Эдийн засаг

Өрийг дахин санхүүжүүлэхэд бодох зүйл

2019  |  October   |  024

Ердөө дөрөв хүрэхгүй жилийн өмнө, УИХ-ын сонгуулийн өмнөхөн Монгол Улс түүхэндээ хамгийн өндөр хүүтэй “Мазаалай” бондыг олон улсын зах зээлд гаргаж байв. Тухайн үед Засгийн газрын төсвийн зардал нэмэгдэж, түүхий эдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулагчид дайжсан гээд эдийн засгийн үзүүлэлтүүд муу байсан тул өндөр хүүтэй бонд босгохоос өөр зам байгаагүй юм. Таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй зээлсэн 500 сая ам.долларын бондыг эргэн төлөх цаг хаяанд иржээ. 

Өнөөдөртөө эдийн засаг сайн байгаа ч өр төлөх өдөр ирэхэд төлбөрийн чадваргүй байх эрсдэл Монголыг отож буй. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаагаас гадна АНУ, Хятадын худалдааны дайны уршиг ямар ч хэлбэрээр, хэзээ ч ирж мэднэ. Түүхий эдүүдийн ханш дунд, урт хугацаанд эерэг төлөвтэй гэж шинжээчид харж буй боловч богино хугацаанд буурна гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх нь экспортын орлогын уналт, өрийн эргэн төлөлт давхцахыг илтгэнэ. 

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилд 2.9 тэрбум ам.долларын өрийг эргэн төлөх хуваарьтай

Moody’s агентлагаас “Монгол Улсын эдийн засаг мөчлөгийн оргил үеэ өнгөрөөж байна. Цаашид одоогийн өсөлтийг 5-6 хувьд тогтворжуулах бодлого, алхам хэрэгтэй” хэмээн зөвлөсөн. Тэд манай улсын дунд хугацааны макро эдийн засгийн төлөв сайн боловч гадаад эрсдэл, төлбөр гүйцэтгэх тал дээр дунд хугацаанд тодорхой эрсдэл байна гэж үзжээ. Энэ өгүүлбэр нь “Та нар эдийн засгийн үзүүлэлт сайн байна гэж онгирох хэрэггүй” гэсэн боловсон сануулга, дохио юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 7.2 тэрбум ам.долларын өртэй бөгөөд ирэх дөрвөн жилд 2.9 тэрбум ам.долларыг нь эргэн төлөх хуваарьтай. Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2023 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, “Хуралдай-1” бондын 476 сая, “Хуралдай-2” бондын 124 сая ам.долларын өр нэхэгдэнэ. 

Цор ганц сонголт

Сангийн яам болон Монголбанкны зүгээс өрийг дахин санхүүжүүлэхээс өөр сонголтгүй гэдэгтэй эвлэрч байна. Гэхдээ макро эдийн засгийн эерэг төлвийг ашиглан харьцангуй өндөр хүүтэй, эрсдэл дагуулж болзошгүй гадаад өр, төлбөрүүдээс 10-20 хувийг нь төлөх бололцоог эрэлхийлж байгаа гэх. Монголбанк Хятадын Ардын банктай хийсэн своп хэлцлээ дахин гурван жилээр сунгах талаар хэлэлцээр хийхээр зэхэж байгаа бол Засгийн газраас өр, төлбөрийн стратеги боловсруулж олон нийтэд танилцуулаад буй. Гэхдээ Засгийн газар болон холбогдох байгууллагууд 2015 онд батлагдсан Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу хагас жил тутам өрийн удирдлага, мониторингтой холбоотой дүн шинжилгээ хийж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулж холбогдох шийдвэрийг гаргах ёстой байдаг. Гэтэл ийм процесс одоог хүртэл хэрэгжихгүй байгаа нь өр төлбөртөө санаа тавьж байгаа гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. “Өр төлтөл лай ч байна, зай ч байна, сонгууль ч байна” гэсэн хоржоонтой үг саарал ордонд ойр ойрхон сонстох болсон гэнэ лээ.

Монгол Улс 2012 онд эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор гадаад зах зээл дээр бонд гаргасан. Гэвч өнөөдөр эдийн засаг төрөлжөө­гүйгээр барахгүй өрийн дарамтад орчихоод байгаа нь үнэн. Хэрвээ богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл, хөтөлбөрүүдэд бондын хөрөнгийг зориулсан бол өнөөдөр экспортын орлого илүү хурдтай өсөхөөс гадна өрөө яаж төлөх вэ гэдэг толгойны өвчингүй байх байв. 

Энд бодлогын маш том алдаа гарсан, өр үүсгэхэд бодлого чухал  гэдгийг судлаачид онцолж байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Хэзээ өр үүсгэх вэ гэдгээ дунд болон урт хугацаандаа бодож байх ёстой. Бусад улс оронд өрийн бүхэл бүтэн төлөвлөгөө байдаг. Одоо л бид үүнийг суралцаж эхэлж байна. УИХ-аас өнгөрсөн намар Өрийн дунд хугацааны стратегийг шинэчилж баталлаа. Энэ хуулиар өрийн хугацааг сунгаж, хөрвүүлж болно. Хэрэв Монгол Улсын эдийн засгийн цаашдын төлөв сайн байгаад томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт тодорхой байвал хөрөнгө оруулагчид өрийг хөрвүүлэх сонирхолтой болно. Тэд заавал зээлээ эргүүлж авна гэхгүй шүү дээ. Тиймээс ийм хэлцэл хийх нь чухал. Олон улсын судалгааны байгууллагууд өрийг хөрвүүлэх хэлцлээ эртхэн хийгээч ээ гэдэг зөвлөгөөг өгч байгаа. Тиймээс хугацаа алдалгүй ийм төрлийн хэлцлүүдээ хийх нь чухал. Хөрөнгө оруулагчдадаа зөв ойлголт төрүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. 

Хүүг бууруулах боломжтой

Германы эдийн засгийн боловсруулах салбарын уналт, Брексит гэх мэт олон шалтгаанаас Евро бүсийн эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн. Хятад, АНУ-ын худалдааны маргаан зэргээс болж Хятадын өсөлт мөн саарч байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт саарах тал руугаа шилжихээр байна гэдгийг ОУВС болон бусад судалгааны байгууллагаас мэдэгдээд байгаа. Дэлхийн эдийн засаг дунд хугацаандаа уналтын төлөв рүүгээ орж болзошгүй гэсэн хүлээлтээс ам.долларын хүү буурах нь  гэсэн таамаг байна. Учир нь өмнөх эдийн засгийн хямралуудын үеэр томоохон төв банкууд хүүгээ бууруулж, эдийн засгаа тэтгэх бодлогыг хэрэгжүүлсэн байдаг. Тэгвэл энэ удаад гол төлөв банкууд эдийн засгийн хямралыг зөөллөх зорилгоор санхүүгийн нөхцөлөө сулруулж эхэллээ. Тухайлбал, Холбооны нөөцийн банк өнгөрсөн оны төгсгөлөөс эхлээд бодлогынхоо хүүг гурван удаа буулгаснаар хүү нь хоёр орчим хувьд хүрээд байгаа юм. Хэрэв дэлхийн эдийн засаг хямрах нөхцөл үүсвэл 0 хувьд хүрч магадгүй гэсэн хүлээлэлт үүсэж байгааг шинжээчид онцолж байна. Ам.долларын ханш сулрах нь манайх шиг зээл, бонд хөөцөлдөж яваа улсуудад нэг талаараа ашигтай тусах боломжтой юм. 

Бид ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсон нь гадаад зах зээлээс хүү багатай санхүүжилт босгох замд садаа болох нь ойлгомжтой. Гэхдээ хөрөнгө оруулагчид Монгол Улс “Саарал жагсаалт”-ын дагуу өгөгдсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлж, үүнээс гарахын төлөө хичээж байгаад итгэж байгаа гэдгийг Төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир онцолж байна. Тиймээс нэн тү­рүүнд бодлогын сахилга батыг хадгалж, санхүүгийн системээ эрүүл байлгах хэрэгтэй. Ингэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж үлдэхэд тустай. Өндөр хүүтэй бондуудаа хямд хүүтэйгээр солихын тулд хөрөнгө оруулагчдад найдвартай улс гэдгээ нотлож, тэдний итгэлийг олох нь чухал. Энэ оны турш лиценз хурааж, татвар нэмж ирсэн УИХ Оюу толгойн гэрээг цуцлахгүй гэдэг шийдвэр гаргасан нь ганц гялтайх мэдээ байж, хөгө оруулагчдын итгэлийг сэргээхэд бага ч гэсэн нэмэр болох нь дамжиггүй. 

ГШХО-ын дийлэнх нь Оюу толгойнх

Дэлхийн банкны гаргадаг Бизнес эрхлэх индексийн үзүүлэлтээр манай улс 70 дугаар байраас 80 руу ухарчихлаа. Дэлхийн банк, ОУСК-аас маш тодорхой мессежүүдийг хэлсэн. Тэд “Уул уурхай бол танайхыг ойрын хугацаанд чирч явах салбар. Гэхдээ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бусад салбар руугаа төрөлжүүлж шингээх хэрэгтэй. Энэ хоёр бол тулгуур нь” гэдгийг онцолсон. Гэвч Засгийн газар болон Үндэсний хөгжлийн газраас төлөвлөсөн боловч ажил хэрэг болгоогүй олон ажил бий. Үүнийг саяхан болсон Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж сэдэвтэй хурлын үеэр Монгол Улсад суух гадаад улсуудын Элчин сайдууд “Арга хэмжээний төлөвлөгөө болгоод амьдрал дээр буулга. Төрийн бодлого гадаад секторын бодлогоо уялдуул. Бичиг баримтуудаа тодорхой болго. Хуулийн хэрэгжилт хойгуур явж байна. Эдийн засгийн төрөлжүүлэхийн тулд төр болон хувийн хэвшил юу хийх гээд байгааг боловсруулаад түүнийхээ араас яв” гэж хэлж байв. 

Монголын хувьд гаднаас хөрөнгө оруулагчид орж ирээд биржээс хувьцаа, бонд авах явдал бараг байхгүй тул эргээд гарах урсгал маш бага. Харин хөрөнгийн орох урсгалын дийлэнх нь “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт. “Оюу толгой” сүүлийн хоёр жилд жил бүр 1.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-аас багагүй хувийг “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт эзэлдэг. Гэтэл “Оюу толгой”-н бүтээн байгуулалт тодорхой шалтгааны улмаас цаг хугацааны хувьд хойшлохоор болоод байгаа. Ашиглалтад орох хугацаа магадгүй 30 сараар хойшлохоор байна. Үүнийг дагаад үйл ажиллагааных нь зардал 2.2 тэрбум хүртэлх ам.доллараар нэмэгдэж байж болзошгүйг тус компанийн зүгээс мэдэгдсэн. Оюу толгойг эс тооцвол манайд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурахаар байна. Бууралтыг нөхөх өөр томоохон төсөл өнөөдөр алга. Уул уурхайгаас бусад салбарын хөрөнгө оруулалт сураг төдий байгаа нь бодит үнэн.  



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine