Түүхий эд - Газрын ховор элемент

Америкчууд газрын ховор элементийн эрэлд

2019  |  October   |  023

Хятадын газрын ховор элементийн хамаарлаас гарах гарцыг Пентагон эрэлхийлж байна. Эхний ээлжинд тэд геополитикийн нүүдлүүд хийж эхлээд байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам нь газрын ховор элементийн нийлүү­лэлтийн Хятадаас хараат байдлыг бууруу­лахын тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэг­дүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байгаа тухай Пентагон өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байв. Долдугаар сарын сүүлээр Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч эл ашигт малтмалыг олж авах арай дөнгүүр арга бодож олохыг Пентагонд үүрэгдэхдээ хэлсэнчлэн АНУ-д хамгийн чухал газрын ховор элемент болох самарий, кобальт үйлдвэрлэх хангалттай хүчин чадал байхгүй. Үүнгүйгээр пуужин, ухаалаг тэсрэх бөмбөг болон агаарын сөнөөгч онгоцны үйлдвэрлэл үгүй. Тийм учраас Батлан хамгаалахын яам газрын ховор элементийн хүртээмжид ингэтэл ач холбогдол өгч байгаа хэрэг. 

АНУ-ын Төрийн департаментаас баталсан Газрын ховор элементийн жагсаалтад iPhone ухаалаг гар утаснаас эхлээд цахилгаан автомаши­ны хөдөлгүүр, цаашлаад агаарын сөнөөгч онгоцны хөдөлгүүр, хиймэл дагуул, лазерын үйлдвэрлэлд чухал орц болдог 17 химийн элементийг багтааж үздэг. 2004-2007 оны хооронд АНУ-ын газрын ховор элементийн импортын 80 хувийг Хятад нийлүүлсэн байдаг. Түүнчлэн газрын ховор элемент боловсруулах дэлхийн нийт хүчин чадлын 80 гаруй хувь нь зөвхөн Хятадад буй. Энэ давуу байдлыг Бээжин худалдааны маргаанд ашигтай нөхцөл үүсгэхийн тулд ашиглах болсон юм. Тавдугаар сард худалдааны талаар хэлэлцээр бүтэлгүйтсэний дараа БНХАУ-ын дарга Си Жиньпин дотоодын боловсруулах үйлдвэрүүдээр зочилж, АНУ руу хийх экспортын хэмжээгээ ихээхэн танасан.

Газрын ховор элементийн төслүүд өртгийн сүлжээний хувьд Хятадын хамаарлаас зугтах боломжгүй

Калифорнид байдаг Маунтайн Пасс газрын ховор элементийн уурхай нь өнөөдөр АНУ-д ашиглаг­даж байгаа ганц бөгөөд асар их нөөцтэй орд. Гэхдээ гол асуудал нөөцийн хэмжээнд бус боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд байгаа юм. АНУ-д боловсруулах үйлдвэр байдаггүй. Тус ордын эзэмшигч “MP Materials” компани жил бүр 50 мянган тонн баяжмалыг боловсруулахаар Хятад руу илгээдэг. Харин БНХАУ худалдааны дайн эхэлснээс хойш энэхүү импортод 25 хувийн татвар ногдуулж байгаа.  

Одоогоор АНУ-д гурван компани газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаагаас нэг нь ирэх жил Маунтайн Пасс уурхайд ашиглалтад орж, жилд ойролцоогоор хоёр төрлийн, 5 мянган тонн газрын ховор элемент боловсруулж гаргах аж. Үлдэж буй хоёрынх нь хувьд 2022 оноос нааш ашиглалтад орох найдвар алга.  

Худалдааны дайныг эцэслэх найдлага болж буй хэлэлцээ хэрхэх нь тодорхойгүй байгаагаас гадна цаашид ахин ийм нөхцөл байдалд орохгүй байх бодлогын алхмуудыг АНУ далайцтай хүрээнд хийж байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч Доналт Трамп Канад улсад хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Жастин Трудотой уулзаж, газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцжээ. Энэ тухай Канадын Ерөнхий сайд өөрөө хэвлэл мэдээллийнхэнд ам нээсэн байна. Хоёр улсын хооронд үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө боловсруулж байгаа тухай ч эх сурвалжууд мэдээлжээ. 

“Технологийн чухал ач холбог­долтой эрдэс баялгаар найдвартай хангах нь манай ашиг сонирхолд нийцэж буй бөгөөд манай Засгийн газар яриа хэлцэлд оройлон оролцож байна. Орчин үеийн технологид зайлш­гүй шаардлагатай олон төр­лийн ховор элементээр Канад улс баялаг” гэж Жастин Трудо ярьжээ. Уран, лити, кобальт зэрэг ашигт малтмалын олборлолтыг тогтворжуулах боломжийн талаар хэлэлцэх уулзалтуудыг Канадын өндөр албан тушаалтнууд долдугаар сараас хойш хэд хэдэн удаа зохион байгуулсан аж.

Канадаас гадна Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой мөн газрын ховор элементийн найдвартай нийлүүлэлтийн асуудлыг Доналд Трамп хэлэлцсэн байна. Түүнчлэн тодорхой төлөвлөгөө гаргаж Скотт Моррисонг Цагаан ордонд зочлох үеэр хуванцар хаягдлын менежмент, сансрын хамтын ажиллагаа зэрэг асуудлын хамт хэлэлцэх төлөвлөгөөнд тусгасан байжээ.

“Хоёр улс газрын ховор элементийн дэлхийн нийлүүлэлтийг найдвартай тогтвортой болгох нь зүйтэй гэдэгт нэгдмэл ашиг сонирхолтой байгаа” хэмээн Австралийн албаны төлөөлөгч мэдээлжээ. “Төлөвлөгөөний зорилго нь уг ашигт малтмалын дэлхийн нийлүүлэлт аливаа нэгэн шок, гаднын нөлөөнд амар өртөхөөргүй тогтвортой, найдвартай байдлыг хангах явдал юм” гэсэн байна.

Үүнээс гадна АНУ-ын Батлан хамгаалах яам Австрали Улстай газрын ховор элемент боловсруулах үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиролцсон тухай Пентагон өнгөрсөн наймдугаар сард мэдээлжээ. Гэхдээ төлөвлөгөөний талаар Цагаан ордон албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна. 

Австралийн Lynas Corp компани, Хятадыг үл тооцвол дэлхийн хамгийн том олборлогч Техаст нэгэн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн барилгын ажлыг эхлүүлэх санхүүжилтийг АНУ-ын Засгийн газраас авах боломж өнгөрсөн наймдугаар сард нээгдсэн гэж компанийн Гүйцэтгэх захирал Аманда Лаказе ярьжээ. Австрали нь газрын ховор элементийн дэлхий дээр тогтоогдсон нөөцийн 2.8 хувийг агуулдаг боловч дэлхий дахинаа хэрэгжиж байгаа шинэ төслүүдийн талаас илүү хувь нь тус улсад бий. 

Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөг­чийн тарьсан ээлжит нэг шуугиан нь Гринландыг худалдаж авах тухай юм. Гринландыг худалдан авах нь ердөө Ерөнхийлөгч Доналд Трампад төрсөн хийсвэрлэл байж болох ч тус арлын нөөцийг бодож үзвэл АНУ-ын сонирхол үнэхээр бодитой. Гринланд нь 38.5 сая тонн газрын ховор элементийн оксидын нөөцтэй. Үүнийг хасаж тооцвол дэлхийн бусад газрын ховор элементийн нөөц нийлээд 120 сая тонн гэхээр хэр их боломж байгаа нь тодорхой. 

Гринландад ашигтай байршилд олборлолт явуулахаар болоод буй хоёр компанийн нэг болох Австралийн “Tanbreez Mining”-ийн хувьд АНУ болон Европын улсууд Хятадаас бусад улсын бүтээгдэхүүнд өрсөлдөхүйц үнэ санал болгож буй тул Хятадаас ямар ч хамааралгүйгээр ашиглах боломжтой гэнэ. Компанийн ахлах геологич Грег Барнесын үзэж буйгаар “Ордоос олборлох хүдэр нь фтор мэт бохирдуулагч бодис агуул­даггүй, гойд чанартай тул Хятадын боловсруулах үйлдвэрүүдийн орол­цоогүйгээр бага зардлаар өндөр өгөөжтэй бүтээгдэхүүн боловс­руулан гаргах боломжтой” гэжээ. 

Гэсэн хэдий ч салбарын шинжээчид газрын ховор элементийн төслүүд нь өртгийн сүлжээний хувьд Хятадын хамаарлаас зугтах боломжгүй гэж үзэж байна. Аалборг Их сургуулийн судлаач Патрик Андерссон хэлэхдээ “Хятадын компаниуд нь эрдэс бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох бүх төрлийн технологиор тэргүүлж байгаагийн дээр хамгийн том зах зээл. Тиймээс Хятадын технологийн ямар ч оролцоогүй төсөл амжилтад хүрнэ гэдгийг төсөөлөхөд бэрх юм” гэжээ. Гринландад газрын ховор элемент олборлох нөгөө нэг компани “Greenland Minerals” группын хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын “Shenghe Resources” юм.

Газрын ховор элементийн эрэлд явж, нийлүүлэлтээ тогтворжуулах гэсэн АНУ-ын бодлогыг Монгол Улс ч ашиглах бүрэн боломжтой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд хоёр улс Стратегийн түншлэл байгуулж байгаагаа зарласан. Дэлхийн хамгийн том эдийн засаг 13 тэрбум ам.долларын ДНБ-тэй харилцаагаа шат ахиулж буй үндсэн шалтгаан нь газрын ховор элемент гэж харвал шалтгаан, нөхцөл нь харьцангуй үнэмшилтэй болно. 

Монголд газрын ховор элементийн ордын ашиглалт нь шинэ салбар бөгөөд эхний хөрөнгө оруулалтууд хийгдээд байгаа. 2013 оны байдлаар 1.3 сая тонн нөөцтэй хэмээн таамагласан байдаг бөгөөд хайгуул, судалгааны ажил бага хийгдсэн юм. Хэрэв энэ салбарт АНУ-ын аварга компаниудыг татаж чадвал Монгол Улсын хувьд олон бодлогыг огтлолцуулсан чухал явдал болох нь гарцаагүй юм. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах