Уурхайчин - Уурхайчин

“Оюу толгой”-н үндсэн бүтээгдэхүүн

2019  |  October   |  023

Монголын эдийн засгийг нуруундаа үүрч буй уул уурхайн салбарт олон мянган залуус ажиллаж, гэр бүлдээ, нийгэмдээ томоохон хувь нэмэр оруулж буй. Тэр дундаа “Оюу толгой” компанид 15 мянга гаруй залуус амжилттай ажиллаж байна. Тэдний төлөөлөл болгож, ”Оюу толгой” ХХК-ийн Засвар үйлчилгээний ахлах ажилтан Онгойн Энхсонорыг Asia Mining Magazine “Уурхайчин” буландаа онцоллоо. “Оюу толгой” компани зэсийн баяжмалаас гадна уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг олноор үйлдвэрлэдэг гэхэд болно. Тэгвэл тэдний нэг нь О.Энхсонор юм. Тэрбээр 1990 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн бөгөөд аав нь хувиараа аж ахуй эрхлэгч, ээж нь хүүхдийн цэцэрлэгт тогооч хийдэг эгэл жирийн борог амьдралд өсжээ. Хүсэл, зорилгынхоо төлөө өөрийн хүчээр зүтгэж, хэрхэн амжилтад хүрч болдгийн тод жишээг энэ залуугийн түүхээс харж болох юм.

Цэцэрлэгийн тогоочийн  хүүгийн “Оюу толгой”-той холбогдсон түүх

Арван жилээ төгсөөд барилгын инженер болно гэж бодож явсан О.Энхсонор Сүхбаатар аймагт элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд, ШУТИС-ийн хуваарь сонголт дээр нэгдүгээр байрт жагсажээ. Тухайн үед Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт Минерал” компаниас “Хэрвээ ашигт малтмал, баяжуулалтын технологич гэдэг мэргэжлээр суралцвал манайх тэтгэлэг олгож болж байна” гэсэн амлалт өгсөн нь барилгын инженер бус уул уурхайн мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгоход хүргэжээ. 

Ингээд О.Энхсонор 2008 оны намар ШУТИС-ийн Уул уурхайн сургуульд Ашигт малтмал, баяжуулалтын технологич мэргэжлээр элсэн ороход ангид нь газар газраас физикийн олимпиадын алт, мөнгөн медальт, математикийн олимпиадын аварга зэрэг шилдэг хүүхдүүд ирсэн байж. Хичээл нь хими суурьтай байсан тул сонирхолтой санагдаж, ангийнхаа мундаг хүүхдүүдтэй хамтран суралцаж эхэлжээ. Тэрбээр сонгосон мэргэжилдээ сэтгэл хангалуун байсны дээр өөрийгөө олон талаар хурцалж, сурлага болон нийгмийн идэвхээр үеийнхнээ манлайлах болсон байна.

О.Энхсонорын “Оюу толгой” компанитай оюутан ахуй цагаасаа холбогдсон түүх яг л кино шиг. Тэрбээр гуравдугаар дамжааныхаа намар “Рио Тинто” компанийн тэтгэлэгт хөтөлбөрт материал бүрдүүлж өгөөд ярилцлагынхаа шатанд бүдрээд тэнцсэнгүй. Ингээд дутагдлаа тодорхойлж, хэл сурахгүй л бол хэзээ ч гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллаж чадахгүй юм байна гэдгийг бүрэн утгаар нь мэдэрч, зорилго тавьсан байна. 2011 оны хавар Энэтхэг явахаар болжээ. Тухайн үед тэдний амьдрал тийм ч сайнгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод нийтийн байранд амьдардаг байж. Гуравдугаар дамжааны оюутан,  20 хүрчихсэн, үе тэнгийнхнээ манлайлж байсан тэрбээр аав, ээждээ “Би аятайхан охинд тоогдмоор байна. Яадаг ч байсан гэртээ  найз охин дагуулж очиж дарамт болохгүй. Тиймээс та хоёр амьдарч байгаа байраа зарчих. Надад хөрөнгө оруулчих. Эргээд нэг жилийн дараа та хоёрт мөнгийг чинь тоо ёсоор нь өгнө” гэж хэлээд байрыг нь гурван сая төгрөгөөр зараад Энэтхэг рүү явжээ. Аав, ээжийнхээ амьдарч байсан нийтийн байрыг зарчихсан хүн эргэж нутагтаа очоод “Тэтгэлэг авах ёстой” гэсэн хатуу зорилго тавьж, тэр зунжингаа Энэтхэгт англи хэл дээр тэтгэлгийн ярилцлагад бэлтгэсэн байна. Ингээд 2011 оны намар аравдугаар сард “Оюу толгой” компанийн тэтгэлэгт тэнцэж чаджээ. 

Тус тэтгэлэг нь сургалтын төлбөрөөс гадна сар болгон 200 мянган төгрөгийн стипендтэй, оюутны байрны төлбөрийг нь төлдөг, сурах, ном бичгээр хангах болзолтой байв. “Дотоодын их, дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөр зарладаг анхны байгууллагуудын нэг нь “Оюу толгой” гэж боддог, тухайн үеийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг байгууллага “Зориг сан” байсан. Тэтгэлэгт тэнцэнэ гэдэг бүх чадвараараа сайн байхын нэр. Ингээд дөрөвдүгээр дамжааны хавар сургалтын төлбөр, стипенд хуримтлагдсаар таван сая орчим төгрөг цугларсан. Тэр үед Сүхбаатар аймагт нэг өрөө орон сууц 20 сая төгрөг хавьцаа байлаа. Нөгөө таван сая төгрөг маань орон сууцны урьдчилгаа 30 хувь болчихож байгаа юм. Ингэж манайх гэдэг айл эмээгийнхээс нүүж, анх удаа нийтийн байрнаас орон сууцанд орж билээ” гэж ярих О.Энхсонорын хүсэл мөрөөдөл, зорилго нь хэдийнээ тодорхой мэт санагдана.

“Оюу толгой” компанийн жинхэнэ ажилтан

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд хийгдсэнээр бүтээн байгуулалт нь ид өрнөж, 2012 он хүртэл ажиллах хүчээ авчихсан цаг үе. 2012, 2013 онд төгссөн залуучууд яг тэр алтан үеэс нь хоцорсон байжээ. Гэхдээ “Оюу толгой” компаниас шинэ боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрүүдийг зарладаг байв. Энэ үед О.Энхсонор шалгуур өндөр, олон залуус өрсөлддөг “Оюу толгой”-н “Шинэ төгсөгч” хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцэж чаджээ. Ингээд 2013 оны нэгдүгээр сард “Оюу толгой” компанийн уурхайн төслийн талбай дээр хөл алхсан байна. “Хаалгыг нь даваад л алхчихъя. Алхаад орсон тохиолдолд олон боломж олдоно” гэдэгт тэрбээр итгэлтэй байжээ. 

Хоёр жилийн хугацаанд гэрээтэй ажиллаж байгаад 2015 онд Туслах төлөвлөгч гэдэг ажлын байранд тэнцэж, “Оюу толгой” компанийн үндсэн ажилтан болжээ. Түүнээс хойш тасралтгүй өсөж, хөгжсөөр өнөөдөр Дэд бүтцийн хэлтсийн засвар үйлчилгээний ахлах ажилтан болсон байна. Түүний баг дэд бүтцийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнүүдийг хариуцан зохион байгуулж, найдвартай ажиллагааг нь хангахад гол анхаарлаа хандуулдаг ажээ.

“Оюу толгой” компанийн “Шинэ төгсөгч” хөтөлбөр нь шилдэг оюутнуудыг сонгон авч, гарамгай мэргэжилтэн, шилдэг удирдагчдыг бэлтгэх зорилготой хөтөлбөр юм. Тиймээс дөнгөж сургуулиа төгссөн, сурах хүсэл эрмэлзлэл дүүрэн хөдөлмөрч залууст боломж олгодгоороо онцлог. “Одоо “Шинэ төгсөгч”  хөтөлбөр маань залууст сургуулиа төгсөөд дөрвөн жил уул уурхайн мэргэжилтнүүдээсээ ажлын талбарт суралцах боломж олгож байгаа. Зарим тохиолдолд “Рио Тинто” компанийн бусад төсөлд зочлон гадаадын мэргэжилтнүүдээс суралцах боломжтой. Намайг тус хөтөлбөрт хамрагдаж байх үед монгол залуус бүтэн жил туршлага хуримтлуулахаар “Рио Тинто” компанийн бусад төсөл рүү явцгааж байсан. Тэд маань одоо буцаж ирээд компанидаа мэргэжилтэн хийж байна. Боддоо, гоё байгаа биз” хэмээн нүүрэнд нь баясал тодрон ярих О.Энхсонор алсдаа “Рио Тинто”-гийн удирдах түвшинд ажиллах алсын зорилго тээн зүтгэж байна.  

Нийтлэлийн баатар маань хотод хоёр жилийн өмнөөс эхнэр, хоёр хүүхдийн хамт суурьшжээ. Том охин нь энэ жил сургуульд орсон бол бага нь дөрвөн настай. 

“Хүнд зорилго дэвшүүлэх чадвар байх ёстой”

О.Энхсонор саяхан “Рио Тинто”-гоос хэрэгжүүлдэг “Ноцтой эрсдэлийн дадлагажуулагч” сургагч хөтөлбөрийн хүрээнд уурхайнхаа 6000 орчим залуустай уулзаж, ярилцлага хийжээ. “Уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааг ягштал мөрддөг байх хэрэгтэй. Тиймээс  бие биедээ санаа тавихаас илүү чухал зүйл байхгүй. Манай компанийн нэг номерын зорилго бол аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 0 гэсэн хэмжээнд хүргэх. Энэ нь гараа исгэх хэмжээний осол гаргахгүй гэсэн зорилт юм. “Оюу толгой” компани 2017 онд 146 жилийн түүхтэй “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлын шагналыг авсан. Энэ бол “Рио Тинто” компанийн хамгийн дээд шагнал нь юм” хэмээн хамт олноороо бахархах аж.

“Оюу толгой”-д 15000 ажилтан гурван ээлжинд хуваагдаж ажилладаг. Ханган нийлүүлэгч, гэрээт компанийн ажилчид гээд энэ төслөөс 50 орчим мянган хүн өгөөж хүртэж байна шүү дээ. Бас топ татвар төлөгч. “Оюу толгой”  бол орчин үеийн уурхай. Шинэ технологи манай салбарт шингэсэн. Бид шинэ технологи дээр ажиллаж байна. Энэ нь маш давуу талтай бөгөөд монгол залуучууд дэлхийтэй мөр зэрэгцэн алхаж байна. Гүний уурхайн 1300 метрт өөрөө нэвтрэхгүйгээр газрын хөрсөн дээрээ удирдлагаа бариад машинаа удирдмаар байна шүү дээ. Удирдлагаа бариад газрын хөрсөн дээр гүний уурхайгаа ажиллуулдаг технологи зарим газар нэвтэрсэн. Үүнтэй адилхан манай ил уурхайн залуучууд дутуу тэсэрсэн тэсэлгээний цооногууд дээрээ дрон нисгэж үзлэг шалгалт хийж байна. Зарим үед удирдлагыг нь хотын оффисоосоо зохион байгуулж байна. Дэлхий нийтэд ямар технологи нэвтэрч байна түүнийг нь “Оюу толгой”-д авчирч, түүнээс залуучууд суралцаж байна. Сурсан зүйлээ нийгэмдээ хуваалцаж байна. Олон улсын бизнест ажиллахын давуу тал бол аливаа зүйлд баригдахгүй задгай сэтгэж эхэлдэг юм байна. Нэг албан тушаал, дарга гэдэг амбиц харахаас илүүтэйгээр би яагаад мэргэжлийнхээ чиглэлээр сайн эксперт болоод дэлхийн түвшинд ажиллаж болохгүй гэж гэдгийг их бодож эхэлдэг юм байна. Өнөөдөр 40 орчим монгол мэргэжилтэн “Рио тинто” компанийн бусад олон улсын уурхайнууд болон оффисуудад бүх түвшинд ажиллаж байгаа. Миний мөрөөдөл бол энэ. Үүний төлөө маш их сурч, олон зүйл мэдэх хэрэгтэй байна” гэж ярих О.Энхсонор хэмээх залуугийн зорилго болоод хүсэл, мөрөөдөл нь тодорхой байна.

Өнөөдөр “Оюу толгой” компанид олон янзын гарал үүсэлтэй, олон аавын хүү ажиллаж, хөдөлмөрлөж, бас суралцаж бусдыгаа манлайлан ажиллаж байна. Тэдний нэгэн төлөө­лөл О.Энхсонорын “Хүнд зорилго дэвшүүлэх чадвар гэж байх ёстой. Тэр зорилго нь тодорхой байх ёстой” гэдэг үгээр нийтлэлээ төгсгөе. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/Sep-Oct

Уурхайнуудад хамгаалалт хэрэгтэй байна

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine