Бодлого - Татвар

АМНАТ-ийн асуудал дуусаагүй

2019  |  October   |  024

  • АМНАТ төлөгчдийн тоо нэмэгдэж, татварын бааз суурь тэллээ
  • Орд газрыг үр ашигтай иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох зарчим алдагдаж байна

 

Сангийн сайдыг бухимдуулж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Үндсэн хуулийн өмнө хүчгүйдсэн шуугиан эцэслэлээ. УИХ-ын чуулган 43 гишүүнтэйгээр хуралдаж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд, олонхын саналаар батлав. Ийнхүү АМНАТ-ийг хураан авах эрх зүйн орчин арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эргэн бүрдлээ. Хуульгүй байсан 21 хоногийн АМНАТ-өө компаниуд төлөх эсэх нь тодорхойгүй. Зарим том компани “хуулиа зөрчөөд ч болов АМНАТ-өө төлнө” хэмээн эх оронч “хариуцлагатай” зүйл ярьж байгааг дуулгах нь зөв байх. 

Улстөрчид бүү хэл уул уурхайнхны ч төсөөлж байгаагүй энэ гэнэтийн үйл явдлын эцэст АМНАТ-ийг ногдуулахтай холбоотой хуулийн заалтууд өмнөхөөсөө ойлгомжтой, тодорхой, оновчтой найруулгатай болсноороо дэвшилттэй болов. Хэрэв ахиад Үндсэн хуулийн цэц дээр дуудагдахгүй бол энэ оны эхээр орсон засвар найруулгын хувьд буруу бичигдсэнээс хамаг асуудал ундарсан гэдэг нь үндсэндээ батлагдана.

Монголд нүүрсийг 13 ангилдаг ч АМНАТ ногдуулахад ашигладаг жишиг үнийг гуравхан ангиллаар тооцдог

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон. Ингэснээр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аж ахуйн нэгжүүдээс хураан авах боломжгүй болоод байсан юм. Хүчингүй болоод байсан 47.1 дэх хэсэгт зааснаар “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж томъёолсон байв. Энэ нь АМНАТ-ийг давхардуулан ногдуулсан гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан иргэн С.Баярмаа үзсэн байна. 

Нэгэнт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул энэ мухардлаас гарах гарцыг УИХ олохоос өөр зам үлдээгүй. Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулсан.

Гэвч одоог хүртэл өнгөрсөн үйл явдал тийм ч ойлгомжтой биш байна. Үндсэн хуулийн цэцэд иргэн С.Баярмаагийн гаргасан гомдол нь зөвхөн татварыг давхардуулж ногдуулж байгаа талаар бус татварыг давхардуулалгүй ногдуулсан ч боловсруулах салбарт, ялангуяа баяжуулах үйлдвэрүүдэд эдийн засгийн дарамт болж байна гэсэн утга агуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Ашигт малтмалын тухай хуульд орсон өмнөх нэмэлт өөрчлөлтөөр дотоодод борлуулсан болон экспортолсон нүүрсэнд ногдуулж буй төлбөрийн зөрүүг арилгах зорилгоор АМНАТ-ийг уурхайн амнаас экспортоор гарах хүртэлх шат дамжлага бүрт хувааж ногдуулахаар зохицуулсан байж. Харин үүнийгээ ҮХЦ-д хүргүүлсэн тайлбартаа дутуудуулсан бололтой. Иргэний гаргасан гомдолдоо татварыг давхардуулах асуудлыг ҮХЦ-д тайлбарлахдаа хувь хэмжээний тухай бус шат дамжлага бүрт ижил татварыг ногдуулж байгаа нь буруу хэмээсэн. Тиймээс “татвар давхардуулан ногдуулах” гэдэг үг нь ямар утгатай болохыг Дээд шүүх тайлбарлах хэрэгтэй байна. Учир нь хэдийгээр хуулийн сүүлийн өөрчлөлтөөр үг, найруулга ойлгомжтой болсон ч өмнөхийн адил “худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд” АМНАТ төлөгч хэвээр үлдсэн. 

Ямартай ч, Ч.Хүрэлбаатар сайдын нэг толгойн өвчин намдаж, АМНАТ төлөгчдийн тоо нэмэгдэж, татварын бааз суурь тэллээ. Гэхдээ үүгээр бүх асуудал шийдэгдэж байна гэвэл эндүүрэл. Энэ төрлийн татварыг шударга, боловсронгуй аргаар тооцох шаардлага амьдрал дээр бодитой оршиж байна. Тухайлбал, нүүрсний салбарт АМНАТ-ийг тооцохдоо жишиг үнийг үндсэн гурван төрлөөр бодож гаргадаг. Гэтэл Энэтхэгт эрчим хүчний нүүрсийг 17, коксжих нүүрсийг 14 ангилж, ангилал тус бүрт адилгүй үнэ тогтоодог байна. Тухайлбал, илчлэг 100 ккал нэмэгдэх бүрт үнэ нь дагаад нэмэгдэж байдаг аж. Монгол нүүрсний төрөл ийм ядмаг уу гэвэл үгүй. Мөн монголчууд нүүрсээ ангилж мэддэггүй юү гэвэл бас тийм биш. 2014 онд батлагдсан “Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2014 стандартын дагуу үнслэг болон илчлэг гэх мэт үзүүлэлтийг харгалзан 13 ангилдаг. 

Гэтэл хэт ерөнхий, бүдүүн баараг тооцооллоос үүдээд зарим компани хямд үнээр зарсан бүтээгдэхүүндээ өндөр жишиг үнэ тооцуулж хохирч байна гэж гомдоллох нь бий. Үүнээс гадна, жишиг үнэ тогтоодог энэ арга нь зах зээлийн үнээр тооцож ногдуулбал ашигтай байх бүтээгдэхүүний зардлыг өсгөснөөр ашиггүй болгож байгаа юм. Ийм нөхцөлд компаниуд чанараар сул бүтээгдэхүүнээ борлуулахаас татгалзаж, овоолго болгон орхих хялбар сонголт хийдэг байна. Нөгөө талаас, Газрын хэвлийн тухай хуульд заасан “Үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүний үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг үр ашигтай иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох” гэсэн заалт хангагдахгүй байгаа юм. Эсрэгээрээ өндөр үнээр борлуулсан сайн чанартай, ховор нүүрсний АМНАТ-ийг дутуу ногдуулдаг сул тал гарч байна гэсэн үг. 

АМНАТ ногдуулахтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд орсон энэ удаагийн өөрчлөлт үүнийг хэнд ногдуулахад гол анхаарал төвлөрүүлснээс бус үнийн дүнг бодож гаргах аргачлалыг өөрчлөөгүй. Үнийг тооцохдоо, аль эх сурвалжийн мэдээллийг үндэслэн жишиг үнэ болгохыг АМНАТ-ийг хэрэглэж эхэлсэн үеэс хойш үндсэндээ шинэчлэгдээгүй өдийг хүрчээ. Ганц нүүрс гэлтгүй уул уурхайн бүхий л төрлийн бүтээгдэхүүн хүдэр, баяжмал дахь агуулгаасаа хамаараад зах зээл дээрх үнэ харилцан адилгүй тогтдог тул АМНАТ-ийг тооцох арга, журмыг илүү нарийвчлан, сайжруулах шаардлагатай байгаа гэдгийг бодит байдал тодорхой харуулж байна. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine