Зах зээл

Хятадын нүүрсний гарц, импорт аль аль нь өсөв

  • Хятадын нүүрсний олборлолт 3.4 тэрбум тонн болж, 4.5 хувиар өсөв
  • Гангийн үйлдвэрлэл энэ онд дээд цэгтээ хүрч, ирэх онд буурна

Таамаглаж байсанчлан Хятадын нүүрсний импорт сүүлийн гурван сар дараалан буурлаа. Арваннэгдүгээр сард 20.8 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс бага зэрэг өссөн ч аравдугаар сарынхаас 19 хувиар бурсан дүн юм. Тус улс эхний 11 сард нийт 299.3 сая тонн нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 10 хувиар өссөн дүн. Өнгөрсөн бүтэн жилийн импорт нь 281 сая тонн байсантай харьцуулахад энэ оны нүүрсний импорт нь 10 гаруй хувь өсөх нь тодорхой болоод байна. Гэхдээ Блумбергийн тооцооллоор ирэх онд нүүрсний импорт нь найман хувиар буурна гэсэн таамаглал гарчээ. 

Харин энэ хугацаанд Монголын нүүрсний экспорт 34.8 сая тонн болж, 4.2 хувиар өсөөд байна. Хэдий өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй байгаа ч энэ жилийн 42 тонн нүүрс экспортлох төлөвлөгөөнд хүрэхээргүй байна. Нийт нүүрсний экспортын 57 хувийг Тавантолгойн бүлэг ордоос экспортолжээ. Гашуунсухайт боомтоор гарсан нүүрсний хэмжээ 19.7 сая тонн болсон байна. 

Арваннэгдүгээр сарын байдлаар Хятадын нүүрсний импортын дундаж үнэ тонн нь 76.97 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 8.7 ам.доллараар буурсан үнэ юм. Ирэх онд коксжих, эрчим хүчний нүүрсний аль альных нь үнэ буурах хандлагатай байна. Коксжих нүүрсний үнийн тухайд Цагаан сарын баяр хүртэл тогтвортой, өсөлтөө хадгалж, түүнээс хойш үнэ буурах хандлага давамгайлах болов уу хэмээн Фэнвэй Энержи компани таамаглаж байна. Үнэ буурах хүчин зүйлсийн тэргүүнд нийлүүлэлтийн илүүдэл хэмээн үзэж байна. Орос, Монгол, Австрали, мөн АНУ, Канадын уурхайнуудын гарц нэмэгдсэн, шинээр хэд хэдэн нүүрсний уурхайн олборлолт эхэлсэнтэй холбон тайлбарлаж болох юм. Мөн Хятадын дотоодын нүүрсний олборлолт өссөн, далайн боомт болон коксын үйлдвэрүүдийн агуулахын нөөц өсөж байгаа нь нүүрсний үнэ буурахад нөлөөлнө хэмээн шинжээчид таамаг дэвшүүлж байна. 

Хятадын дотоодын нүүрсний олборлолт эхний 11 сард 3.41 тэрбум тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиар өсжээ. Хамгийн их нүүрс олборлодог таван аймгийн олборлолтын хэмжээ 0.1-26.3 хүртэл хувиар өссөн байна. Өвөр Монголын нүүрсний гарц 944 сая тонн болж, Хятадын дотоодын олборлолтын 27.7 хувийг дангаараа бүрдүүлж байгаа бол Шаньси аймаг 26 хувийг бүрдүүлж байна. Хамгийн өндөр өсөлт үзүүлсэн аймаг Шинжаан бөгөөд өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсөж нийт 211.9 сая тонн нүүрс олборлоод байна. 

Мэдээж коксжих нүүрсний үнэ, эрэлтэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол Хятадын гангийн үйлдвэрлэл юм. Түүхий гангийн үйлдвэрлэл эхний 11 сард долоон хувиар өсөж, 904.2 сая тонн боллоо. Зөвхөн арваннэгдүгээр сард гэхэд өдөрт 2.68 сая тонн ган үйлдвэрлэж байсан нь өмнөх сарынхаасаа 1.7 хувиар их гэсэн үг юм. Харин эхний 11 сард ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.1 тэрбум тонн давж, 10 хувиар өсжээ. Энэ онд 988 сая тонн түүхий ган үйлдвэрлэх хүлээлттэй байна. 

Хятадын гангийн үйлдвэрлэл ирэх онд буурна хэмээн “Хятадын металлургийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ли Синьчян мэдэгдсэн байна. Тус хүрээлэнгийн судалдаагаар Хятадын гангийн эрэлт энэ онд 7.3 хувиар өсөж 886 сая тонн болох бол ирэх онд 881 сая тонн болно гэсэн үр дүн гарчээ. “2019 онд хурдтай өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил зэргээс хамаарч гангийн хэрэглээ хүлээлтээс өндөр байлаа. Хятадын хувьд аж үйлдвэрийн гарц ерөнхийдөө тогтвортой байна” хэмээн Ли онцолжээ. Хятадын гангийн гол хэрэглэгч барилгын салбарын гангийн эрэлт 2019 онд 478 сая тонн болж 11 хувиар өсөхөөр байна. Гэхдээ ирэх онд уг эрэлт үл ялиг буурах хандлагатай байгаа аж. Ямар ч байсан Хятадын гангийн үйлдвэрлэл энэ онд дээд амжилт тогтоох бол ирэх онд амжилтаа ахиулж чадахгүй хэмээн шинжээчид үзэж байна. 

Үүнээс гадна Олон улсын эрчим хүчний агентлагийн энэ сард шинээр гаргасан тайланд дурдсанаар дэлхийн нүүрсний хэрэглээ ирэх таван жилд өсөх дүр зурагтай байна. Ялангуяа Азийн улсуудын хэрэглээний өсөлт гол нөлөө үзүүлэхээр байна. 2024 он гэхэд Энэтхэгийн хэрэглээ 4.6 хувиар, Индонези, Вьетнамын хэрэглээ тус бүр 5 хувиар өснө хэмээн тооцжээ. Хэрэглээний энэхүү өсөлтийг хангах нөөц боломж хангалттай байгаа талаар Австрали улсын Засгийн газар онцолсон байна. Австрали улсын нүүрсний олбор­лолт ирэх таван жилд 10 орчим хувиар өсөх талаар тус улсын Байга­лийн баялгийн сайд Мэт Канаван мэдэгдэв. Өнгөрсөн онд 409 сая тонн  нүүрс олборлож байсан бол 2024 он гэхэд 444 сая тоннд хүргэнэ гэнэ. Мөн нүүрсний орлого нь энэ онд 45.9 сая ам.долларт хүрнэ. Аданигийн бүлэг ордын олборлолт эхлэх нь нийлүүл­эл­тэд том нөлөө үзүүлэхээр байна.  

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine