Бодлого - Шинэ эдийн засгийн форум

Аваргуудын сүүдэрт Монгол цэцэглэх боломж бий юү?

2019  |  October   |  024

  • Мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалтын үнэ цэн өсөж байгаа
  • Удирдах албан тушаалтнуудын бодит цалин 40 жилд 940 хувь өссөн

 

АНУ, БНХАУ аль аль нь маш том болсон тул дэлхийн хаана ч хөлөө тавьсан нэгнийхээ хуруун дээр гишгичих гээд байдаг боллоо” гэх Хенри Киссинжерийн үг хурдацтай өөрчлөгдөх дэлхийн эдийн засгийн орчинд Монгол Улс гишгүүлчихэлгүй шалмаг хөдлөх хэрэгтэйг санууллаа. Бээжингээс 50 км-ийн алсад орших Янси нуурын эрэгт Блумбергийн шинэ эдийн засгийн чуулганд оролцохоор цугласан хамгийн нөлөөтэй бизнес, төрийн төлөөллүүдийн нэг нь энэ эрхэм байсан юм. Харин би зураглаачийн хамтаар тэдний үгийг сонсож, ирээдүйг хэрхэн зураглаж байгааг нь ойлгохоор Монголоос арваннэгдүгээр сарын 19-ний өглөө хөдөлсөн билээ. 

Аваргуудын тулааныг ажихуй

Саяхныг хүртэл манай эрины эрчимтэй даяаршил, харилцаа холбооны технологийн үсрэнгүй дэвшил хилийн зурвасыг арилгаж нэгдмэл соёл иргэншлийг бий болгоход нэг алхам ойртуулна гэдэгт судлаачид эргэлзэхгүй байлаа. Гэтэл худалдааны маргаан, идеологийн зөрчилдөөн нь дэлхийг хоёр тэнхлэгт хуваахад ойртлоо гэдгийг санхүүгийн хямралын үед АНУ-ын Сангийн сайдын үүргийг гүйцэтгэж байсан Полл Хэнкс индэр дээрээс сануулснаар чуулган эхлэв. Худалдааны маргаан бол ердөө л геополитикийн ширүүн тэмцлийн шинж тэмдэг гэдэгтэй санал зөрөх хүн байсангүй. БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань “Хүйтэн дайны сэтгэхүйг ардаа орхицгооё” гэж уриалсан ч чуулганд оролцогчдын харц, хэлсэн үгнээс уриалга биелэхгүй нь илт байлаа. Учир нь шинээр хөгжүүлж буй технологиуд нь бидний амьдралын хэв маягийг өөрчлөөд зогсохгүй амьдрал гэх ойлголтыг ч шинэчилж мэднэ. Тиймээс аварга эдийн засгууд энэ их боломжийг өөрийн болгохын тулд аль нь ч буулт хийхгүй, ялалт байгуултлаа тэмцэх нь дамжиггүй. Энэ зөрчилдөөн нь Хятадад олон улсаас улам тусгаарлагдсан, хаалттай технологийн экосистем хөгжүүлэх шахалт боллоо гэдгийг Хятадын алдарт хөрөнгө оруулалтын банкны эксперт Фан Бао хэлж байсан нь аль хэдийнэ хэрэгжиж эхлэв. Хятадын Төв банк технологийн гарааны бизнест олгох зээлийн хүүг бууруулах бодлого баримталж эхэлсэн.  АНУ-ын хоригт өртсөн HUAWEI компани Google-тэй өрсөлдөхүйц аппликейшн хөгжүүлэлтийн платформ хөгжүү­лэхэд $1.5 тэрбумын хөрөнгө зарах бол­лоо. Тиймээс эхний үед авар­гууд­­­тай нэг дэвжээнд өрсөлдөхөд хэтэрхий оройтсон жижиг орнууд дараагийн үе эхлэх хүртэл бэлтгэлээ базаах л үлдэж байх шиг. 

Зарим улс “Замаа тавих уу, эсвэл зам дээгүүр явах хүнээ бэлдэх үү” гэдэг хүндхэн сонголтын өмнө иржээ 

Дэлхий хоёр тэнхлэгт хуваагдахтай зэрэгцээд улс орнууд ч дотооддоо хоёр ангид хуваагдсан нь хүндрэлийн дохио байж болохыг Bridgewater associates-ийн үүсгэн байгуулагч, домогт хөрөнгө оруулагч Рэй Далио хэлсэн нь нэгийг бодогдуулна.  Технологийн дэвшил бол хоёр иртэй илд гэдгээ дахин нэг удаа харуулав. Р.Далиогийн бодлоор “Автомажуулалт нь хувь хүний хөдөлмөрийн үнэ цэнийг унагаж энэ нь төр, бизнес, хөдөлмөр эрхлэгчдийн гурван тулгуурт хүчний тэнцвэрийг алдагдуулахад ойрхон” байна. 1980-аад оноос хойш удирдах албан тушаалтнуудын бодит цалин 940 хувь өссөн бол дундаж ажилтных ердөө 12 хувь өсжээ. Энэ нь санхүүгийн чадамжийг хэт зөрүүтэй болгож, энгийн хөдөлмөр эрхлэгчид улсынхаа бодлогод нөлөөлөх нь багасжээ. Үүний дээр бизнесүүд хүнд бус машинд хөрөнгө оруулах нь нэмэгдсэнээр цалин нь үл өсөх дундаж давхарга эрх ашгаа хамгаалахын тулд төрд хандах болов. 

Бухимдсан иргэдийн жагсаалын гал Латин Америкаас Европт, Чилиэс Францад хүртэл асах болжээ. Энэ нь хоёр талын ашиг сонирхлыг илүү сайн хамгаалах хүчирхэг төр тогтох үндэс болж мэднэ. Гэхдээ эсрэгээрээ чихэн дээр цэцэг ургуулсан популистуудад эрх мэдэл очих эрсдэл ч байна. Энэ нь Их Британи, АНУ гэх хөгжингүй орнуудад бодитоор биеллээ олсон. Зарим судлаач Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг хүртэл популист гэх муу нэртэй улстөрчдийн төлөөлөл гэж үзэх нь бий. Хөгжингүй орны, харьцангуй боловсрол өндөртэй иргэд хөл алдаж байхад буурай орнууд шалбааганд уналгүй бултах бүр ч хэцүү байж таарна. 

Замбигийн эдийн засагч Дамбиса Моёогийн судалснаар хөгжиж буй орны Засгийн газрууд татвараар төсөвт хуримтлагдсан хөрөнгийг төдийлөн үр дүнтэй хуваарилж чадахгүй байна. Дахин хуваарилахдаа зам, барилга зэрэг биет, хөрвөх чадваргүй хөрөнгөд зориулдаг. Гэтэл шинэ эдийн засагт илүү уян хатан, мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалтын үнэ цэн өсөж байгаа. Юуны түрүүнд боловсролыг тодорхой босгод хүргэхэд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх ёстойг хэлж байв. Зарим улс “Замаа тавих уу, эсвэл зам дээгүүр явах хүнээ бэлдэх үү” гэдэг хүндхэн сонголтын өмнө иржээ. 

2020 оноос хойш...

Хэлэлцүүлгүүдийг нийтэд нь дүгнэвэл 2020 оноос хойших дэлхийн эдийн засгийн бүтцийн шинэчлэл, донсолгоонд хөгжиж буй орнууд хөл алдах эрсдэл өндөртэй байна. Протекционизм нь дэлхийн зах зээлд гарах боломжийг хааж, популизм нь бодлогыг хазайлгаж, уур амьсгалын өөрчлөлт уламжлалт аж үйлдвэрт хүндээр тусна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн уламжлалт тулгууруудаа баттай суурилуулж чадсан орнуудад шинэ эдийн засагт дасан зохицох илүү хялбар байхаар байна. Үүнийг түрүүлж харсан БНХАУ, БНСУ инновацид эрчимтэй хөрөнгө оруулж байгаа бол тогтворгүй дотоод орчин нь Бразил зэрэг баялаг ихтэй ч зөв бодлого хэрэгжүүлж чадаагүй орнуудыг хоцроход хүргэж байна. Цаашдаа улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, инновацийн таатай орчин бүрдүүлж ирээдүйн ажлын байранд шуурхай зохицох чадвартай боловсон хүчин бэлдэхийг чуулганд оролцогчид уриалсан. Харин олон улсын хэмжээнд цахим эдийн засгийн үр өгөөжийг бүх оронд тэгш хүртээх, үндэстэн дамнасан цахим худалдаа, үйлчилгээг хөгжүүлэхэд бэлтгэх, уур амьсгалын өөрчлөлттэй нэгдсэн хүчээр тэмцэхэд оролцоогоо нэмэгдүүлэх уриалга гаргалаа. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2019/12

Нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадвар

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine