Түүхий эд - Газрын ховор элемент

Австрали ховор элементийн салбарыг хүчтэй дэмжинэ

2019  |  October   |  024

  • Австрали улс “Критикал түүхий эдийг дэмжих газар” байгуулав 
  • Австралийн шинэ төслүүдийг Хятад дампууруулах хангалттай хүчтэй

 

Хойд Австралийн критикал түүхий эдийн олборлогчдын төсөлд хөрөнгө оруулалт татах, санхүүжүүлэх, зах зээлд нэвтрэхэд нь туслах зорилготой “Критикал түүхий эдийг дэмжих газар”-ыг байгуулж буйгаа Австралийн Байгалийн баялгийн сайд Мэтт Канаван мэдэгдлээ. Тус газар нь ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаа эхлэх бөгөөд гол анхаарлаа газрын ховор элементийн салбарт хандуулах аж. 

Австралийн Засгийн газрын мэдээлснээр шинжлэх ухааны гол байгууллагуудын Критикал түүхий эдийн чиглэлийн судалгаануудад 4.5 сая австрали долларын санхүүжилт шаардлагатай байгаа аж. Критикал түүхий эд гэдэгт лити, кобальт, неодим зэрэг сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины батарей, батлан хамгаалах төхөөрөмж зэрэг өндөр технологид хэрэглэгддэг 35 нэр төрлийн байгалийн элемент багтана. 

Стратегийн ач холбогдолтой газрын ховор элемент болон критикал түүхий эдийн төслүүдийн ирээдүйн хөрөнгө оруулалтыг Австралийн Засгийн газраас хамгаална

“Батлан хамгаалахын салбарт хэрэглэгддэг стратегийн ач холбогдолтой газрын ховор элемент болон критикал түүхий эдийн төслүүдийн ирээдүйн хөрөнгө оруулалтыг Австралийн Засгийн газраас хамгаалах бөгөөд санхүүгийн шинэ боломжууд, тодорхой төслүүдийг Аж үйлдвэрийн яамны дэргэд байгуулагдаж буй шинэ газар дэмжиж ажиллана хэмээн Мэтт Канаван мэдэгджээ. Сайдын хэлснээр төслүүд Австралийн экспортын санхүүжилт (Export Finance Australia), Батлан хамгаалах экспортын дэмжлэгийг авах боломжтой бөгөөд тус улсын Критикал түүхий эдийн олзворлолт, боловсруулалтыг үлэмж ихэсгэх аж. Мөн Export Finance Australia-гийн санхүү­жилтээс гадна Хойд Австра­лийн дэд бүтцийг дэмжих сангийн дэмж­лэгийг давхар хүртэх боломж­той байх зохицуулалтыг хийнэ гэв. “Бид улсынхаа газрын ховор элемент болон критикал түүхий эдийн нөөцийг Австралид үр ашигтай, технологийн чиг баримжаатай үйлдвэрлэлд ашиглах болно” гэдгийг Канаван яриандаа дурджээ. 

Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Таниа Констэйбл энэ талаар өөрийн санаа бодлоо хуваалцахдаа “Австрали улс нь дэлхий нийтийн хурдтай, хүчтэй, овор багатай технологи бүтээхэд хэрэгтэй критикал түүхий эдийн нийлүүлэлт хийхэд байршлын хувьд тохиромжтой газар” гэдгийг онцолжээ. Түүний үзэж буйгаар шинэ газар нь Австралийг газрын ховор элементийн болон өндөр үр ашигтай металлын нийлүүлэлтийн талбарт тэргүүлэгчийн эгнээнд хүргэх бололцоотой аж. 

АНУ болон Европын улсууд газрын ховор элемент, критикал түүхий эдийн нийлүүлэлтийг өргөтгөхийг хичээж байгаа. Гэхдээ шаард­лагатай санхүүжилтийг хийх тал дээр удаан ажиллаж байна гэж шинэ төсөл хөгжүүлэгчид үзэж байгаа юм. Газрын ховор элемент үйлдвэрлэгч Хятадын бус хамгийн том компани болох Австралийн Lynas өнгөрсөн тавдугаар сард Техаст хүнд газрын ховор элементүүдийг боловсруулах үйлдвэр барих урьдчилсан хэлэлцээнд гарын үсэг зурсан. Эцсийн хэлцэл хийгдээгүй байгаа бөгөөд Lynas мөн Малайз дахь нэгэн олборлолтын талбайн ойролцоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барихад дэмжлэг үзүүлэх тухай анхан шатны хэлэлцээр байгуулаад буй. 

Одоогоор Хятад нь газрын ховор элементийн дэлхийн нийт боловсруулах хүчин чадлын 85 хувийг эзэмшдэг

Өнгөрсөн жил АНУ, Австралийн хооронд критикал түүхий эдийн боломжит нөөцүүдийг газрын зурагт тэмдэглэж, өгөгдөлд боловсруулалт хийн эрэлт нийлүүлэлтийн төлвийг тодорхойлох, критикал түүхий эдийн нийлүүлэлтийн сувгуудыг хөгжүүлэх зэрэг асууд­лаар хамтарсан судалгаа хийх гэрээ байгуулсан юм. Гэхдээ тодорхой төсөлд санхүүжилт хийх эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй.

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын Батлан хамгаалах яаманд “Үндэсний батлан хагаалалтад онц чухал” технологи эсвэл нөөцөд шууд хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсний дараагаар тус улс дотоодын нийлүүлэлтээ өсгөх зорилгоор зарим критикал түүхий эдийн төслүүдийг санхүүжүүлж магадгүй гэсэн хүлээлт бий. Зарим төрлийн агаарын пуужингийн үйлдвэрлэлд газрын ховор элеметийн хүчтэй соронзон шинж чанар нэн чухал үүрэг гүйцэт­гэдэг нь түүнийг үнэтэй болгож буй гол хүчин зүйлийн нэг юм. Гэвч боловс­руу­лах процесс нь маш адар­маатай, үнэтэй технологи шаарддаг. 

Одоогоор Хятад нь газрын ховор элементийн дэлхийн нийт боловсруулах хүчин чадлын 85 хувийг эзэмшдэг гэж Adamas Intelli­gence тооцоолсон байна. Хятад энэ жилийн газрын ховор эле­мен­­тийн олборлолтын квотыг 132 мянган тонн, ялган боловсруу­лалтын квотыг 127 мянган тонн байхаар тогтоосон нь хоёр жил дараалан өсгөсөн тохиолдол болж байна. Өнгөрсөн жилийн хувьд 120 мянган тонныг олборлох, 115 мянган тонныг боловсруулах квот олгосон нь түүхэн дээд хэмжээ байсан билээ. 

Ялангуяа, энэ оны хоёрдугаар хагаст 72 мянган тонныг олборлох квот олгосон нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 54 хувиар өссөн дүн аж. “Ийнхүү квотоо өсгөж байгаагаас нь үзэхэд Америк, Европ, Австрали дахь бүтээн байгуулалтын шатандаа яваа төслүүдийн хувь заяаг бүрхэг болгох боломжтой гэдэг нь харагдаж байна” хэмээн “Roskill information services”-ийн Цахилгаан автомашины материалын хэлтсийн менежер Дэвид Мэрримэн ярьжээ. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine