Компани - Оюутолгой

“Оюу толгой” тайвшрах болоогүй

2019  |  October   |  024

Оюу толгойн гэрээнүүдэд зориулсан ээлжит тогтоолоо УИХ баталлаа. Арваннэгдүгээр сарын 21-нд батлагдсан УИХ-ын 92 дугаар тогтоолоор Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлахгүй ч Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөлт оруулахыг Засгийн газарт чиглэл өгөв. Оюу толгойтой холбоотой гэрээнүүдийг цуцална, төслийг зогсоож магадгүй хэмээн хоёр жил орчим маргасны эцэст цуцлахгүй гэдэг шийдвэрээ УИХ гаргасан нь энэ. Цаг хугацааны хувьд гадаад орчинд Монголын төрийг муухай харагдуулахгүй, дотоод улс төр, эдийн засагтаа сөргөөр нөлөөлөхөөргүй “гоё” тогтоол батлагдсан.

“Рио Тинто” компани УИХ-ын тогтоолыг хүлээн авснаа мэдэгдэж, “Монголын УИХ Оюу толгойн гэрээнүүд хүчин төгөлдөр гэдгийг дахин баталгаажууллаа, Засгийн газартай хэлэлцээр хийхэд бэлэн“ гэв.
Харин УИХ-ын тогтоолын заалтуудыг задалж үзвэл салаа утга агуулсан, Засгийн газарт ямар ч “ааш” гаргаж болохуйц эрх мэдлийг нь өгсөн, хэрэв тохиролцохгүй бол УИХ дахин авч хэлэлцэж ч болзошгүй юм байна гэж ойлгож болохоор байна. Товчхондоо бол “Рио Тинто” нааштай хандвал бид ч нааштай хандаж, Оюу толгой төслөө цааш нь үргэлжлүүлье гэсэн зурвас юм.

УИХ “Оюу толгой” ХХК-ийн 34 хувиасаа татгалзаж болохыг Засгийн газарm зөвшөөрсөн

УИХ-аас томилогдсон тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн боловсруулсан ес дэх төслийг УИХ дэмжжээ. Үүний өмнө найман төсөл боловсруулагдсаны дотор Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээг цуцлах хүртэл санал явсан гэхээр ямар том зөрчил дундуур тогтоолын төсөл гарч ирсэн нь ойлгомжтой. УИХ-ын 92 дугаар тогтоолыг чуулганы хуралдаанд суусан 46 гишүүний 100 хувийн саналаар баталсан. Дэмжсэн гишүүд дунд Оюу толгойн гэрээнүүдийг байнга эсэргүүцэж, бүр имиджээ хүртэл болгосон улстөрчид ч бий. Ам л нээвэл Оюу толгойг муулж байдаг тэр гишүүд уг тогтоолыг яагаад дэмжих болов гэдэг сонирхолтой. 

Тогтоол батлагдахаас хоёр өдрийн өмнө ҮАБЗ хуралдаж, Гэрээнүүдийг цуцлахгүй гэдэгт санал нэгдсэнийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар санал нэгтэй байсан нь УИХ-ын гишүүд 100 хувь дэмжих нэг хөшүүрэг болсон биз. Үүнээс гадна гэрээнүүдийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, сайжруулах гэсэн үгс орсон нь эсэргүүцэж байсан зарим гишүүний санааг амраасан нь лавтай.

Дубайн гэрээ Монгол Улсын хуулийг зөрчжээ. Хэдий хууль зөрчсөн ч гэсэн хуульд нийцүүлэн сайжруул хэмээн хууль тогтоох байгууллага шийдвэр гаргаж байна. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Дубайн гэрээ” Монгол Улсын олон хууль, тогтоомжийг зөрчсөн нь үнэн. Үүнийг өмгөөлж хамгаалсан зүйл огт байхгүй. Д.Тэрбишдагвын ахалсан ажлын хэсгийнхний дүгнэлтийн 1.12-т “хууль тогтоомжийг зөрчсөн учраас “Дубайн гэрээ”-г хүчингүй болго” гэсэн байгаа. “Дубайн гэрээ” хууль бус учраас цуцлах ёстой. Үүнийг УИХ шийдэх ёстой байсан ч Засгийн газар руу шидчихлээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хэтэрхий марзан гэмээр энэ шийдвэр нь Монгол Улс хамгийн том хөрөнгө оруулагчдаа найр тавьж байгааг, Оюу толгойд зээл олгосон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын өмнө “нэрээ бодож” байгааг илтгэнэ. Нэгэнт олон улсын том гэрээ байгуулсан тул гэрээгээ үргэлжлүүлье, харин дотоод улс төр, бусад асуудлаа өөрсдөө шийдье гэсэн үг биз. 

УИХ-ын баталсан тогтоолын заалт бүрээр харвал 2009 оны ХОГ, 2011 оны ДТНӨОХНГ хоёр хууль зөрчөөгүй, харин “Дубайн гэрээ” хууль зөрчсөн гэж ойлгож болохоор байна. Энэ үүднээсээ АТГ-т шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг хэрхэн шийдэгдэх вэ гэдэгт тодорхой таамаг дэвшүүлэх боломжтой болж байгаа юм.  

УИХ-ын тогтоолд маш чухал нэг заалт орсон нь Засгийн газар “Оюу толгой” ХХК-ийн 34 хувиасаа татгалзаж болохыг УИХ зөвшөөрсөн заалт юм. Гэхдээ ганцхан болзолтой нь Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг анх тохирсон 53 хувиас бууруулахгүй байх ёстой. Тэгвэл бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын тусгай төлбөрөөр орлуулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж, УИХ-д танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Олон жил яригдсан 34 хувь эзэмших нь зөв, буруу гэдэг маргаан 10 жилийн ой дээрээ дахин сөхөгдөж байна. УИХ-ын гишүүд ийм эрх өгөхийг дэмжсэн нь ердөө ганцхан шалтгаантай. 400 гаруйхан сая ам.долларын үнэтэй байгаа “Оюу толгой” компанийн 34 хувийн хувьцаа нь 1.6 тэрбум ам.долларын зээлийн өртэй болчихсон, гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, зардал нэмэгдэх тусам 34 хувийн ногдол ашиг авах магадлал улам бүр алсарсаар байгаа нь Монголын төрийг ийм шийдвэр гаргахад хүргэж байна.

Засгийн газар 34 хувиа зарах, эсвэл үр ашгийг нь өөр хэрэгслээр хүртэх эсэх нь цагаа олсон шийдвэр мөн үү гэвэл олон талын байр суурь гарах нь ойлгомжтой. Харин ямар хувилбараар “тулах” вэ гэдэгт тийм ч олон хувилбар байхгүй.

“Рио Тинто” уг тогтоолд сэтгэл ханамжтай байгаа болов уу. УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт нь “Дубайн гэрээ”-г цуцлах ёстой гэж байсантай харьцуулахад хэлэлцээр хийж, Оюу толгой төслийг цааш үргэлжлүүлж болохуйц байдлаар эцсийн шийдвэр гарсан болохоор тэдэнд дургүй байх шалтгаан байхгүй юм.

“Рио Тинто”-гийн ТУЗ хуралдаж, Оюу толгойн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнөхөн УИХ шийдвэрээ гаргасан. Монголын Засгийн газрын эргэж буцсан байдал нь “Рио Тинто”-гийн дээд шийдвэр гаргачид, хөрөнгө оруулагчдад нь түвэгтэй санагдах болсноор багагүй хугацаа өнгөрч байгаа. Цаг хугацааны хувьд ингэж таарав уу, эсвэл тааруулав уу гэдгийг яаж ч таамаглаж болно. Юутай ч УИХ-ын шийдвэр “Рио Тинто”-гийн дээд удирдлагын түвшинд Оюу толгой төслийг үргэлжлүүлэх үү, хөрөнгө оруулалтаа зогсоох уу гэдэг эргэлзээг нь тайлсан гэдэг нь ойлгомжтой. Тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак ч Засгийн газартай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Одоо Засгийн газар болон “Рио Тинто” хооронд хэлэлцээр хэзээ эхлэх, хэзээ дуусах, ямар шийдэлд хүрэх бол гэдэг хамгийн сонирхолтой сэдэв. Ямар шийдэлд хүрэх нь эцсийн мөчид л тодрох болохоор ийм тийм гэж хэлэх боломжгүй юм. Харин хэлэлцээр удахгүй эхлэх сурагтай. Болж өгвөл ирэх сонгуулиас өмнө тохиролцоонд хүрэхийг аль аль нь зорих байх. Гэхдээ хэлэлцээр хэр удаан үргэлжлэх бол гэдэгт хэд хэдэн хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай юм. Юун түрүүнд Монголын Засгийн газрын сонирхлыг харгалзах хэрэгтэй болно. Ирэх сонгуулийг эрх баригч нам Оюу толгойг Монголд ашигтай болгосон гэсэн “ялалтын мэдээ”-тэй угтах нь чухал байж таараа. Тиймээс ч Засгийн газар идэвхтэй, шаламгай хандах болов уу. Нөгөө талаар гэрээнүүдийг өөрчлөх, ялангуяа гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудыг тодорхой шийдэхийн тулд шинэчилсэн ТЭЗҮ-г хүлээхээс өөр замгүй юм. ТЭЗҮ ирэх жилийн дундуур буюу сонгуулийн дараа гарах урьдчилсан тооцоотой байгаа.

“Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суух Засгийн газрын Ажлын хэсгийг хэн ахлах вэ гэдгээс Засгийн газар ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгааг таамаглаж болно. Өмнөх хэлэлцээрүүдийг Уул уурхайн асуудал хариуцсан сайд ахалж ирсэн түүхтэй. Энэ утгаараа Д.Сумъяабазар сайд Ажлын хэсгийг ахлах боломжтой. Гэхдээ сайдыг хөрөнгө оруулагч талыг хэтэрхий өмөөрч байгаа гэсэн шүүмжлэл саарал ордонд өрнөөд багагүй хугацаа өнгөрч байгааг бодолцох ёстой. Д.Сумъяабазар биш бол ЗГХЭГ-ын дарга Э.Оюун-Эрдэнэ хамгийн боломжтой хүн. 

Ерөнхий сайдын үнэнч сайд гэдгээрээ Ажлын хэсгийг ахалбал Ерөнхий сайд, Засгийн газар уг хэлэлцээрт том ач холбогдол өгч байна гэж ойлгож болно. Учир нь Оюу толгойн хэлэлцээрт оролцсон сайдууд, “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээний ард сууж, гарын үсэг зурсан хэнбугай ч улс төрийн хувьд маш том эрсдэл авч, улс төрчийн хувьд амьд үхдэл болдог. Тийм болохоор тийм хэмжээний эрсдэлийг даахуйц нөлөөтэй, эрх мэдэлтэй нэгэн Ажлын хэсгийг ахалж таарна. Бусдаар эзэмшсэн мэргэжил, боловсрол, өдий дайны хэлэлцээр хийх чадавх гэх мэт зүйлс бол хамгийн сүүлд тавигдах болов уу.

Хэлэлцээрийн үр дүн  хоёр талаас томилсон ажлын хэсгийн гишүүдээс ихээхэн хамаарах нь дамжиггүй. АН-ын Засгийн газрын үед дөрвөн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн хийсэн хэлэлцээр ашигтай үр дүнд хүрсэн гэхээсээ том алдагдалд оруулсан гэхэд болно. Энэ удаагийн Ажлын хэсэг ч хүндхэн нөхцөлд хэлэлцээрт орно. “Рио Тинто” ч Засгийн газрын нөхдүүдийг харж байж өөрсдийн төлөөллөө томилж таарна.

Хоёр талын хэлэлцээр нэлээд сунжрах магадлал өндөр. Өнгөрсөн 10 жилд хуримтлагдсан маш том асуудлуудыг нэг мөр шийдэх гэж оролдох болохоор амжилтгүй болох магадлал ч бий. Сонгуулийн өмнө том асуудлыг яаран шийдэж, өмнөх Засгийн газрынхаа алдааг давтахаас цааргалахыг ч үгүйсгэх аргагүй юм. Тийм дээрээ тулвал өнгөрсөн хугацаанд тохирсон цөөн асуудлуудын шийдлээ танилцуулж, сонгуульд зориулсан хэлэлцээрт гарын үсэг зурж ч болно. Зээлийн хүү, хувьцааны санхүүжилтийн өртгийг бууруулах, цахилгаан станц гэх мэт шийдэхэд ойртчихсон асуудал цөөнгүй бий. Оюу толгой төслийн улс төрийн эрсдэлийг бууруулсан болохоор санхүүжилтийн өртөг ч буурч таарна. Харин үлдэх асуудлууд, магадгүй 34 хувийн эзэмшлийг хэрхэх гэх мэт нийгэм, улс төрд том нөлөө үзүүлэхүйц асуудлыг дараагийн Засгийн газарт үлдээх хувилбар ч байж болох юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine