Уурхайчин

Говь нутагт ээнэгшин дассан байгаль хамгаалагч

2019  |  October   |  024

Говь нутгийн зах нь үл харагдах талд хэдэн тэмээ бэлчиж, үе үехэн хар сүүлт үзэгдэнэ. Нар нь хүртэл зөөлнөөр элбэж, жавар тачигнасан хотоос зорин ирсэн бидэнд халуун элчээ харамгүй хайрлах аж. Монголын хязгааргүй тал нутагт бүтээн байгуулалт өрнүүлж, олон мянган залуусыг ажилтай, орлоготой болгож, дэлхийн стандартад нийцсэн мэргэжилтэн, инженерүүд бэлтгэж байгаа “Оюу толгой” компанийн Хог хаягдлын менежментийн ажилтан Н.Мөнхбаярыг “Уурхайчин” буландаа урихаар зорьж очоод байгаа нь энэ. Нийтлэлийн баатар маань Өмнөговь аймгийн Ханбогд суманд гэр бүлтэйгээ ирж суурьшаад есөн жилийг үджээ. Говийн хүмүүст л байдаг гэмээр нар, салхинд борлосон царай нүднээ тусаж, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагаас гадна эерэг энерги энэ залуугаас мэдрэгдэж байлаа. Тэрбээр бидэнд Оюу толгойн хог хаягдлын менежмент болоод хог булшлах шинэлэг технологийн талаар тайлбарлаж, бүтэн өдөржин дагуулж явав. Бас болоогүй Ханбогд сумтай танилцуулж, гэртээ урьсан юм. Нэг өдрийн энэ бяцхан аяллынхаа талаар болон Оюу толгойн эгэл жирийн ажилтан залуугийн амьдралын олон өнгөний нэгээхэн хэсгийг хүргэе.

“Оюу толгой” компани ажилчдынхаа тав тухыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сум Улаанбаатарын хооронд онгоц нисгээд багагүй хугацааг үдсэн. Машинаар явбал бараг 12 цаг зарцуулах газарт 60 минут нисээд л очив. Ажилчид нь хамгийн шим тэжээлтэй, чанартай хоолоор хооллож, дулаахан, тав тухтай байранд байрлаж, үнэгүй номын сан, кино театр, фитнесс, айробик, теннис, хөл бөмбөгөөр хичээллэх боломжтой аж. Нэг ёсондоо ажилчдын тав тухыг дээд зэргээр хангахын зэрэгцээ аливаа эрсдэлээс хамгаалагдсан нь таалагдлаа. Ямар сайндаа эхнэртээ “За гэр рүүгээ явъя” /Оюу толгойг хэлэв/ гэж хэлээд “хэрэгт унаж” байсан нэгнийхээ явдлыг Н.Мөнхбаяр наргиан болгож хуваалцав. Тэгэхээс ч аргагүй юм. Хэсэгхэн хором зочилсон бидэнд их л таатай санагдаж байхад шүү дээ. 

Ажилтай, орлоготой, үйлчилгээ сайтай байвал заавал хот руу тэмүүлэх гээд байх шаардлага алга

“Уурхайчин” булангийн зочин маань Дорнод аймагт төрж өсөн, арван жилээ дүүргэж, улмаар Дархан хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг Байгаль орчны менежмент мэргэжлээр 2007 онд  төгсжээ. Тэрбээр “Анх Дарханд их сургуульд ороод таньж мэдэх хүнгүй, дотуур байранд оюутны амьдралаа эхлүүлсэн. Манай эхнэр бид хоёр нэг анги. Гуравдугаар дамжаанд охиноо өлгийдөн авч байлаа. 2006 онд Оюу толгойн талаар сонсчихоод жигтэйхэн том уурхай байгуулагдаж байгаа юм гэнэ. Тэнд л орж байгаль орчных нь ажилтан болох юм шүү гэдэг бодол төрж байсан. Хэзээ хойно “Оюу толгой”-д орчихоод нээрээ би тэгэж бодож байсан шүү дээ гэж дурсаж байлаа. Санаж явбал бүтнэ гэдэг шиг. Азтай нь, би төгсөөд шууд ажилтай болсон. Ер нь арван жилдээ алтан дундаж хүүхэд байсан. Нэг их бусдаас гоцгойроод байгаагүй. Гэхдээ их сургуульд ороод ангийн дарга, сургуулийн, аймгийн оюутны зөвлөлийн гишүүн болж, нийгмийн идэвхитэй амьдарч өөрийгөө нээсэн гэхэд болно. Ингээд л амжилттай суралцаж, эхнэртэйгээ хамт сургуулийнхаа түүхэнд анх удаа гэр бүлээрээ улаан дипломтой төгссөн байдаг юм. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр хүн болгонд нөөц боломж бий. Тэрийгээ гамнаад, хаагаад, ичээд байвал тэр чигээрээ л явна. Өөрийгөө нээх боломжийг ашиглаж чадвал хүн бүрт бололцоо чадвар, чадамж байгаа шүү гэдгийг хүмүүст хэлэх дуртай болсон” гэлээ. Н.Мөнхбаяр сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны газарт  байгаль хамгаалагчаар ажилд оржээ. Тэндээ нэг жил ажиллаад дараа нь “Ногоон алт” төслийн Тэжээлийн ургамлын үр үржүүлэгчдийн холбоонд суурин судлаачаар ажиллаж байгаад цомхотголд өртсөн байна. Ингээд ажилгүй байх хугацаандаа уул уурхайн компаниудад өргөдлөө өгсөн нь үр дүнгээ өгч, 2010 онд “Оюу толгой” компанид ажилд оржээ. 

Н.Мөнхбаяр хэдий орон нутагт дээд боловсрол эзэмшиж, хөдөө нутагт амьдарч, ажиллаж байгаа ч “Оюу толгой” компанид үндсэн ажилтан нь болж чадсан залуусын нэгэн төлөөлөл. Заавал гадаадын том сургуульд мэргэжил эзэмшсэн л бол шилдэгийн шилдэг гэсэн ойлголтыг үгүйсгэж чадсан мэт санагдав. Хүн тухайн ажилдаа сэтгэл, зүтгэлээ өгч чадвал хаана ч ажиллаж, амьдарч болдгийн тод жишээ юм. Тэрбээр биднийг дагуулан “Оюу толгой”-гоос 40 километрийн зайд орших Ханбогд сум руу явлаа. 

Индүүдсэн гэмээр засмал замаар давхиулсаар Ханбогд сумын бараа үзэгдэхэд “Гэртээ тавтай морил” гэсэн бичигтэй самбар нүднээ тусав. Бусад аймаг, суманд томоо гэгчийн цагаан хаалга угтдагтай харьцуулахад жижигхэн төмөр самбар дээрх үгс нэг л дотно сэтгэл төрүүлснийг нуух юун. Тус сум арван жилийн өмнөх шигээ тог цахилгаангүй, хотоос алслагдсан хөгжил муутай сум биш болжээ. 24 цагийн тогтой, ундны ус цэвэршүүлэх үйлдвэртэй, цэвэр, бохир, дулааны шугамтай,  хоёр  сургууль, гурван цэцэрлэг, сум дундын эмнэлэгтэй, соёлын төвийн шинэхэн барилгатай болжээ. Энэ сум албан ёсоор найман мянга орчим хүн амтай гэдэг ч албан бусаар арав гаруй мянган иргэн амьдарч байгаа гэнэ. Сумын иргэдийн ихэнх нь “Оюу толгой”-д болон ханган нийлүүлэлт хийдэг компаниудад ажилладаг. Тус суманд хаус элбэг тааралдаж, дэлгүүрүүд сүндэрлэх аж. 

Биднийг Н.Мөнхбаярын гэрээр зочлоход эхнэр С.Сүнсэрмаа нь угтан авч, хоол цайгаар дайлан яриа өрнүүллээ. Эднийх гурван хүүхэдтэй бөгөөд том охин нь есдүгээр ангид, дунд хүү нь тавдугаар ангид сурдаг бол бага охин нь цэцэрлэгт явдаг гэнэ. Эхнэр нь Ханбогд сумандаа “Мөнх ногоон галба” гэх байгаль орчны хяналт, шинжилгээ хийдэг төрийн бус байгууллагад ажилладаг аж. Н.Мөнхбаярын хадмууд тэднийхтэй хөрш зэргэлдээ амьдрах бөгөөд хашаандаа хэрэглээнийхээ бүх төрлийн хүнсний ногоог тарьж галуу, тахиа тэжээдэг хөдөлмөрч улс шиг санагдлаа. “2011 оны дөрөвдүгээр сард шороо шуурсан өдрүүдээр нүүж ирж байлаа. Хоёр хүүхэд маань жаахан, хэцүү үе их л байсан. Хамгийн хэцүү зүйл тогны хязгаарлалт. Харин одоо манай сум 24 цагийн тогтой болсноос хойш талх нарийн боовны цех, махны дэлгүүр, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ олширсон. Ажилтай, орлоготой, үйлчилгээ сайтай байвал заавал хот руу тэмүүлэх гээд байх шаардлага алга. Боловсролын систем нь чанартай, эрүүл мэндийн үйлчилгээ сайн байвал хөдөө орон нутагтаа байгаад л баймаар. Өнгөрсөн хэдэн жилд эрүүл мэнд, боловсролын байгууллагуудад ахиц дэвшил гарсан боловч одоохондоо илүү сайжруулах шаардлагатай хэвээрээ л байна” гэж тэд ярьсан юм. Эднийх залуу гэр бүл ч гэлээ ирсэн зочинд хоол цайтай, зочломтгой монгол зангаа гээгээгүй, амьдарч байгаа нутаг орноо шүтэж, дээдэлдэг дулаан сэтгэлтэй хүмүүс аж. “Ирсэн хүнд ивээл буянаа өгдөг өгөөжтэй сайхан нутаг. Үр шимийг нь хүртэж байгаадаа баярлаж явдаг даа” гэж ярих Н.Мөнхбаяр Ханбогд хайрхан болон түүний эзэн савдагийн зургийг хоймортоо залжээ.

Бид Н.Мөнхбаярынхаас хөдөлж, үндсэн ажилдаа орлоо. “Оюу толгой” компанийн хог хаягдал булшлах байгууламж нь инженерийн хийц, загварын хувьд Монголдоо анхдагч болсон гэдгийг Н.Мөнхбаяр онцлов. Басхүү хог хаягдлын дахин боловсруулалтын хувь хэмжээ нь 2019 онд 54 хувьд хүрсэн гэнэ. Хог хаягдлын дахин боловсруулалтаар дэлхийд тэргүүлэгч Герман Улсын хувьд энэ үзүүлэлт 66.1 хувь  байдаг аж.  Н.Мөнхбаяр бидэнд компанийн хог хаягдлын менежментийн үндсэн процессыг нь танилцуулав. Бусад уурхайнууд, бүр суурин газрууд ч үүнээс суралцах ёстой гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. “Оюу толгой” компани эхлээд дахин ашиглах боломжтой хог хаягдлуудаа ялгаж аваад үлдсэнийг нь булдаг. Энэ булах байгууламжийг нь Ландфилл /хаягдал булшлах байгууламж/ гэх бөгөөд гурван үндсэн хэсэгтэй. Манайд ихэвчлэн хогийг нүх ухаж шууд булдаг. Энэ нь хөрс болон гүний усыг бохирдуулах эрсдэлтэй байдаг бол “Оюу толгой” энэ эрсдэлийг тооцож, доод давхарт нь нягтруулсан хөрс болон нягтруулсан улаан шаврыг дэвсдэг аж. Үүний дээр хайрга, хоёр миллметр зузаантай геомембран буюу хулдаасыг дэвсээд хөвөн, тор зэрэг үе давхаргуудыг хийж хогоо булдаг байна. Энэ нь хөрсөндөө бохирдол үзүүлэхгүй бөгөөд хэрвээ ямар нэгэн эрсдэл үүслээ гэхэд түүнийг хянах зорилгоор усны хяналтын цооногийг дөрвөн талд нь байрлуулжээ. Тус цооногт улирал болгон хэмжилт хийж, ямар нэгэн бохирдолын өөрчлөлт гарч байна уу, үгүй юу гэдгийг тогтмол хянадаг гэнэ. Нийт булж устгаж байгаа хог хаягдлын 69 хувийг дахин боловсруулах боломжгүй хаягдлын холимог эзэлдэг бөгөөд ландфиллын гурван үүрэнд булахаар тооцжээ. Одоогоор эхний үүр нь 88 хувийн дүүргэлттэй байгаа бол хоёрдахь үүр нь 18 хувийн дүүргэлттэй, гурав дахь нь ашиглагдаж эхлээгүй юм байна. Үүр болгоны харалдаа ус хуримтлуулах сав байх аж. Хэрэв бороо орвол ус нь хуримтлагдаад тэндээсээ уурших зориулалттай бөгөөд тус ландфиллыг 2032 он хүртэл ашиглах төлөвлөгөөтэй гэнэ. 

Оюу толгойн хог хаягдлын дахин боловсруулалтын хувь хэмжээ  54 хувьд хүрчээ 

Түүнчлэн аюултай хаягдлын ландфиллийг барьж байгуулжээ. Холбогдох яамнаас зөвшөөрөл аваад ашиглалтад оруулчихвал аюултай хаягдлын ландфилл Монголд анх удаа бий болно гэдгийг Н.Мөнхбаяр онцоллоо. “Гарч байгаа хог хаягдал ажилчдын тоотой шууд хамааралтай. Оюу толгойн бүтээн байгуулалтын үед ажилчдын тоо оргил үедээ хүрч байсан бөгөөд одоо зарим барилгын ажил дуусах шатандаа орсон учраас хүн амын тоо бага зэрэг буурч байна. Ландфиллдээ булж байгаа хог хаягдлаа аль болох багасгахын тулд дахин боловсруулах боломжтойг нь ялгадаг. Тухайлбал, мод, төмөр, дугуй, цахилгааны утас, техникийн тос, гал тогооны тос, цагаан цаас, бор цаас, хүнсний хаягдал гэх мэт нэр төрлийн хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт илгээж байна. Зөвхөн картон цаасны хувьд тооцож үзэхэд жилд 300 гаруй тонн цаасыг дахин боловсруулах үйлдвэрт илгээж цаасан хайрцаг үйлдвэрлэдэг. Хэрвээ дахин боловсруулалтад явуулаагүй байсан бол ландфиллдээ энэ хэмжээний хаягдлыг үр ашиггүйгээр булж устгах байсан. Мөн модны хаягдал нэлээд хэсгийг эзэлдэг. Хөрш зэргэлдээ сумдуудын түлшний хэрэгцээг хангаж байна. Мөн барилгын материал болно. Нөгөө талаар энэ дахин ашиглалт нь заган ойн сэргэн ургалтад тодорхой хувиар эерэг нөлөө үзүүлж байгаа. 

Говийн айлуудын түлшний уламжлалт хэрэглээ нь заг шүү дээ. Тэгвэл уурхайгаас гарч байгаа модыг түлшинд хэрэглэснээр загийг түлэх асуудал багасаж байна. Ер нь хүн хаана ч байсан ямар нэг хаягдал гэж нэрлэгдсэн бүтээгдэхүүнийг дахин ашиглах ямар боломж байгааг аж ахуйч нүдээр харж байх нь чухал” гэж Н.Мөнбаяр ярилаа. Түүнчлэн уурхайн талбай дээр хаягдал тосыг хадгалах гурван талбайтай бөгөөд эдгээрийг асгахаас сэргийлсэн тосгуураар тоноглосон байна. Ер нь уурхайн талбайд ямар нэг шингэн химийн бодис асгарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ямагт тосгуур бүхий аюулгүй талбайд байршуулах ёстой гэдэг зарчим үйлчилдэг. Үүний дагуу хаягдал тос хадгалах талбайнууд нь бетон сууринуудтай байдаг аж. Энэ нь дахин боловсруулах үйлдвэрт очоод эко түлш, замын ажилд ашигладаг мазут болдог байна. Бас гал тогооны хаягдал тос тахиа, гахайны тэжээл болохоос гадна эдийн савангийн үндсэн түүхий эд болдог гэнэ. 

Өнгөрсөн жил тус уурхай аюултай хаягдал хадгалах талбайг ашиглалтад оруулжээ. “Хоорондоо урвалд орвол тэсэрч, дэлбэрэх аюултай бодисуудыг тус тусад нь хадгалж, нар салхинаас хамгаалах ёстой. Асгарвал доороо тосгууртай байх ёстой гэх мэт шаардлагууд аюултай хаягдалд мөн адил тавигддаг. Тиймээс бид энэ агуулахыг ашиглалтад оруулж аюултай хаягдлаа хадгалалтын зөв горимд түр хадгалж байгаа” гэж тэрбээр ярив. Учир нь Монгол Улсад аюултай хаягдлыг устгах, дахин боловсруулах чадамжтай, тусгай зөвшөөрөл бүхий компани маш цөөхөн. Тиймээс зарим нэр төрлийн аюултай хаягдлыг тусгай эрхтэй компаниуд гарч ирэх хүртэл нь түр хадгалж байгаа аж. Хог хаягдлын талбайд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол 320 тоннын даацтай том машины дугуй. Чиргүүлтэй том нүүрсний машинд гуравхан ширхэг ачигддаг, нэг бүр нь 5-6 тонн жинтэй гэхээр энэ аварга дугуйг тээвэрлэх, дахин боловсруулахад маш их хүчин чармайлт орох нь мэдээж. Энэ дугуйг мөн л хадгалж байгаа гэнэ. Үүнийг булвал асар их зай талбай орох учраас дахин ашиглах боломжийг эрэлхийлэн хадгалж байгаа юм байна.

“Оюу толгой” 2017 онд “Мазаалай” гал тогоог ашиглалтад оруулжээ. Энэ гал тогоо нэг дор 2000 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд уурхайн нэг ээлжийн 7000-8000 ажилтанд хүрч ажилладаг байна. Олон мянган ажилтны хоол бэлтгэл, түүний дараа үлдсэн хоолны хаягдлыг өнгөрсөн жилүүдэд булж устгаж байжээ. Харин 2018 оны зургадугаар сараас эхлээд хүнсний үлдэгдлээр бордоо хийх туршилт, судалгааг эхлүүлсэн байна. “Задгай талбайд агаартай орчинд бордоо хийх аргыг сонгож, мод, цаасыг буталж, хүнсний хаягдалтай хольж нуруулдан, тодорхой давтамжт­айгаар сийрүүлээд хатаадаг. Өнгөрсөн жилийн нуруулдсан бордооны болц гүйцэх тун дөхөж байгаа. Үүнийг дахиж шигшсэний дараа био ялзмагтай ойролцоо бүтээгдэхүүн гарч ирнэ. Гол нь бордоонд янз бүрийн эмгэг төрүүлэгч бактер байдаг. Тэрийг хэрхэн аюулгүй төвшинд бага болгох вэ гэдэг асуудал тулгараад байгаа. Үүнийг шийдвэл бордоогоо нөхөн сэргээлтэнд ашиглах бүрэн боломжтой болно. Энэ төслийг манай ургамлын багийнхан гардан зохион байгуулж байна” гэж Н.Мөнхбаяр ярьсан юм. Бидний Хаягдлын удирдлагын төвөөр явсан аялал ийнхүү өндөрлөв. 

“Уурхайчин” булангийн үндсэн зорил­гуудын нэг бол эгэл уурхайч­дын хүсэл мөрөөдөл юу боло­хыг ил болгох байдаг. Нийтлэ­лийн баатар маань энгийн даруу амьдралаар амьдарч, гэр бүлийн хамт аялахыг зорилгоо болгожээ. Харин ажил мэргэжлийн тухайд “Оюу толгой”-гоос өндөр цалин авахаас илүүтэй орчин үеийн техник, технологи, инновацийг нь мэдэж авах хүсэлтэй гэнэ. Хувийн амьдралын тухайд хүүхдүүддээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээж, эдийн засгийн дарамтгүй сул чөлөөтэй амьдрахыг хүсдэг аж. Өөрөөр хэлбэл, минималист, эрх чөлөөтэй, бага хэрэглээтэй амьдрахыг хүсдэг эгэл жирийн байгаль хамгаалагч залуугийн ертөнц ийм байна.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine