Үйл явдал - Бизнес

Хямралыг сөрөх төрийн бодлогыг “хайв”

2019  |  October   |  023

Ирэх жилүүдэд эдийн засаг гүнзгий хямарч болзошгүй талаар эдийн засагчид санаа зовнингуй байна. АНУ, Хятадын худалдааны дайн зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамааран дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт саарч байгааг олон улсын судалгааны байгууллагууд идэвхтэй анхааруулж эхэлсэн. Тэр дундаа Хятадын зах зээлээс хүчтэй хамааралтай манай эдийн засаг томоохон эрсдэлтэй нүүр тулж мэдэхээр байна. 2016 онд 1.2 хувь болтлоо буурч байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр 7.3 хувийн өсөлт үзүүлсэн ч хэзээ мөдгүй ангал руу унахад бэлэн нөхцөл байдалд байна. Хамгийн найдваргүй, тодорхой биш орнуудыг хамруулдаг “Саарал жагсаалт”-д орсон нь үүнийг илтгэнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, хэрэглээ нь багасах төдийд л эвгүйддэг эдийн засагтай.

Худалдааны дайн болон бусад хүчин зүйл дэлхийн эдийн засгийн хямралд нөлөөлнө гэж үзэж байгаа үед Монгол Улс эрсдэлийг бууруулах алхам хийхгүй байгаа нь хамгийн том асуудал гэдгийг эдийн засагчид анхааруулж байна. Захын жишээ гэвэл, УИХ-д өргөн барьсан 2020 оны Төсвийн төслийн зарлага маш өндөр тавигджээ. Орлого нь 11.8 их наяд байхад зарлага нь 14 их наяд төгрөг. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай гэсэн үг. Энэхүү алдагдлыг ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд нөхнө гэж төсөөлж байгаа ч Валютын сан хөтөлбөрөө үргэлжлүүлэхдээ эргэлзэх болсон нь нууц биш. 

Мэдээж, сурсан зангаараа уул уурхайгаас маш их орлого олно гэсэн мөрөөдлөө орхиогүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг эрүүл байлгахын төлөө байнгын зөвлөгөө өгдөг ч УИХ, Засгийн газар нь тэдгээр дүгнэлтийг үл ойшоож, эсрэг шийдвэр гаргадаг учраас дотоод эрсдэл улам даамжирсаар байна. Гол нь гадаад эрсдэл гэхээсээ илүү дотоод эрсдэлдээ анхаарах хэрэгтэй гэдгийг Монголын хамгийн нөлөө бүхий эдийн засагчид анхааруулж байгаа юм. 

Манайх шиг бүх шатандаа авлигад идэгдсэн, популист, шийдвэр гаргагчид нь эдийн засгийн ямар ч мэдлэггүй оронд энэ нь хамгийн том эрсдэл болоод байна гэдгийг  Блумбергийн эдийн засагчдын клубын гишүүд тодотгов. Тус клубынхан аравдугаар сарын 4-нд цуглаж, “Бизнесийн орчин форум”-аа зохион байгуулсан юм. Тэд “Худалдааны дайн ба эдийн засгийн эрсдэл”, “Монгол Улсад бизнес эрхлэх боломж ба хязгаар”, “Монгол Улсад хөрөнгө оруулах эрх зүйн орчин” гэсэн гурван сэдвийн хүрээнд  хэлэлцүүлэг өрнүүлж, гарц, шийдэл хайлаа. 

Форумд Блумбергийн эдийн засагчдын клубийн гишүүн ЭЗСЭШХ-ийн захирал Б.Түвшинтөгс, СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга Р.Амаржаргал, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, “Делойтт Онч Аудит” компанийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Н.Энхбаяр, Б.Лхагважав, Д.Ганболд, Ц.Даваадорж болон бизнесийн төлөөлөл болсон “Монгол нүүрс” ассоциацийн захирал Ж.Золжаргал, “Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат нар оролцов.

Монголд бизнесийн орчин ямар байна вэ

Монгол Улс өдий хүртэл хөрөнгө оруулалтын таатай орчин, тогтвор­той байдлыг хангах талаар улиг болтлоо ярьж, бодлого гаргаж, олон ажил төлөвлөдөг ч бодитой үр дүнд хүрээгүй л байна. Засаад, сайжруулаад, дэмжээд өгөх болов уу хэмээн горьдлого тээн дэмжсэн улс төрчид нь орон гаран шийдвэрүүд гаргаж, хэдэн компаниудаа бөмбөгнүүлж, амар тайван бизнес хийх бололцоог нь бүр хааж орхидог. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, айлгах нь энхүүхэнд. Энэ замналаар 27 жил явж иржээ. Дээрдэж гийгүүлсэн зүйл ховор тохиолдоно. 

Өмчийг хамгаалах хууль гараагүй учраас улс төрийн хамгийн өндөр эрх мэдэлд очсон хүмүүс хувааж авдаг болчихсон

Яг л энэ байдлыг “Монгол Улсад хөрөнгө оруулах эрх зүйн орчин” хэлэлцүүлгийн үеэр эдийн засагчид хөндөж байлаа. “Ямар ард иргэд байна. Тийм төр байна” гэдэг үгийг мөн гээгээгүй юм. Тухайлбал, уул уурхайн салбарын бодлого маш тодорхой байх ёстой. Хүссэн хөрөнгө оруулагч нь мөнгөө бариад ирдэг байхын тулд хууль, журам нь тодорхой, тогтвортой байх хэрэгтэй байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулаад ажиллаад явж байтал УИХ, Засгийн газар нь бодлогоо гэнэт өөрчилж орхино. Хэрвээ ямар нэгэн юм болохгүй бол бизнесийг хааж боохоо урьтал болгодог. Нийгмийн бүх анхаарлыг тэр зүг рүү хандуулж, болохгүй бүтэхгүй бүхний бурууг наагаад олигарх, авлигач мэтээр ард түмэндээ ойлгуулчихдаг. Тэгээд өөрсдөө илрүүлж, засах гэж буй ардын баатрын дүрд тоглодог. Ийм байдал сонгуулийн мөчлөгөөр давтагдаад байхаар гаднын хөрөнгө оруулагчид нь бизнесээ орхиод арилаад өгнө. Харин дотоодын хэд нь гомдож хоцорно. Энэ бол Монголын бизнесийн орчин ямар байгаагийн үндсэн төрх. 

Эдийн засагч Б.Лхагважав “Төр компаниуддаа ажил хийх эрхийг нь өгчихөөд дараа нь зангаа хувиргадаг. Төртэй тохиролцож авсан эрхийн бичиг шүү дээ. Тэр эрхийнхээ төлөө манай уул уурхайн салбарынхан тэмцэж чадахгүй байна. Сүүлийн 27 жил Өмчийг хамгаалах хууль гараагүй учраас зөвхөн улс төрийн хамгийн өндөр эрх мэдэлд очсон хүмүүс хувааж авдаг болчихсон. Өнөөдөр Оюутолгойн гэрээг хурдан явуулаад далд уурхайг ашиглалтад оруулж чадвал, ирэх арван жилийн дотор банкны системээ авч үлдэх гээд байна. Гэтэл МАХН-ын Н.Энхбаяр, С.Ганбаатар мэтийн хүмүүс “Үнэгүй орон сууц өгнө” гээд явж байна. Энэ чинь дампуурал шүү дээ. Их сургуулийн судлаачид, эрдэмтэд ийм л зүйл дээр тас цохиж чадахгүй бол мэргэжилтэн байгаад хэрэггүй.” гээд Монголтой ижил гурван сая хүн амтай Армен улсын бизнесийн орчноо сайжруулсан туршлагын талаар хуваалцав. “Би саяхан Армен улс руу яваад ирлээ. Энэ улс 30 жил авлигалдаа идэгдсэн байсан. Гэтэл залуу ерөнхийлөгч гарч ирээд 20 гаруй насны залуучуудыг сайдаар тавьсан байгаа юм. “Одоо л нутагтаа очиж бизнес хиймээр байна” гэж гадаадад байдаг иргэд нь хэлж байна. ” гэж тэрбээр ярив.  

Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь мэдлэг, чадвартай байхын зэрэгцээ хариуцлага хүлээдэг байх ёстой

СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга Р.Амаржаргал “Эдийн засаг болохоо байлаа. Нотлоод орхи” гэвэл амархан нотолж болно. Харин “Бид аль өнцгөөс нь харах, хэрхэн хийсвэрлэх, тэр нь ямар зорилготой байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь  тодорхой үр дүнтэй байх болов уу гэж бодогдож байна. Ний нуугуй хэлэхэд мэдэхгүй л байгаа шүү дээ. Тэгээд л өөрчилдөг. Хүний нүдэнд ил харагдаад байгаа зүйлийг олж харж чадахгүй байгаа. Яагаад тогтвортой байлгаж чадахгүй байна вэ гэдэг нь олон зүйлээс хамааралтай. Нэг бол цагаан, эсвэл хар. Нэг бол манайх, нэг бол танайх гэдэг туйлширсан хандлагуудаасаа холхон байх хэрэгтэй л дээ” хэмээн бизнесийн орчны төрхийг тодорхой зурагласан юм. 

Хөрөнгө оруулагчдыг үргээсэн Монголын алдаа олон улсад муугийн жишээ болж явна. Нигер Улсын парламентад “Монгол шиг байж болохгүй шүү” гэж нэгэн улстөрч нь уриалжээ. Үүнийг эдийн засагч Д.Ганболд өгүүлэв. Тэрбээр “Өнөөдөр эдийн засаг яриад нэмэргүй. Гадаадын судалгааны байгууллагууд юм бичиж өгөөд байхад биелүүлэхгүй байгаа хүмүүс өнөөдрийн бидний ярьж байгаа зүйлийг тоохгүй. Тэгээд хамгийн муу, хамгийн дампуурсан орнуудын хийдэг зүйлийг шилж, сонгож аваад хэрэгжүүлээд байна. 

Гадаад эрсдэл гэж ярихаа болъё. Бүх эрсдэл дотооддоо байна. ЖДҮ-ийн хэдэн төгрөгийг УИХ-ын гишүүд нь аваад идчихсэн байхад хэн юу хэлсэн юм. Буугаад өгчихсөн. Гэтэл энэ мануухайнууд хуульд өөрчлөлт хийнэ гэдэг л ажил хийж байна. Өөр өөрсдийн салбараа мэддэг нэг ч хүн байхгүй. Яаж сонгуулийн мөнгөө босгох вэ гэдгээ бодоод л сууж байна шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн. 

Шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь мэдлэг, чадвартай байхын зэрэгцээ хариуцлага хүлээдэг байх ёстой. Төртэйгөө тооцоо хийж чадахгүй байгаа нь бидний хамгийн том алдаа гэдэг санааг тус хэлэлцүүлэгт  оролцсон зочид онцолж байсан юм. 

Форумын гурав дахь хэсэгт Монгол Улсад бизнес эрхлэх боломж, хязгаарын талаар хэлэлцүүлэг өрнөв. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, валютын ханшаас шалтгаалж байна. Хувийн хэвшлүүд ажлын байр бий болгож, бизнес эрхлэхийн тулд олон саад, бартааг туулах болжээ. Үр дүнд нь иргэдэд цалин өндөр, нийгмийн халамж нь баталгаажсан ажил элбэг олдохгүй байгаа нь үнэн. 

Эдийн засагчдын клубийн гишүүн Ц.Даваадорж “Ихэнх компани хэрхэн хөрөнгө, санхүү босгох вэ гэдэг асуудлыг ярьдаг байсан. Одоо бол яаж компанийн удирдлагаа төлөвшүүлэх вэ, боловсон хүчнээ бэхжүүлэх вэ гэдэг асуудал ярьдаг. Ингээд харахаар компаниуд дотоод нөөц боломжоо мэдэрдэг болж. Зах зээлийнхээ асуудлыг шийдэх гэж оролддог болсон” хэмээн бизнес эрхлэхэд тулгарч буй өөр нэг бэрх­шээлийг анхаарах ёстойг сануулсан. 

Харин “Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат “Зарим талаараа татвараас чөлөөлдөг гэх мэт таатай зүйл их бий. Ганц жишээ хэлэхэд 40-өөд улстай Давхар татварын гэрээ байгуулсан байдаг. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тал дээр бусад улс орнуудтай гэрээ хийсэн. Эрх зүйн орчны хувьд тодорхой нааштай, таатай боломжууд байгаа гэж үзэж байгаа” гэсэн юм. 

Харин МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Энхбаяр “Бизнес өөрийн гэсэн хөгжлийн зүй тогтолтой байдаг. Манай эрх зүйн орчин тогтворгүй, эрсдэл өндөртэй байдаг ч гэсэн хөгжлийн зүй тогтлоороо л явж байна. Мэдээж хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа. Хүний нөөцийн менежментийн асуудал тал дээр анхаарах хэрэгтэй. Удирдлагын бүтэц нь оновчтой байх асуудал чухал” гэдгийг онцоллоо. 

Ямартай ч компаниудад эрх зүйн орчны хувьд тодорхой нааштай, таатай боломжууд бий болж, зах зээлийнхээ асуудлыг шийдэх гэж оролддог болсныг тэдний ярианаас дүгнэж болохоор байлаа. Гол нь компаниуд хариуцлагатай, ёс зүйтэй байхаас гадна төрийн бодлого нь тодорхой, эрх зүйн орчин нь эрүүл байхад шударга бизнес хөгждөг жамтай гэдгийг тус хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагчид сануулсан юм. 



Сэтгэгдэлүүд

Шинэ дугаар 2020/03-04

Нүүрсний хямралаар ирэх нүсэр дарамтыг тэсэх үү

Захиалах

Биднийг дагах

Инфографик

2019 © Asia Mining Magazine