Зах зээл

Худалдааны дайнд хэн ялав?

2019  |  October   |  024

  • АНУ-ын тал импортын тарифыг хоёр дахин бууруулна
  • Хятад $40 тэрбумын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлох ёстой

 

Америкийн худалдааны хэлцлүүд ихэнхдээ л хэдэн зуу, мянган хуудас байдаг. Харин Хятадтай хийж байгаа худалдааны хэлцлийн “1-р үе шат” нь ердөө 86 хуудас. Үүн дээр чухам юу гэж бичсэнийг Засгийн газрууд нууцалж байна. АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзерын хэлснээр уг гэрээ нь хуульд хэрхэн нийцэж буйг шалгах ажил хэдэн долоон хоногийн турш үргэлжилж шинэ оны эхний долоо хоногт батлагдах бололтой. 

Гэрээ хараахан эцэслээгүй ч сөргөлдөгч хоёр талын албаны хүмүүс бага сага, ерөнхий мэдээл­лийг хэвлэлийнхэнд өгөөд байна. Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын олон улсын худалдааны хэлэлцээрийн төлөөлөгч Ванг Шоуэн уг баримт бичгийг есөн бүлэгтэй бөгөөд оюуны өмч, технологи шилжүүлэх, худалдааг өргөжүүлэх, маргааныг шийдвэрлэх тухай асуудлыг багтаасан болохыг тэмдэглэжээ. Хятадын албаны өөр хүмүүсийн мэдээлж буйгаар, хэлэлцээрийн энэ шатанд америкчууд зарим тарифын нэмэгдлийг цуцлахаа амласан байна. Лайтхайзер ч тарифын нэмэгдлийг цуцлах асуудалд ач холбогдол өгч, арван­хоёрдугаар сарын 15-наас 120 тэрбум ам.долларын импортын бүтээгдэхүүний тарифыг 15 хувиас хоёр дахин бууруулж 7.5 хувь болгож байгааг хэлжээ. 

Хятад улсын сүүлийн үед хийж байгаа шинэчлэлийн бодлого нь олон талаар уг хэлэлцээртэй нийцэж байгаа

Тарифыг бууруулсны хариуд Хятад улс Америкаас авдаг хөдөө аж ахуй, эцсийн бүтээгдэхүүн, эрчим хүчний бүтээгдэхүүн болон үйлчилгээний импортоо хоёр жилийн хугацаанд 200 тэрбум ам.доллар хүргэж өсгөнө гэсэн амлалт өгсөн тухай Лайтхайзер үг цухуйлгасан байна. Үүний дотор ямар таваарын худалдан авалтыг хэдэн ам.долларт хүргэх талаар тодорхой зааж өгсөн аж. Тухайлбал, Хятадын тал Америкаас худалдан авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн дүн хоёр жилийн өмнө 24 тэрбум ам.доллар байсан бол 2020, 2021 онд багадаа 40 тэрбум ам.доллар, эсвэл түүнээс өндөр байлгахаар тохиролцсон бололтой. Гэхдээ нарийн мэдээллүүдийг зах зээлд нөлөөлж болзошгүй учир нууцалж байна. 

Эдгээр худалдааны хатуу хяналт, зохицуулалтууд нь араасаа олон сайшаал, шүүмжлэл дагуулах нь гарцаагүй. Хятадын төр Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн ялгаварлан гадуурхахгүй байх амлалтаа хадгалахын зэрэг­цээ эдгээр зорилтод яаж хүрэх вэ гэдгийг хэлэхэд хэцүү гэж шинжээ­чид ярьж, бичиж байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны ахлах эдийн засагч Жое Глауберын анхааруулснаар Бразил, Канад, Австрали улс энэ асуудлаар гомдол гаргах магадлалтай. Хэрвээ зорил­тууд нууц байх юм бол тариаланчид “Юу тарих хэрэгтэйг яаж тэдэнд яаж мэдэгдэх юм бэ гэж асууцгаана” гэдгийг анхааруулсан юм. Ямартай ч тавьсан босго нь эдийн засгийн хэмнэлийг өөрчлөхүйц хангалттай өндөр гэдэг нь тодорхой.

Хятадын талаас авч үзсэн ч шар буурцаг зэрэг түүхий эдийн импортыг Америкаас ихээхэн хамааралтай болгох энэ санааг таатай хүлээн авах учиргүй. Америкаас худалдан авч буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг хоёр дахин нэмэх ёстой гэсэн бодитой бус шаардлагыг Ерөнхийлөгч Трамп эртнээс тавьж ирсэн. Гэтэл Хятадын тал мэдэгдэл хийхдээ худалдааны хэлэлцээрт хатуу заалтууд орсон талаар дурдаагүй нь мөн сонирхол татаж байгаа юм. Боломжгүй болзлыг хүлээн авсандаа хятадууд ичиж зовсон уу, эсвэл худалдан авах хэмжээг Америкийн албаныхны хэлж байгаа шиг тийм хатуу тулгаагүй юу гэдгийг хэлэлцээр нийтэд ил болсны дараа л мэдэх боломжтой байна. 

Мөн Хятад улс зах зээлээ илүү нээлттэй болгох эрүүл амлалтууд өгсөн бололтой. Лайтхайзер “Хэлэлцээрийн цар хүрээ нь багаас биш Америк, Мексик, Канадын худалдааны хэлэлцээртэй төстэй болсон” хэмээсэн бөгөөд оюуны өмчийг хамгаалах талаар ч амлалт авсан гэх мэдээллийг өгчээ. Технологи шилжүүлэх асуудлын хувьд Америкийн зүгээс анх тарифын арга хэмжээ авсан гол шалтгаан. Хятадын удирдлагууд үйл ажиллагааны зөвшөөрөл олгох явцад компаниудаас өөрсдийн технологийг хүлээлгэн өгөхийг шаардахгүй байхаар тогтсон гэжээ. Хэрэв энэ нь хэрэгжвэл маш том ахиц авчрах болно. Хятадад үйл ажиллагаа явуулж буй америк компаниудын лобби групп “Америк-Хятадын бизнесийн зөвлөл”-ийн гишүүдийн хувьд энэхүү технологи шилжүүлэх асуудал хамгийн зовлонтой нь гэдгийг тус зөвлөлийн Тэргүүн дэд рөнхийлөгч Жэйк Паркер хэлсэн байна. 

Хятадын удирдлагууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр тус улсын зах зээлээ нээх эдийн засгийн өргөтгөсөн стратегийн зорилттой нийцэх бөгөөд бизне­сийн орчныг сайжруулна гэв. Үнэн хэрэгтээ Хятад улсын сүүлийн үед хийж байгаа шинэч­лэлийн бодлого нь олон талаар уг хэлэлцээртэй нийцэж байгаагаас үзэхэд хоёр жил шахам үргэлжилсэн худалдаа­ны дайн нь Хятадын эдийн засгийн бодлогын зүүг үнэхээр хөдөлгө­чихөв үү гэсэн асуулт урган гарч ирж байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна. Илүү тодорхой мэдээлэлгүйгээр хэлэлцээ­рийн татсан гортигийг хэмжих аргагүй юм. 

Гарын үсэг зурж баталгаажихаас нааш худалдааны маргаан шинэ түвшинд хүрнэ гэсэн айдас арилахгүй. Батлагдсан ч гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд түгшүүр төрүүлсээр байх болно. Ялангуяа Хятад талыг амлалтаасаа буцсан эсэхийг хөндлөнгийн арбитр бус ноён Лайтхайзер тогтоох эрхтэй байгаа тохиолдолд. Түүний үзэж буйгаар, хэрэв Америкийн компаниуд гомдол гаргах юм бол тэр асуудлыг авч үзэх эрхтэй юм гэнэ. Өөрөөр хэлбэл, асуудал эргэн хурцдах магадлал тийм ч бага биш. 

Хэлцлийн эхний үе шатанд хүрсэн амжилт нь хоёр дахь шатны хэлцэл буюу тарифыг үргэлжлүү­лэн бууруулах магадлалыг тодор­хойл­но гэж хоёр тал үзэж байгаа. Америкчууд ч амжилтаа улам лавшруулах хүсэлтэй. Лайтхайзер хэлцлийг ууланд авирахтай зүйрл­эсэн бөгөөд “1-р үе шат” нь ердөө уулын бэл төдий гэсэн юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine