Эдийн засаг - Хэлэлцүүлэг

Дотоод эрсдэл хамгийн том аюул...

2019  |  October   |  023

АНУ, Хятадын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал үүсэж, экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарч байгааг Дэлхийн банк онцолсон. Тэр дундаа Хятадын эрэлт саарч, бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг тодотгож байна. Харин Олон Улсын Валютын Сан дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний энэ оны өсөлтийн таамгийг 0.2 хувиар бууруулж, 2.4 хувь болголоо. Харин БНХАУ-ынхыг 6.1 хувиас 5.8 хувь болгож бууруулжээ. Энэ мэтчилэн олон улсын судалгааны байгууллагуудын дүгнэлт дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлтийг бууруулж тооцож байгаа юм. “Худалдааны дайн ба эдийн засгийн эрсдэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагчдын байр суурийг хүргэе. 

Хөтлөгч Б.Батманлай: Олон улсын судалгааны байгууллагууд гадаад гол эрсдэлүүдийг тооцож, анхааруулж байна. Эдгээр эрсдэл манай улсад нөлөөллөө хэрхэн үзүүлэх бол. Та бүхний байр суурь ямар байна вэ? 

Эдийн засагч Н.Энхбаяр: АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй Худалдааны дайн багагүй хугацааг үдэж байна. Дан ганц худалдааны дайн бус технологийн дайн ч өрнөж байгаа. Харин Монгол Улсын хувьд манайд ямар нөлөөлөл ирэх бол гэдгийг маш сайн бодолцох ёстой. Ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг хариуцаж байгаа Монголбанк, Сангийн яам судалгаа маш сайн хийж, бодлогоо боловсруулах хэрэгтэй байна. Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх эсэх нь тоонд суурилагдаж гарах ёстой. Ингэснээр гадаад худалдааны талаарх бодит тоон үзүүлэлт, нөлөөлөл нь тодорхой болно. 

Эдийн засагч Ш.Алтанцэцэг: 2008-2010, 2013-2015 оны эдийн засгийн хүндрэл өөр өөрийн онцлогтой байсан. 2013-2015 оны хямрал бол цэвэр металлын үнийн шокноос үүссэн. Харин энэ удаа дэлхийн хэмжээний хямрал болох уу,  үгүй юү гэдгийг хэлэхэд эрт байна. Хэрвээ боллоо гэхэд хямралын шалтгаан сэдэл нь өмнөхөөсөө өөр байх болно. Үүний гол шалтгаан Худалдааны дайн байж болзошгүй байна. Хамгийн том эдийн засагтай орнуудын хооронд үүссэн худалдааны маргаан нь цаашид үргэлжилбэл дэлхийн нийтийн эдийн засгийн идэвхжилтийг сааруулна. Харин манай улсын хувьд Хятад руу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, эдийн засгийн өсөлтөө хангадаг. Хэрэв металлын үнэ буурвал бидэнд томоохон цохилт ирэх болно. Мөн Монгол Улсын өрийн хэмжээ маш өндөр байна. Хэрвээ экспорт буурсан тохиолдолд хэцүүднэ. Учир нь манай улсын экспортын 80 хувийг түүхий эдийн экспорт эзэлдэг. Нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь нь ганцхан Оюутолгой төслөөс орж ирж байна. Энэ нь эргээд манай эдийн засгийг гадаад шок, савалгаа бүхэнд эмзэг болгодог. Тиймээс Хятадын дотоодын импортын эрэлт нь буурвал бид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Тиймээс мөнгөний бодлогын сахилга батыг чанд сахих хэрэгтэй. Ирэх онд ОУВС-ийн хөтөлбөр дуусахад яах вэ. Үүнийг одооноос сайтар бодолцож бодлогын алх­мууд хийх хэрэгтэй байна. Эдгээр нь далайцтай, шуурхай байх ёстой. 

ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс: Гаргалгаа нь улиг болтол яригдсан эдийн засгийн төрөлжилт шүү дээ. Гэтэл төрөлжүүлж байна гээд баахан үр ашиггүй төсөлд хөрөнгө зарцуулчихдаг. 

Засаглалаасаа болоод ийм байдалтай явсаар л байна. Уул уурхайгаас олсон орлогынхоо зарим хэсгийг “Ирээдүйн өв сан”-даа төвлөрүүлэх ёстой. Орлогынхоо засаглалыг сайжруулахгүй байж бид мянга эрсдэл яриад үр дүнд хүрэхгүй. Яг үнэндээ арван жил ярилаа шүү дээ. Энэ хугацаанд эрсдэлүүд нь өөрчлөгдөөгүй. Худалдааны дайн гээд л яриад байна. АНУ нь Хятадаас авч байгаа 550 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд шинээр тариф оногдуулж байгаа. Харин Хятад нь АНУ-аас орж ирж байгаа 180 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тариф оногдуулж байгаа л асуудал. Гол нь Хятадын нүүрсний бодлого нь юу билээ. Эрсдэлүүд нь байсаар л ирсэн. Тухайлбал, нүүрсний импортдоо жил бүр хязгаарлалт тогтоодог. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хөтлөгч Б.Батманлай: Гадаад орчин хувьсан өөрчлөгдөж байна. Гэвч бид хийх ёстой зүйлээ таатай цаг үеүдэд хийж чадсангүй шүү дээ? 

СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан: Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Олон төв банк бодлогын хүүгээ буурууллаа. Худалдааны дайнд Хятад эхнээс нь яг адилхан хариу арга хэмжээ авч байгаад дунд үеэс нь арай хүлээцтэй хандаж эхэлсэн байдаг. Тиймээс энэ Худалдааны дайн бидний эмээгээд байгаа эрсдэлийг авчрах нь тодорхой. Үүн дээр олон судалгааны ажил хийгдээд эхэлсэн байна. Манайх шиг эрдэс баялагаас хамааралтай улс орнуудад сөрөг нөлөөтэй. Харин Зүүн өмнөд Азийн Индонез, Вьетнам мэтийн үйлдвэрлэл хөгжиж байгаа орнууд АНУ-д Хятадын нийлүүлэх байсан 500 орчим тэрбум ам.долларын бүтээгдэхүүний зөрүүн дээр тоглолт хийх боломжтой болж байна. 

Дэлхийн эдийн засгийн хямралд Худалдааны дайн нөлөөлнө гэж үзэж байгаа үед Монгол Улс үүний эсрэг юу ч хийхгүй байгаа нь хамгийн том эрсдэл болоод байна. Төсвийн бодлого бараг эсрэгээрээ явж байгаа нь харамсалтай. Гадаад эрсдэл гэхээсээ илүү дотоод эрсдэлээ хамгаалах нь чухал болов уу. 

Хөтлөгч Б.Батманлай: Гадаад эрсдэл гэхээсээ илүү дотоод асуудлаа цэгцлэх хэрэгтэй гэж байна. Өнгөрсөн хугацаанд манай эдийн засагт дорвитой өөрчлөлт гарсангүй. Бид юун дээр илүү төвлөрөх ёстой вэ? 

Эдийн засагч Н.Энхбаяр: Бидний хамгийн түрүүнд удирдаж болох арга бол төсөв, мөнгөний бодлого шүү дээ. Бид гадаад өр төлбөрөө төлөхдөө бэлдэх ёстой. Одоогоос гурван жилийн өмнө Туушин зочид буудалд хэлэлцүүлэг хийгээд өмнөх жилүүдэд төсвийн алдагдлыг бууруулахад юу хийсэн бэ гэдэг тухай ярьж байлаа. Тэр үеэ бодвол өнөөдөр төсвийн алдагдлаа бууруулах зорилт тавиад явж байна. Гэхдээ УИХ-д өргөн барьсан 2020 оны Төсвийн тухай хуулийн төслөөс харахад зарлагын өсөлт бас л өндөр байна. Энэ нь Монгол шиг жижиг эдийн засагтай улсад том хэмжээ. 

Мөн 2019 оны дутуу санхүүжигд­сэн объект 2020 оны төсвийн санхүүжилт дээр нэмэгдэж, мөн л ачаалал болно. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зарлагаа багасгах тал дээр сайн ажиллах хэрэгтэй. Алдагдлаа бага байлгаж байж эрсдэлээ даван туулна. 2020 он сонгуулийн жил гэдгийг бодох ёстой. Түүнчлэн ирэх онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ үед ямар ч алхмууд хийгдэх юм билээ. Энэ бүгдийг бодолцох хэрэгтэй байх. 

ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс: Хэчнээн гоё, сайн өрийн стратеги баталсан ч ялгаагүй өчнөөн их наяд төгрөгийг өрийнхөө хүүнд өгч байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг цаашид чангалах ёстой. Жишээ нь, төсвийн хөрөнгө оруулалтыг батлахдаа 1.5 их наяд төгрөг гээд маш өндөр тавьчихдаг. Тэгээд хэрэгжилт нь 700 тэрбум төгрөг. Үлдсэн нь дараа он руугаа шилждэг. Зураг төслөө хийгээгүй байж баахан мөнгийг төсөвтөө суулгачихдаг. Тэгээд цаасан дээр бөөн алдаа. Үүнийгээ цэгцлэх ёстой болсон  байх. Төсвийн алдагдлыг тэг хувь болгох хэрэгтэй байх аа. 

Эдийн засагч Ш.Алтанцэцэг: Олон  улсын байгууллагуудын дүгнэлтүүдэд манай улс төрийн тодорхойгүй байдал, засаглалын талаар их бичих болж. Төсөв, мөнгө­ний бодлогоо боловсруулахдаа аль болох өөрсдөөс хамаарах эрсдэлүүдээ бууруулсан, 2021 оны өр төлбөрт бэлдэж, эмзэг хараат байдлаа бууруулах чиглэлд ажиллах нь чухал болов уу. 

СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан:  Төсвийн бодлого зорилго чиглэлгүй гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Орлого гээд нэг тоо тавьчихаад тэрэндээ хүрэхгүй байсан ч хамаагүй. Ямар үр дагавар авчрах нь тодорхойгүй. Хөрөнгө оруулалт нь үр ашиг багатай. Нэн тэргүүнд Монгол Улсад шаардлагатай хөрөнгө оруулалтыг сонгох тал дээрээ таг. Халамжийн бодлогын алдааг улам л давтаад байна. Хэрвээ үүнийг зогсооё гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа өрийн удирдлага, дүрэм, журмаа хатуу чанд барих ёстой. Гэтэл үүнд улс төрийн шийдвэр гаргалт давамгайлаад байгаа учраас төвөгтэй байна.  

ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс: Төлөвлөгөөгөөр “Ирээдүйн өв сан”-д нэг их наяд төгрөг цуглах ёстой. Гэтэл нөгөө талдаа манай Засгийн газрын өр байна. Харин ОУВС-гийн зүгээс “Та нар мөнгөө хадгалахынхаа оронд нь өрөө төл гэдэг. Байж болох хувилбар ч яг үнэндээ манайх сайн засаглалтай орон биш. Хүчээр уул уурхайн ашгаасаа хадгалаад өрийн удирдлагаа зөв хийх ёстой юм байна гэдэг бодолтой байгаа. Энэ асуудал удахгүй хүчтэй сөхөгдөх байх. 

Эдийн засагч Н.Энхбаяр: Өнөөдрийн манай нийгэмд шүдний эмч нь шүдний эмчээ, инженер нь инженерээ хийгээд л явах хэрэгтэй байна. Өөр ямар нэг ажил руу давхиж очоод байх хэрэггүй. 

Хөтлөгч Б.Батманлай: Бид эрсдэлээ даван туулах арга хэрэгслүүдийн талаар ярьж байна. Эдгээр арга хэрэгсэл эрсдэлээ хааж чадах болов уу?

Эдийн засагч Н.Энхбаяр: Олон улсын байгууллагын тайлангуудад болзошгүй хүдрэлүүдийн талаар зөвлөгөө өгдөг. “Түүхий эдийн үнэ чинь унах гэж байна шүү. Төсвийн алдагдал чинь нэмэгдэж байна шүү” гэж хэлсээр ирсэн. ОУВС-гийн өнгөрсөн долдугаар сард гаргасан тайланд гадаад зах зээлийн эрсдэлүүдийг бичсэн байгаа. “Экспорт чинь найдвартай биш ээ” гээд байхад л “Үгүй ээ, экспорт өснө” гээд л ямар ч баримжаагүй, хөндлөн бодлого гаргаад байна. Бодит байдал дээр үнэнд гүйцэг­дээд байгаа юм. Дотооддоо биш олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг авч бодлого боловсруулахдаа ашиглаж байхгүй бол ирэх жилүүдэд гарч болзошгүй санхүүгийн хямрал тун хүнд тусаж болзошгүй. Энэ цаг үеийн төрийн алба хашиж байгаа хүмүүс дараагийнхаа үед өрөнд живчихээгүй, дампуурчихаагүй улс орныг хүлээлгэж өгөх нь чухал байна. Хэн ямар албан тушаал хаших нь нэг их сонин биш. 

 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/01

Зохиомол хямрал

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine