж илрүүлсэн байна. Галбын говийн төв хэсэгт өмнө нь Монголын хайгуулчид дунд зэргийн орд олсон байсныг тэд зүүн ба баруун тийш сунган судалж нэгэн том орд байгааг илрүүлсэн байдаг. 

Гүний усны ордын зөвхөн 20 хувийг Оюу толгойн үйлдвэрлэлд ашиглана

С.Санждорж гуай гүний усны ордын онцлог шинжийн талаар “Гүний усны ордын зөвхөн 20 хувийг Оюу толгойн үйлдвэрлэлд ашиглана гэдгийг энд тодотгож өгөх нь зүйтэй болов уу. Мөн гүний ус нь гадаргын устай холбоогүйн дээр эрдэсжилт өндөртэй учраас ахуйн нөхцөлд хэрэглэж болдоггүй онцлогтой” хэмээсэн юм. 

Түүний мөрөөдөл биелсэн

Тэрбээр “Өнөөдөр бид ирээдүйд үйлдвэрлэлээ тасралтгүй, аюул осолгүй ажиллуулах хүн хүчээ бэлтгэж байгааг мартаж болохгүй. Урьд өмнө үзэж хараагүй оньсон техник, арга ажиллагаа эзэмших, энэ их нүсэр ажлыг аюул осолгүй хийж чаддаг болох гээд хүн бүр дор бүрнээ хамаг чадвараа дайчлан зүтгэж байгаагийн хүчинд овоо зүгшрээд явж байна. Энэ бол Оюу толгой төслийн маань Монголын уул уурхайн салбарын хөгжилд оруулж буй том хувь нэмэр гэж бодож явдаг юм” хэмээн ярив. Түүний амьдралдаа төсөөлж, мөрөөдөж явсан зүйлүүд нэгэнтээ биелэжээ. Ажил, мэргэжилдээ амжилт гаргахаас гадна үр хүүхдээ хүн шиг хүн болгон хүмүүжүүлж, өөр өөрийн мэргэжил, ажил төрөлтэй болгосон нь түүний амьдралын туйлын зорилго байв. Энэ зорилго нь биелэсэн бөгөөд цаашид зав, боломжоо ашиглан залуу хамт олондоо бага ч гэсэн тус болох хүсэлтэй, ач, зээ нараа өндөр мэдлэгтэй, монгол хэл, соёл, ёс заншлаа дээдлэхийн сацуу дэлхийтэй хөл нийлүүлж чаддаг бие хүн болгон хүмүүжүүлэх төлөвлөгөөгөө ярих С.Санждорж гуайгаар Оюу толгойнхон бахархан сууна. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/07-08

Үнэнд гүйцэгдэв

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine