Бодлого

Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөв

2019  |  October   |  024

  • Газрын хэвлий, түүний баялаг... ан амьтан төрийн нийтийн өмч мөн 
  • Ерөнхийлөгчийг ганцхан удаа зургаан жилээр сонгоно

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтыг УИХ өөрчилж, баталгаажуулав. Ирэх оны тавдугаар сараас дагаж мөрдөх Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч, Засгийн газар болон шүүх засаглалтай холбоотой томоохон өөрчлөлтийг хийсэн. Сүүлийн таван сарын турш улс төр, нийгмийн хамгийн чухал сэдэв болсон Үндсэн хуулийн өөрчлөлт өнгөрсөн түүхийн алдааг засах, ирээдүйд тулгарах бэрхшээ­лийг шийдвэрлэх чухал ач холбог­долтой хэмээн УИХ-ын гишүүд үзэж байна. Маш олон хэлэлцүүлэг хийж, олон талын ашиг сонирхолд ний­цүүлэх заалтууд нэмэгдэж, өөрч­­лөгд­­сөн ч анх өргөн баригдсан төслийн үндсэн зарчмууд нь хадгалагдаж үлдсэн хэмээн Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан онцолж байна. 

2000 онд тус хуульд өөрчлөлт оруулснаас хойших анхны өөрчлөлт нь энэ болж байна. Сүүлийн хэдэн жил тус хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж, хэд хэдэн парла­мен­­тын нүүр үзсэний эцэст УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн өнгөрсөн зурга­дугаар сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Тус хуулийн төслийг таван сар гаруйн хугацаанд хэлэлцэж, ард иргэдээс 306 мянган санал,  улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал авснаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар баталж, түүхэнд бичигдлээ. 

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй

Өөрчлөлт орсон заалтуудаас заримыг энд онцолъё. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялагтай холбоотой 6.2 дахь заалт багтсан. Тус заалт өмнө нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтөөр  “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн өөрчиллөө.

Энэхүү заалт нь эрдэс баялгийн салбарын компаниудад хэрхэн тусах нь тодорхойгүй байна. Харин стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байхыг тодотгосон байна. Тодруулбал, “Страте­гийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах­даа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэдэг өгүүлбэр гэнэт гарч ирээд батлагдсан. Эрх баригчид байгалийн баялаг ард түмэнд үр өгөөжөө өгөхгүй байна гэсэн олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлд зориулж уг заалтыг дээрх байдлаар өөрчилсөн гэдэг нь ойлгомжтой юм. Гагцхүү үр өгөөж гэж юуг хэлэх, дийлэнх гэж хэдийг хэлэх, ард түмэнд оногдоно гэж яаж хуваарилахыг хэлж байгаа гээд эцэс төгсгөлгүй маргаан дагуулах нь дамжиггүй. Дараа дараагийн том төслүүд нээгдэхгүй байх, стратегийн ордын тоо нэмэгдэхгүй байх, одоо ашиглагдаагүй байгаа стратегийн ордуудын гэрээ хэлцэл амжилттай хийгдэхгүй байх гээд сөрөг үр дагавар нь илүүтэй гарах магадлалтай юм. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг тогтолцоог тодорхой хэмжээнд хязгаарласан, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Засгийн газрын өргөн барьсан улсын төсвийн зарлагыг УИХ дур мэдэн нэмэхгүй болох зэрэг парламентын тогтолцоог сайжруулж, УИХ-ын эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хязгаарласан өөрчлөлтүүд орж байна. Мөн Ерөнхийлөгчийг ганцхан удаа зургаан жилээр сонгох болсон нь хамгийн том өөрчлөлтөд тооцогдож байна. 


Үндсэн хуулийн өөрчлөгдсөн онцлох заалтуудыг товчхон хүргэе. 
• Намыг Монгол Улсын сонгуу­лийн эрх бүхий иргэдийн 1 хувиас 
доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын зохион байгуу­лалт, үйл ажиллагааны журам, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэхийг хуулиар тогтооно.
• Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.
• УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна.
• УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно.
• УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2 үзэж, эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал гаргасан бол УИХ-ын гишүүний 3/2-оор шийдвэрлэнэ.
• Улсын төсвийг батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлснээс бусад зарлагыг нэмэгдүүлж үл болно.
• Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
• Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зөвхөн нэг удаа сонгоно.
• Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно.
• Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.
• Засгийн газрын гишүүнийг УИХ Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө.
• УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг тавьсан бол УИХ 3 дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүд хэлэлцэн дэмжвэл тогтоолыг баталж, Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцорсонд тооцно. Шинэ Ерөнхий сайдыг 10 хоногийн дотор томилно.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх юм.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine